Хөгжлийн бодлогоо хэрхэн тууштай хэрэгжүүлэхийг хуульчилж өгөх хэрэгтэй
УИХ-ын гишүүн С.Бямбацогт,
2015.04.01

Хөгжлийн бодлогоо хэрхэн тууштай хэрэгжүүлэхийг хуульчилж өгөх хэрэгтэй

Төрийн байгуулалтын Байнгын хороо болон “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг боловсруулах” ажлын хэсэг “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого-2015-2040” төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулсан.

Тус ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Н.Батцэрэг, С.Дэмбэрэл нар томилогдсон юм. УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Монгол Улс хөгжлийн урт хугацааны бодлоготой байхын давуу тал, үр дүнгийн талаар тодрууллаа.

 -Урт хугацааны хөгжлийн бодлоготой байснаар улс оронд ямар эерэг нөлөө үзүүлэх вэ?

Хөгжлийн урт хугацааны бодлого гэж 10 жилээс дээш хугацааг хэлдэг. Монгол Улсын урт хугацааны бодлогыг тодорхойлъё гэдэг зорилгоор УИХ ажлын хэсэг байгуулсан. Бодлогоо ард иргэд, төрийн байгууллага, улс төрчид, намууд нь улстөржихгүйгээр хэрэгжүүлдэг тогтолцоог бий болгох юм. 1990 оноос хойш хөгжлийн урт хугацааны бодлого төлөвлөгөө гаргаад түүндээ зорьж тэмүүлж, ажиллаж байсангүй.

Сонгуулиас сонгуулийн хооронд намын мөрийн хөтөлбөр дэвшүүлэн, түүнийгээ хэрэгжүүлж ирсэн. Сонгуульд ялсан нам нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэн ажилладаг. Дараагийн сонгуулиар өөр нам гарч дахин өөрсдийн бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлдэг. Иймэрхүү байдлаар сүүлийн 25 жил манай улс явж ирсэн. Энэ нь улсын хөгжилд сөргөөр нөлөөлдөг юм байна.

Хэт их улстөржилт, бодлого нь тогтворгүй, байнга өөрчлөгдөж байгаа энэ байдал улс орны хөгжлийг хойш татдагийг бид мэдэрлээ. Тиймээс бид Монгол Улсын нэг л хөгжлийн урт хугацааны бодлоготой болох хэрэгтэй. Үүнийгээ урт хугацаанд, хэрхэн амжилттай хэрэгжүүлэх вэ гэдгийг улс төрийн намууд нь хэлэлцдэг, түүгээр сонгуульд өрсөлддөг байя гэсэн үүднээс УИХ ажлын хэсэг байгуулсан.

Өнгөрсөн долоо хоногт бид орон нутгийн удирдлагуудтай хэлэлцүүлэг хийсэн. Одоо ажлын хэсэг дээр анхны хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Дөрөвдүгээр сарын 4-нд хувийн хэвшлийнхэнтэй хэлэлцээд, бүх талын байр суурь, санаа бодлыг тусгасан бодлогын бичиг баримтаа гаргаад УИХ-д өргөн барина. 

-Манай улс хөгжлийн бодлогогүй явсаар ирсэн гэсэн үг үү?

Өмнө нь Мянганы хөгжлийн зорилт, Үндэсний хөгжлийн цогц бодлогыг бид 2008 онд баталсан. Харамсалтай нь үүнийгээ бид батлаад л мартдаг. Монгол Улсад УИХ, Засгийн газар, аймаг орон нутгийн ИТХ-ын баталсан 400 гаруй хөтөлбөр бий. Эдгээр нь хоорондоо уялддаггүй, хэрэгждэггүй.  

Урт хугацааны хөгжлийн бодлогоо хэрхэн тууштай хэрэгжүүлэх вэ гэдгийг хуульчилж өгөх хэрэгтэй.Бодлого гаргахаас гадна Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль дээр ажлын хэсэг гарган ажиллаж байна. Үүн дотор таван үндсэн чиглэл 26 зорилтыг тусгаж өгч байгаа.