О.Баасанхүү: Төрийн албан хаагчийг ажлаас халсан гомдол олон ирсэн
Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү
2015.04.02

О.Баасанхүү: Төрийн албан хаагчийг ажлаас халсан гомдол олон ирсэн

Сүүлийн үед УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж буй албан тушаалтан, албан хаагчдыг ажлаас нь үндэслэлгүйгээр халсан тухай өргөдөл нэлээд ирэх болсон байна. Энэ талаар тус байнгын хорооны дарга О.Баасанхүүгээс тодрууллаа.

-Танай байнгын хороонд төрийн албан хаагчдаас өргөдөл, гомдол нэлээд ирсэн гэсэн. Хаанаас ямар гомдол ирж байна вэ?

Манайд ирсэн гомдлуудын дийлэнхийг яамд төрийн албан хаагчийг ажлаас халсан асуудал байгаа. Яамны орлон гүйцэтгэгч нь хэн нэгнийг үүрэгт ажлаас нь халах, томилох эрхгүй байдаг. Зөвхөн Төрийн нарийн бичгийн дарга нар хэн нэгнийг ажлаас чөлөөлөх, томилох эрхтэй.

Гэтэл Эрүүл мэнд, спортын яам, Зам, тээврийн яам, Уул уурхайн яам, Хөдөлмөрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Аж үйлдвэрийн яам, БОНХАЖЯ-наас төрийн албан хаагчийг ажлаас халсан гомдол өргөдөл ирж байгаа. Үүнээс БОНХАЖЯ-аас хамгийн их гомдол ирсэн байна.

-Энэ асуудлыг шийдвэрлэх тал дээр Өргөдлийн байнгын хорооноос ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа бол?

Эхлээд энэ асуудлыг шүүхээр гэм буруутай эсэхийг нь тогтооно. Одоогоор сайн мэдэхгүй байна. Зарим нь шүүхийн шийдвэр гарах шатандаа явж байгаа бол нөгөө хэсэг нь гараад эхэлсэн. Шийдвэр гарсны дараа байгууллага нь тухайн ажилтны ажилгүй байсан хугацааны мөнгийг өгнө. Ер нь Төрийн нарийн бичгийн дарга, түүний үүргийг түр орлон гүйцэтгэгч нь төрийн албан хаагчийг хууль зөрчин ажлаас нь үндэслэлгүйгээр халсан гэж шүүхээс тогтоовол төрийн албан хаагчид учирсан хохирлыг улсын төсвөөс нөхөн төлөх нөхцөл байдал үүсэхээр байгаа.

Тиймээс энэ мэт төсөвлөгдөөгүй зардал улсын төсвөөс гарах тул Төрийн албаны тухай хуулийн дөрөвдүгээр зүйл, Иргэний хуулийн 498-р зүйлийн тавд заасныг удирдлага болгон, учирсан хохирлыг төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас чөлөөлөх тушаал гаргасан эрх бүхий албан тушаалтнаас шаардан гаргуулах ажлыг зохион байгуулж, үр дүнг эргэн мэдээлэх нь зүйтэй гэсэн чиглэл бүхий бичгийг бид Засгийн газарт өглөө. Төрийн алба бол улс төрийн алба биш. Гэтэл төрийн албан хаагчдыг улс төрийн шалтгаанаар ажлаас нь халж байгааг олон хүн хэлсээр байгаа. Ийм зүйл байж болохгүй. Төрийн албан хаагч үүргээ аль ч улс төрийн нам хүчнээс үл хамааран биелүүлэх ёстой.

-Төсөвлөөгүй зардал их гарч байна гэлээ. Үүнийг тодруулахгүй юу?

Түр орлон гүйцэтгэгчийг салбарын сайд биш Засгийн газраас тавих ёстой. Харин одоо бол сайд тушаал гаргаад байгаа. Нөгөө талаас Төрийн албаны зөвлөлөөс зөвхөн яам дотроосоо ав гэсэн чиглэлийг өгч байна. Өөрөөр хэлбэл, яам гаднаас мэргэжилтэн авч болохгүй гэж. Тодорхой албан тушаалтан хуулийн дагуу эсвэл хууль бус халагдсаныг шүүх тогтооно. Ингэхдээ хоёр үндэслэлээр шийдвэр гаргах байх гэж бодож байна.

Тодруулбал, ажилд нь эргүүлж ав эсвэл ажилгүй байсан хугацааны мөнгийг өгөх гэсэн шийдвэр гарна. Харин энэ хооронд нөгөө орон тоон дээр нь шинээр орсон албан хаагчийг цалинжуулсаар байгаа. Энэ нь өөрөө төсөвлөөгүй зардал гэсэн үг. Мэдээж тэр ажилтны цалинг сайдын багц болон бусад эх үүсвэрээс гаргаж, өгч таарна. Эцэсдээ төсөвлөөгүй зардлын хариуцлагыг хэн үүрэх юм. Үүнийг тодорхой болгох хэрэгтэй.  

-Иргэдээс өөр ямар өргөдөл, гомдол ирж байна вэ?

Хэд хэдэн асуудалтай холбоотой өргөдөл ирсэн. Зам тээвэр, хүүхдийн осол их гарч байгаа талаар гомдол их ирж байна. Энэ дагуу ЦЕГ болон Улсын ерөнхий прокурортой уулзалт зохион байгуулж, холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй уулзсан. Ямар ч байсан гэмт хэрэгтэй холбоотой дур зоргоороо хэвлэлийн хурал хийдэг асуудлыг зогсоосон гэдгийг надад мэдэгдсэн. Мөн хилийн боомтын хяналт шалгалтын тухайд зарим талаар доголдож байгаа. Цаашлаад Боомтын тухай хууль амьдралд нийцэхгүй байна гэсэн гомдол ирсэн. Тиймээс бид чуулганы завсарлаагааны үеэр хоёр хилээр явж танилцлаа.

Газар дээр нь очиход үнэхээр хилийн цэргийнхэн хяналт, шалгалт хийхээ больсон байна. Зөвхөн хамгаалах үүрэгтэй л зогсдог болж. Өмнө нь хилийн цэргийн ажил үүрэгт хамаарагдаж байсан хилийн боомтын хяналт шалгалтын ажлыг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт хариуцуулснаар тухайн байгууллагын хүн хүч хүрэхгүйгээс хилээр гарч буй машинд үзлэг шалгалт хийх ажил тодорхой хэмжээгээр орхигдож байна.

Нөгөө талаараа хилийн боомтын хяналт шалгалтын хувьд хойд, урд хоёр хөрш маань зөвхөн ижил төстэй байгууллагуудтай харилцах шаардлага тавьдаг бөгөөд манай хяналт шалгалт муугаас болж Монголын хилээр гарсан ч урд хөршийн хил дээр очоод шалгагдаж байгаа хэрэг цөөнгүй байна. Тиймээс Өргөдлийн байнгын хороо Хилийн боомтын тухай хуулийн хэрэгжилтийг судалж үзээд амьдралд нийцэхгүй байгаа энэ хуульд өөрчлөлт оруулах тухай саналыг хуулийн төсөл өргөн барих эрх бүхий этгээдэд хүргүүлэхээр ажиллаж байна.