Улстөрийн золиос болсон төрийн албан хаагчид
Монголын засаг төр дөрвөн жилийн давтамжинд орж, дөрвөн жил болоод л улс даяараа үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигналддаг хачин жигтэй, солиотой гэмээр улстөржилт, намчирхал үнэндээ хэрээс хэтэрч байгаа.
Зарим яамдын албан хаагчдын гуравны хоёр нь шахуу солигдсон бол захын нэг дүүргийн Засаг дарга 216 хэсгийн хорооны дарга, 28 хорооны даргыг ямар ч шалтгаангүйгээр ажлаас чөлөөлсөн нь өнөөдөр хэл ам, зарга үүсгээд явж байна. Хэрээс хэтэрсэн улстөржилт, намчирхлын золиосонд ажлаасаа халагдсан төрийн албан хаагчдын асуудлаар УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү хэвлэлийн хурал зарлаж мэдээлэл хийсэн юм.
Шийдлийн Засгийн газар байгуулагдсантай холбоотойгоор Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж буй албан тушаалтан төрийн албан хаагчдыг ажлаас нь үндэслэлгүйгээр халсан тухай өргөдлүүд Өргөдлийн байнгын хороонд анхаарал татахуйц олноороо ирсээр байгаа юм байна.
О.Баасанхүү дарга "Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг зөвхөн тухайн яамны албан тушаалтнууд дотроос Засгийн газар тавих ёстой атал сайд тушаал гарган тавьж байгаа, тэрхүү орлон гүйцэтгэгч хэнийг ч халах солих эрхгүй, өөрөөр хэлбэл, санхүүгийн эрх мэдэлгүй, зөвхөн тухайн албан тушаалтныг орлох үүрэгтэй атал зарим яам, агентлагт төрийн албанаас олон хүнийг үндэслэлгүйгээр халж байна" гэв. Энэ асуудалтай холбоотойгоор Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу Эрүүл мэнд, спортын яам, Зам, тээврийн яам, Уул уурхайн яам, Хөдөлмөрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Аж үйлдвэрийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нартай 2015 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр уулзаж, хууль тогтоомжийн хүрээнд төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, улс төрөөс хараат бус байх зарчмыг баримтлан ажиллахыг чиглэл болгожээ.
“Төрийн нарийн бичгийн дарга, түүний үүргийг түр орлон гүйцэтгэгч нь төрийн албан хаагчийг хууль зөрчин ажлаас нь үндэслэлгүйгээр халсан гэж шүүхээс тогтоовол төрийн албан хаагчид учирсан хохирлыг улсын төсвөөс нөхөн төлөх нөхцөл байдал үүсэхээр байгаа. Тиймээс энэ мэт төсөвлөгдөөгүй зардал улсын төсвөөс гарах тул Төрийн албаны тухай хуулийн дөрөвдүгээр зүйл, Иргэний хуулийн 498-р зүйлийн тавд заасныг удирдлага болгон, учирсан хохирлыг төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас чөлөөлөх тушаал гаргасан эрх бүхий албан тушаалтнаас шаардан гаргуулах ажлыг зохион байгуулж, үр дүнг эргэн мэдээлэх нь зүйтэй гэсэн чиглэлийг Засгийн газарт өгч байгаа”-гаа Байнгын хорооны дарга мэдэгдсэн юм. Ямартай ч дээр дурдагдсан зарим яамдын Төрйин нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид хэрээс хэтэрсэн эрх ямба эдлэж, төрйин хуулийг уландаа гишгичиж буй бололтой.