О.Баасанхvv бужигнуулна
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү
2015.03.18

О.Баасанхvv бужигнуулна

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү ажлаа тасладаг, архи уудаг ангийнхаа нөхөдтэй найзархаад байхгүй гэдгээ зарлав. 

Иргэд, сонгогчдоос Өргөдлийн байнгын хороонд хандаж, хуралдаа суудаггүй, ажлаа тасладаг, хийдүүлдэг гишүүдэд хариуцлага тооцох талаар санал хүсэлт олонтаа ирдэг болсон нь О.Баасанхүү даргыг ийнхүү ажилтай болгожээ. байна. Түүний толгойлдог Өргөдлийн байнгын хороо УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд чуулган, байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаанд оролцдоггүй гишүүнийг, мөн дээрх хуралдаануудад согтуу ирсэн гишүүнийг эргүүлэн татах, хуралдаа нэг минут л хоцорвол 100 мянган төгрөгөөр торгох зэрэг заалттай чангахан хуулийн төсөл боловсруулж байгаагаа зарлав. Нийгэмд хүлээлт үүсгэсэн энэ хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцүүлнэ гэдгийг О.Баасанхүү даргын баруун гар, УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдэгдсэн. 

Үнэхээр ч УИХ-ын байнгын хороодын хуралдаан цагтаа эхэлж байсан түүх тун цөөхөн. Хэдийгээр “Тийм ээ би хоцордог юм” гэж хэлээд цахим сүлжээний баатар болсон С.Дэмбэрэл зэрэг цөөн гишүүн ч байнгын хорооны хуралдаанд голдуу цагтаа ирчихсэн сууж харагддаг. Гэвч бусад нь цагтаа морилон ирдэггүй тул утсаараа оролдож, сонин гарчиглаж хэсэг суугаад тэсвэр алдан гараад явчихдаг. Харин УИХ-ын нэгдсэн чуулган найдвартай 30 минут хоцорч эхэлдэг. Энэ нь мөн л эрхэм гишүүдийн ирцтэй холбоотой байдаг. 

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо нь намрын чуулганы хугацаанд найман удаа хуралдаж, 22 асуудал хэлэлцжээ. Үүнээс ес нь тус байнгын хорооноос гаргасан тогтоол гэнэ. Харин иргэд сонгогчдоос 1366 өргөдөл иржээ. Байнгын хороо байгуулагдсан цагаас хойш 3000 гаруй өргөдөл ирж, үүнээс 506 хүсэлтийг судлан шууд хариу өгсөн бол 272 хүсэлтийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлсэн гэв.

Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн анхаарал татах өргөдлийг голлож үзвэл, уул уурхайн салбарт газрын дор болон хүнд хортой нөхцөлд ажилласан иргэдэд нөхөн төлбөр олгогдохгүй байгаа тухай, “Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн 1072 хувьцааг буцаан эзэмшихийг хүссэн асуудлаар, тэтгэврийн зээлийн хүү өндөр байгааг судалж, хүүг бууруулах боломжийн талаар судлах зэрэг өргөн хүрээнд өргөдөл ирүүлжээ.

Чуулган завсарласан энэ хугацааг ашиглаж тус байнгын хороо тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар бэлтгэж байгаа гэнэ.