"Шоу" эхлэхэд гурав хоног үлдлээ
УИХ-ын хаврын чуулган ирэх сарын таванд нээлтээ хийнэ
2015.03.17

"Шоу" эхлэхэд гурав хоног үлдлээ

УИХ-ын хаврын чуулган эхлэхэд гурав хоногийн хугацаа үлдээд байгаа энэ үед хэлэлцэх хуулиудын жагсаалт гарсан. Ингээд уншигч та бүхэндээ  чуулганаар хэлэлцэх гол хуулиудын талаар товч мэдээлэл хүргэе.

Хяналтын тухай хууль

Хамгийн сүүлд 2014 оны зургаан сард гурван удаа өргөн баригдсан уг хуулийн зорилго нь  төрийн байгууллага, албан тушаалтнаас иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавьж байгаа бүх төрлийн хяналтыг нэг стандартанд оруулах, мэргэжлийн хяналтыг тодорхой шалгуурын дагуу цэгцэлж, шаардлагагүй хяналтыг зогсоох, хяналтыг үр дүнтэй болгох, эрсдэлд суурилсан хяналтыг хэрэгжүүлэх чиглэж байгааг хууль санаачлагчид хэлж байсан.

Ажлын хэсгийн гишүүн Ж.Батзандан “Төрийн хэд хэдэн хяналтын үүргийг иргэний нийгмийн байгууллагад шилжүүлэх хэрэгтэй” гэж байр сууриа илэрхийлсэн бол “2000 гаруй мэргэжлийн хяналтын ажилтан ажиллаж байгаа бүхэл бүтэн хяналтын байгууллага мөртлөө хэрэгжилтэд тавих хяналт, түүнийг зөрчлийг арилгах асуудал төдийлөн сайн байхгүй байгаа” гэж УИХ-ын гишүүн А.Бакей хэлжээ. Ямартай ч олон буцаагдсан уг хууль хэлэлцэх асуудлын жагсаалтад бий.

Казиногийн тухай хууль

Жагсаалтад байгаа хуулиас олны анхаарлыг хамгийн татаж буй хууль болоод байна. Хуультай холбоотой шийдвэр гаргагчдын байр сууриас харвал бүхний тэргүүнд толгой цохидог УИХ-ын С.Ганбаатар хүртэл сөрөг байр суурь илэрхийлээгүй.

Ер нь гишүүдийн ихэнх нь хуулийн төслийг дэмжиж байгаагаа далд болон илээр илэрхийлсэн. Эрчим хүчний сайд Д.Зоригт “Миний хувьд казино байгуулахыг дэмжиж байгаа. Хааяа нэг 1000-2000 аСонм.доллараар тоглож ажлын ачааллаа тайлах үе бий. Одоо энийг нуугаад яах вэ. Алдах үе ч байна.

Авах үе ч бай­даг” шуудхан хэлсэн.  Хэдий тийм ч казиногийн хууль батлагдах магадлал маш өндөр. Хэлэлцүүлгийн үеэр хамгийн том маргаан дагуулсан зүйл нь монгол хүн тоглох уу үгүй юу гэдэг заалт байсан. Хэрвээ тоглохоор бол улсад 20 сая төгрөгийн татвар төлөх тухай заалтыг нэмж оруулах тухай ч яригдсан.

Сонгуулийн тухай хууль

Хуулийн чухал агуулга нь УИХ-ын болон Орон нутгийн хурлын сонгуулийг хамтад нь нэг өдөр зохион байгуулах нь зүйтэй гэж санаачлагчид үзэж байгаа юм. Энэ нь сонгуулийн зардлыг багасгах, хамгийн гол нь жил дараалж, дандаа сонгууль ярьдаг, сонгууль дагасан улстөржилтийг багасгахад ач холбогдолтой гэж гишүүд үзэж байна. Мэдээж зарим намуудын хувь сонгуулийн бүтцийн асуудалд санал нэгдэхгүй байгаа. Гэхдээ аль аль намын хувьд төслийг дэмжиж байгаа.

Улс төрийн намын санхүүжилтын тухай хууль

Монголд хамгийн хүчтэй зүйл бол нам. Үүний санхүүжилтийг дотор нь гурав хувааж авч үзэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, улс төрийн намын үйл ажиллагааны зардлын санхүүжилт. Хоёрдугаарт, улс төрийн намын бодлогын санхүүжилт.

Гуравдугаарт, улс төрийн сонгуулийн кампанит ажлын санхүүжилт. Аль ч тохиолдолд эдгээр санхүүжилтийг гаргах эх үүсвэр улс орон болгонд янз бүр байдаг. Жишээлбэл, намын гишүүдийн татвар хураамж, аж ахуйн нэгж, хуулийн этгээдйн хандив, хувь хүний хандив, төрийн дэмжлэг гэх зэрэг.

Эдгээрийг хослуулан хэрэглэдэг улсууд ч байна. Мөн зарим улсад заримыг нь хориглсон байдаг. Жишээлбэл, том аж ахуйн нэгж, компаниас хандив авахыг хязгаарлах ч юм уу. Манай улсын хувьд одоогоор төрийн санхүүжилт явагдаж байгаа.

УИХ-д сонгогдсон гишүүдийн суудлын тоогоор, дээр нь сонгуульд нийт санал авсан тоогоор санхүүжилт өгдөг. Гэхдээ энэ санхүүжилтийн ил, тод байдал хангагдахгүй байгааг хуулийн хүрээнд шийдэх юм.

Хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн  төслүүдэд нийгэм эдийн засгийн хувьд чухал нөлөө үзүүлэх хуулиуд байгаа юм. Үүнд Гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулга, Эрүүл мэндийн албан журмын тухай хууль, Худалдааны тухай хууль зэрэг 25 орчим төслүүд хэлэлцэгдэхээ хүлээж байна. Тиймээс ирэх хаврын чуулган онц чухал болох нь гарцаагүй.