”Сүүлийн үед иргэдээс ирүүлэх өргөдөл хүсэлтийн тоо эрс нэмэгдэж байгаа”
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү
2015.03.18

”Сүүлийн үед иргэдээс ирүүлэх өргөдөл хүсэлтийн тоо эрс нэмэгдэж байгаа”

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр намрын чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Мэдээллийг тус байнгын хорооны дарга О.Баасанхүү, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар хийсэн юм. Байнгын хорооны дарга О.Баасанхүү, “Сүүлийн үед иргэдээс ирүүлэх өргөдөл хүсэлтийн тоо эрс нэмэгдэж байгаа учраас өргөдөл авах явцыг хөнгөвчлөх зорилгоор цахим хэлбэрт шилжүүллээ. Мөн 900-гаас дээш тооны иргэдээс ирүүлсэн буюу олон нийтийн анхаарлын төвд буй асуудлаар Төрийн ордонд нээлттэй сонсгол явуулахаар болж бэлтгэл ажлыг хангаж байна. Орон нутгийн иргэдээс хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих асуудлаар өргөдөл хүлээн авах, дүн шинжилгээ хийх зорилгоор 21 аймгийн Иргэний танхимд саналын хайрцаг байршуулсан” гэлээ.

Одоогийн байдлаар тус байнгын хороо Ноён уулын ашиглалт, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийн ар гэрийнхэнд тусламж үзүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах гэх мэт өргөдлийг судалж үзэж байгаа аж. Өргөдлийн байнгын хороо намрын чуулганы хугацаанд 1366 өргөдөл ирүүлсний 14 хувь нь нийтийн эрх ашгийг төлөөлсөн, 86 хувь нь хувийн асуудлаар хандсан байсан ба өргөдөлд 3-90 хоногийн дотор хариу өгч ажиллаж байгаа гэдгийг О.Баасанхүү дарга хэлсэн юм. Түүний ахалж ажиллаж байгаа байнгын хороо нь намрын чуулганы хугацаанд найман удаа хуралдаж, 22 асуудал хэлэлцсэн байна.

Мөн Налайхын уурхайгаас өндөр насны тэтгэврээ тогтоолгосон ч уул нөхөн төлбөр олгогдохгүй байгаа тухай 300 орчим иргэний нийгмийн асуудлаар, "Эрдэнэс Таван толгой" ХХК-ийн 1072 хувьцааг буцаан эзэмшихийг хүссэн гэх зэрэг асуудлыг хариуцсан гишүүд нь судалж, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн, хорооны тогтоол гарган Засгийн газарт чиглэл өгчээ.

Үүний зэрэгцээ "Хүчит шонхор", Баянзүрх, Налайх дүүргийн дамжин өнгөрүүлэх цэг дээр хяналт шалгалтын ажил явуулсан бол хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, сургалт сурталчилгааны ажлыг давхар зохион байгуулсан байна.Чуулганы завсарлагаанаар тус байнгын хороо Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт ажиллаж, газар олголт, боловсролын хуулийн хэрэгжилт, сургуулийн багтаамж, сургалтын чанар зэрэгт анхаарч ажиллах гэнэ.