Хуулийн шинэчилсэн найруулгаар хэлэлцүүлэг хийв
Чингэлтэй дүүргийн ИТХ, Монгол Улсын Хөдөлмөрийн яамтай хамтран “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Энэхүү хэлэлцүүлэг нь хуулийн төсөлд иргэд хөдөлмөрчид, аж ахуйн нэгж байгууллага, ажил олгогчдоос санал авч, хэлэлцүүлэх замаар шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хуулийн төслийн оновчтой байдлыг хангах зорилгоор хийгдэж буй юм. Хэлэлцүүлэгт ИТХ-ын Төлөөлөгчид, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн менежер, хүний нөөцийн ажилтнууд, хувиараа бизнес эрхлэгч, ажил олгогч эзэд, хөдөлмөрийн харилцаанд оролцогч иргэд оролцсон бөгөөд дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ нээж үг хэлэв.
Энэ үеэр Хөдөлмөрийн яамны бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ч.Янжинхорлоо, Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Ш.Маяа нар иргэдэд хуулийн төслийн талаар танилцуулж, мэдээлэл өглөө. Улмаар дүүргийн ИТХ-ын Ажлын алба хэлэлцүүлэгт оролцогчдоос тавьсан санал хүсэлтийг нэгтгэн хууль санаачлагч, боловсруулагчдад албан ёсоор хүргүүлэх юм.