Бие даагчид 2015 оны хаврын тэмцлийг эхлvvллээ
УИХ дахь бие даагчид
2015.03.05

Бие даагчид 2015 оны хаврын тэмцлийг эхлvvллээ

Монголын улстөр амарч байх хойгуур УИХ дахь бие даагчдын зөвлөлийн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Х.Болорчулуун гурав “Шударга ёс” эвслийн Г.Уянга, Л.Цог нартай нийлэн энэ хаврын тэмцлийг эхлүүлж байгаагаа зарлав.

Тэд хэвлэлийн бага хурал зарлан хуралдуулахдаа “Хамгийн эхлээд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг оруулан ирж, шийдвэрлүүлэх болно.

Өндөр настнуудын тэтгэврийн нэмэгдэлд 13 тэрбумыг зарцуулж байхад АНУ-ын гэр бүлийн компаниас Оюутолгойн асуудлаар зөвлөгөө авах нэрээр 17.5 тэрбум төгрөг төсвөөс гаргуулахаар улайрч байгааг яагаад хүлээн зөвшөөрөхгүй, энэ нь түүнийг огцруулах хангалттай үндэслэл болно. Мөн Үндсэн хуулийг удаа дараа зөрчсөөр байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Үндсэн хуулийн цэцэд өгнө. 

Түүнийг огцруулах бүрэн эрх нь УИХ-д бий” хэмээн хатуухан мэдэгдэл хийсэн юм. Ингээд энэ хаврын улстөрийн тэмцлийг нэлээн хатуухан эхлүүлэх нь тодорхой болоод байгаа эрхэм гишүүдээс цөөн асуултад хариулт авснаа хүргэж байна. 

Г.Уянга: Ц.Элбэгдоржийг огцруулах эрх нь УИХ-д бий

-Та бүхэн энэ хаврын тэмцлийг эхлүүлж байгаа юм байна. Чухам ямар, ямар үндэслэлүүдээр? 

Бидэнд хангалттай олон үндэслэл бий. Бүр хангалттай олон шүү. Бид Ж.Капла болон Ноён уултай асуудлаар идэвхитэй ажиллаж байсан. Ялангуяа Ноён уулыг хамгаалах асуудал олон нитйин хөдөлгөөн болон өрнөсөнд их баяртай байгаа. Одоо энэ эрчээрээ цаашид явна.

Монгол Улсын хэмжээнд 2000 орчим лиценз тараагдсан байхад бид ядаж нэг уулыг нь хамгаалаад аваад үлдэх эрх, хүч чадал байгаа гэж бодож байна. Ерөнхийлөгчид нэг асуудлаар хандана. АНУ, Филлиппин зэрэг гадны улсын иргэдийг Ерөнхийлөгч өршөөлөө.

Тэгвэл одоо Ц.Мөнхбаярыг суллаач ээ гэсэн хүсэлтээ албан ёсоор тавина. Тэр хүн улсад ямар нэгэн бодит хохирол учруулаагүй. Харин ч олон нийт түүнийг суллаасай гэж бодож байгаа нь тодорхой. Ж.Капла нарын хэрэг Монгол Улсын шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байсан. Гэтэл Ерөнхийлөгч тодорхой зарим хуулийг зөрчин уучлал үзүүлсэн байна. Монгол Улсын хуулийг зөрчин гадны ерөнхийлөгчийн хүсэлтээр иргэнийг нь өршөөж болж байгаа юм бол ард иргэдийнхээ хүсэлтийг үндэслэн Ц.Мөнхбаяр гэдэг хүнд уулчлал үзүүлэх байх гэж найдаж байна.

Үүнээс гадна Үндсэн хуулийн цэцэд хэд хэдэн асуудлаар хандана. Үндсэн хуулийг зөрчин гадны иргэдийг өршөөсөн асуудал болон бусад үндэслэлээр, УИХ-аас Үндсэн хуулийн цэцэд хандан Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг тавиач ээ гэсэн утгатай тогтоолын төслийг өргөн барихаар бэлтгэж байна. Хэрэв Ерөнхийлөгч Үндсэн хуулийг зөрчсөн нь тогтоогдвол Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах хуулийн заалтттай. Учир нь Монгол Улс парламентийн засаглалтай орон.

Ерөнхийлөгчийн удаа дараа хууль зөрчсөн үйлдүүдийг таслан зогсоох эрх УИХ-д байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг үүгээр эхлүүлнэ.Мөн ашигт малтмалын тухай хууль Үндсэн хууль зөрчиж байгаа тул холбогдох заалтуудыг үндэслэн Үндсэн хуулийн цэцэд хандах болно.

