Хэнтий аймгийн Батноров суманд ажиллалаа
Хэнтий аймгийн Батноров сум
2015.03.06

Хэнтий аймгийн Батноров суманд ажиллалаа

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нар гуравдугаар сарын хоёрны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд ажиллалаа.

Улаанбаатар хотоос зүүн урагш 430 км, аймгийнхаа төвөөс зүүн тийш 105 км зайд оршдог Батноров суманд өнөөдрийн байдлаар 1733 өрхийн 5440 иргэн аж төрж байна. 

Улсын тэргүүний сум болох зорилт тавин ажиллаж буй Батноровчууд нутаг орныхоо бахархлыг тодорхойлжээ. Тухайлбал, эзэн Чингис болон түүний өрлөг баатар Боорчи нарын анд бололцсон Хөхүүрийн талд гэрэлт хөшөө босгон, дурсгалыг нь мөнхжүүлсэн байна. Мөн Ардын хувьсгалын “анхны долоо”-гийн нэг Д.Лосол энэ нутгийнх.  Халх даяар алдартай, уран дархан Тожил 1900-1950 оны хооронд Батноров сумын нутагт  амьдарч байжээ.

Түүний урласан эмээл, хазаар, мөнгөн аяга, үсний боолт, бурханы эд зүйлсийн ур хийц улс даяар алдаршсан нь Батноров сумын бас нэгэн бахархал болжээ. Тус сумынханадуун сүргийнхээ тоо толгойгоор улсдаа тэргүүлдэг. 2014 онд 26 мянган адуу тоолуулсан бол 2016 онд гурван түмэн адуу тоолуулах зорилт тавин ажиллаж байна. 

Батноровчуудын дөрөв дэх бахархал болсон улсын тэргүүний Соёлын төвийн үйл ажиллагаатайУИХ-ын гишүүд танилцсан юм.“Байх гэвэл шилдэг нь бай” хэмээн нэгэнтээ Б.Лхагвасүрэн гуайн хэлсэн үгийг уриагаа болгон ажиллаж буй Батноров сумын Соёлын төв нь үйл ажиллагаагаараа улсад дөрвөн удаа нэгээс гутгаар байр, аймагтаа 19 удаа тэргүүн байр, 6 удаа дэд байр эзэлсэн, арвин их амжилт бүтээл, туршлагатай хамт олон. ССАЖЯ болон Соёл, урлагийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр 21 аймгийн 345 сумын Соёлын төв, урлагийн байгууллагын 1070 ажилтанд “Батноров сумын соёлын төвийн менежмэнт, үйл ажиллагаа” сэдвээр 72 цагийн сургалт явуулж, туршлага судалжээ. 

Соёлын төв нь Номын сан, Кино цэг, Орон нутаг сурталчлах танхим гэсэн цогц бүтэцтэй.Орон нутаг сурталчлах танхимдаанутгийнхаа түүхийн гэрч, соёлынөв болсон сонирхолтой үзмэрүүдийг дэлгэн тавьжээ. Тухайлбал, нутаг орныхоо бахархал болсон хүлэг баатар Боорчийн цээж баримал, Тожил дарханы хөрөг, түүний бүтээлүүдийг нийтэлсэн гэрэл зургийн цомог, Олон улсын шагналт сэтгүүлч, гэрэл зурагчин Д.Цэрэннадмидын уран бүтээлийн дээжис, доктор, профессор, академич Г.Цэвэгмид агсны хэрэглэж байсан эд зүйлс зэргийг нэрлэж болно. Үзмэр худалдаж авах хөрөнгө төсөвлөгддөггүй учраас өөрсдийн нөөц бололцоогоор солилцоо хийх байдлаар цуглуулдаг гэнэ.

Соёлын төв улсын төсвөөс жилдээ 78 сая төгрөгийн санхүүжилт авдаг, энэ нь цалин хөлс, үйл ажиллагааны болоод урсгал зардалдаа хүрэлцдэггүй байна. Зардлаа хэмнэхийн тулд орон тооны найман ажилтан нь тус бүр 2-3 хүний ажлыг давхар гүйцэтгэдэг аж. Түүнчлэн 1988 онд “Социализмын зам” нэгдлийн хөрөнгөөр баригдсан Соёлын төвийн барилга муудаж, мөөгөнцөртсөн тул засвар хийх шаардлагатай байгаа ч хөрөнгө нь өнөөг хүртэл шийдэгдээгүй аж.

Иймд засвар хийхэд шаардлагатай 180 орчим сая төгрөгийг шийдвэрлэж өгөхийг Соёлын төвийн эрхлэгч И.Буянхишиг нутагт нь зочилсон гишүүдээс хүсэхийн зэрэгцээ Соёлын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа орон нутаг дахь Соёлын төвийн санхүүжилтийг нэмэгдүүлж, бие даасан үйл ажиллагааг нь бэхжүүлэхэд анхаарч ажиллаарай хэмээн захилаа. 

Батноров суманд 150 ортой сурагчдын дотуур байр улсын төсвийн 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтад ороод байна. Орон нутагт санхүүжилт нь царцаагдаад, гүйцэтгэл нь удаан хугацаагаар сунжирсан барилга олон бий. Харин энэ дотуур байрны тухайд 13 сарын хугацаанд барьж босгосон нь хамгийн богино хугацаанд боссон барилгад тооцогдож байгаа. Барилгын хөрөнгө оруулалтыгшийдвэрлүүлэхэд УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын хүчин зүтгэл, хөөцөлдлөгөө ихээхэн нөлөөлсөн гэдгийг аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар хэлээд авналээ. 

Батноровынхон волейболоор чамгүй амжилт үзүүлдэг аж. Тухайлбал, аймагтаа 11 удаа, бүстээ 2 удаа тэргүүн байр эзэлсэн байна. Гэвч сургуулийн спорт заалны барилга муудсан, биеийн тамирын үйл ажиллагаа явуулах шаардлага хангахгүй байгаа тул шинээр орчин үеийн стандартад нийцсэн спорт заал барих хөрөнгийг шийдвэрлэж өгөхийг хүссэн. Гэвч эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал ийм боломжгүй, харин концессын гэрээгээр бариулах боломж бий гэдгийг Б.Гарамгайбаатар гишүүн хэлэв. 

УИХ-ын гишүүд зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцсаны дараа иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр иргэд тэтгэврийн нэмэгдэл, тэтгэврийн зээлийн хүү, малын хөлийн татвар, “Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг томоохон төслүүдийн хэрэгжилтийн талаар санал хүсэлтээ илэрхийлж, сонирхсон асуултдаа хариулт авсан юм.