Д.Сумъяабазар гишүүний сануулга
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
2015.03.20

Д.Сумъяабазар гишүүний сануулга

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд гарч байгаа хүндрэл бэрхшээл, иргэдийн зүгээс ирж байгаа санал, гомдолд нэгдсэн хариулт өгөх зорилгоор ажил хариуцсан албан тушаалтнуудыг урьж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Энэ хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбат, Гэр хорооллын хөгжлийн газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга М.Энхбаатар гээд гэр хорооллын дахин төлөвлөлтийг гардан гүйцэтгэж байгаа олон дарга оролцсон юм. Тэдний зүгээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд учирч байгаа саад бэрхшээл, ганц хоёрхон айлтай нөхөн олговорын мөнгөн дээрээ тохирч чадахгүй байгаагаас бүхэл бүтэн хорооллын ажил гацаж зогсчихоод байгаа зэрэг бэрхшээлүүдээ тоочсон.

Тэдний тайлбарыг сонсож суусан УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Та нар тооцоо судалгаа муутай, аль хэдэн жилийн өмнө эхлүүлсэн ажлыг ч өнөөдөр шийдэж чадаагүй хий дэмий л дээгүүр нь илээд байна. Ажлынхаа гүн рүү орж, өөрсдийнхөө гараар барьж, тэмтэрч ажиллаач ээ. Тэгээд ямар ч уялдаа холбоо байхгүй, энд тэнд дур дураараа толгой даасан нэг л олон дарга нар байх юм. Аль Сү.Батболд Ерөнхий сайдын үед эхлүүлсэн ажил өнөөдөр ч тааруухан биелэлттэй явж байна" гэх хатуухан үгийг хэлэлцүүлгийн төгсгөлд хэлсэн юм.

Түүнээс хатуухан зэмлэл сонссон Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбат дарга толгой дохиж харагдсан. Бодвол Д.Сумъяабазар гишүүн яах аргагүй голыг нь олоод хатуухан шүүмжилсэн бололтой юм. Бөхийн аварга хааяа нэг аваргын буурьтай үг унагаад байдаг нь өчигдөр ийнхүү давтагдав.