“Сайдын цаг” уулзалтад Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба оролцлоо
Эрүүл мэндийн салбарын засаглалыг боловсронгуй болгож, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах 2015-2016 оны зорилтынхоо талаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Өнөөгийн эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэ шатанд гаргаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахын тулд Шийдлийн Засгийн газрын Эрүүл мэнд, спортын яам нь 2015 оны хоёрдугаар сарын 13-нд Удирдах ажилтны зөвлөгөөнөө хийсэн. Зөвлөгөөнөөр Эрүүл мэндийн салбарын зохион байгуулалт үйл ажиллагааг сайжруулахаар хоёр зорилтыг тодорхойлж, зургаан чиглэлээр үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Үндсэн хоёр зорилт:
-Анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах,
-Эрүүл мэндийн засаглалын орчныг бүрдүүлэх
Зургаан чиглэл:
1.Сум, өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээг сайжруулах
2. Эрүүл мэндийн байгууллагын засаглалыг боловсронгуй болгох
3. Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг өргөтгөж, төвлөрлийг сааруулж, иргэдэд ойртуулах
4.Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх
5.Төгсөлтийн дараах сургалтыг боловсронгуй болгох
6. Эм, эмнэлгийн хэрэгслийн хангалт, худалдан авах үйл ажиллагааг боловсронгуй болгох Өнөөдөр эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байгаа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээний хүртээмж чанар муу байгаагаас иргэд анхан шатны тусламж үйлчилгээг шууд дээд шатлалын эмнэлгүүдээс авч байгаа нь ачаалал нэмэгдэх нөхцлийг бүрдүүлдэг.
Иймд өрх, сумын эрүүл мэндийн төвд үзүүлэх тусламж, үйлчилгээний нэр төрлийг олшруулах, Улаанбаатар хотын алслагдсан гэр хороололд өрхийн эмнэлгийг шинээр байгуулах, сумын эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулахаар ажиллаж байна. Энэ ажлын үр дүнд сум өрхийн түвшинд лабораторийн шинжилгээ, сэргээн засах эмчилгээ хийгдэхээс гадна гэрээр болон өрхөөр эмчилгээ хийх асуудлыг эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр шийдвэрлэхээр зорьж байна.
Эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэ шатанд гаргахын тулд эмнэлгийн засаглалыг бие даасан хууль эрх зүйн орчинтой болгох нь чухал юм. Ингэснээр хоёр ба гуравдугаар шатлалын эмнэлгийг төрийн өмчид нь хадгалан засаглалыг нь боловсронгуй болгох арга хэмжээ авна.
Үүний үр дүнд эмнэлгийн дарга нарыг салбар яамнаас томилох бус Удирдах зөвлөлтэй болгож, төсвийн захиран зарцуулах эрхийг удирдлагуудад нь шилжүүлнэ. Ингэснээр Үндэсний зөвлөлдөх хорооных нь хяналтан дор үйл ажиллагаа нь явагдана.
Түүнчлэн аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг өргөтгөж, төвлөрлийг сааруулж, иргэдэд ойртуулах асуудал салбарын шийдэх асуудлуудын тэргүүн эгнээд явж байна.
Эрүүл мэнд, спортын яамны зүгээс аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг дүрслэл оношилгооны, лабораторийн, гемодиализийн, мэс заслын эмчилгээний тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангахаар ажиллаж байна. Цаашлаад аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн харьяанд урт хугацааны сувилахуйн тусламж, үйлчилгээний нэгж бий болгож, улмаар архаг өвчтэй, хавдрын хожуу шатанд буй өвчтөнд асаргаа, сувилгаа, хөнгөвчлөх эмчилгээ хийлгэх боломжийг нэмэгдүүлнэ.
Өнөөдөр хүн амын дунд нас баралтын шалтгаан болж буй хорт хавдрын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа энэ үед мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг төв эмнэдэг, тусгай мэргэжлийн төвийн хагалгааны өрөөг орчин үеийн шаардлагад нийцүүлэн засч, тоног төхөөрөмжөөр хангана.
Улмаар мэс заслын үеийн болон дараах хүндрэл багасч, тусламж, үйлчилгээний чанар нэмэгдэж, өртөг буурах юм. Мөн Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилгыг барьж дуусгаж, ашиглалтад оруулснаар хорт хавдрын мэс заслын, туяа, хими эмчилгээ шинэ түвшинд гарна. Салбарын бодлогын хүрээнд анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулж дээд шатлалын эмнэлгүүдийн ачааллыг бууруулж, эрүүл мэндийн цогц үйлчилгээг үзүүлэхэд мэргэжлийн боловсон хүчний нөөц, ур чадварыг нэмэгдүүлэх шаардлага тулгарна.
Иймд төгсөлтийн дараах сургалтыг төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд төвлөрүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр ерөнхий болон төрөлжсөн мэргэжлийн эмч нарын мэдлэг, ур чадвар, хандлага сайжирна. Өнөөдөр эм эмнэлгийн хэрэгслийн худалдан авалт аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг тус бүр дээр зарлагдан явагдаж байгаа нь эм эмнэлгийн хэрэгслийн үнийн тогтворгүй байдал, үнийн өсөлтөд нөлөөлж буй гол шалтгаан болж байгаа юм. Иймд эм эмнэлгийн хэрэгслийн хангалт, худалдан авалтад шинэ арга барилыг нэвтрүүлнэ.
Ингэснээр эм, эмнэлгийн хэрэгслийг ерөнхий худалдан авалтаар явуулах ажлыг үе шаттайгаар эхлүүлэх юм. Сумын эрүүл мэндийн төв, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд амбулатороор үйлчлэх өөрийн эмийн сантай болно. Мөн ЭМДС-аас санхүүжүүлэх өндөр өртөгтэй эм, эмчилгээний зардлын нэр төрлийг олшруулна. Ингэснээр төрийн өмчит эмнэлэг, иргэд чанартай эм эмнэлгийн хэрэгслийг хямд үнээр авах боломж бүрдэнэ гэж Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба сэтгүүлчидтэй уулзах үеэрээ ярилаа.