-С.Баярцогт сайдын асуудлын тухайд?

Цагаан сарын битүүний орой тавын даваа эхлэх үед гишүүд зөөврийн комьпютер дээрээ бөх үзэж, нэлээн хэдэн гишүүн халамцуу байхдаа олон чухал асуудлын утга учрыг ч сайн ойлголгүй кнопдоод шийдчихсэн. Бидний хувьд энэ чухал асуудлуудыг олон нийтийн анхаарал сарнисан үед яаравчлан шийдэж болохгүй гэж яаж ч эсэргүүцээд үнэхээр хүч хүрээгүй.

Эцэст нь ажлын цаг дуусах буюу 18:00 цагт мэдэгдэл хийчихээд УИХ-ын чуулганы танхимыг орхин гарсан. Товчхондоо асуудал оруулсан гишүүдийг байхгүй байхад тухайн асуудлыг ар хударгаар яаравчлан шийдсэн. Тийм ч учраас бид С.Баярцогтын асуудлыг дахин өргөн барина. 

Ц.Даваасүрэн:Үндэсний эрх ашигт харшлахуйц хуулиуд батласан

-Битүүний орой бат­ласан хуулиуд та бүхний бухимдлыг ихээхэн хөдөлгөж байгаа бололтой? 

Бид зүгээр дуртайдаа бухимдаад, энэ бүхнийг яриад байгаа юм биш. Монголчууд Цагаан сар гээд хамаг анхаарал нь сарничихсан байсан битүүний орой маш ноцтой, хор хохиролтой хуулиуд батласан. Тэдгээр хуулиуд эдийн засгийн хүндрэлээс гарахад шийдвэрлэх нөлөө үзүүлнэ гэдэгт бид итгэхгүй байна. 

Байгалийн баялаг ашиглахтай холбоотой, Монгол үндэстний эрх ашигт харшлахуйц Урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Гацууртын ордыг стратегийн ордод хамруулж “Сентерра гоулд”-ын мэдэлд өгөх, Нөөцийн татварыг төрийн хувиар солих зэрэг хуулиудыг нэг амьсгаагаар шууд л батлачихсан. 

-Тэгвэл ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулснаар бүх асуудал шийдэгдэх юм уу? 

С.Баярцогтын тухайд 2015 оны төсвийн тодотголыг батлах үед Хөгжлийн банкны хууль зөрчин гадны гэр бүлийн компаниас зөвлөгөө авах нэрээр 17.5 тэрбум төгрөгийг гаргаж байгаа нь туйлын буруу гэж маш тодорхой үндэслэлүүдээ гарган тавьж байсан. Гэвч тэр асуудлыг олонхиороо хамгаалаад аваад гарсан. Нөгөөтэйгүүр Гацууртын ордыг ашиглахтай холбоотой хуулийг харахад л үнэхээр гадныхны гар хөлсөн болсон гэдэг нь мэдэгдэж байна.

Эхлээд Гацууртын ордыг Урт нэртэй хуулиас гаргахын тулд Стратегийн ордод оруулна гэдэг хуулийн төсөл оруулж ирсэн. Ингэж 20 хувь болгоод дараагийн хууль болох төрийн хувийг нөөцийн таван хувийн татвараар солихаар оруулж ирсэн. Энэ таван хувь гэж яриад байгаа нь үндсэндээ нэг хувиар ч сольж болохыг халхавчилсан заль явж байгаа юм. 

Товчхондоо Гацууртын ордыг ашиглах гэсэн угсраа мэх. Манайхан үнэндээ гадны гар хөл болжээ. Гэтэл үүнийг Оюутолгой дээр дахин ашиглах гэж байна. Нөгөө Монголын талын 34 хувийг нэг хувийн нөөцийн татвараар сольж мэдэхээр болоод байна. Ийм ноцтой хуулийг баталчихсан. С.Баярцогтын 17 тэрбумаар авч байгаа зөвлөгөө нь ердөө л энэ шүү дээ. Ерөөсөө л Монголын төрийн бүх үйл ажиллагаа гадныхны нөлөө, оролцоогоор шийдэгдэж эхэллээ. Ахмад настнууддаа 13 тэрбум төгрөгөөр тэтгэвэр нэмэх гэж ямархуу дуулиан үүсгэлээ.

Гэтэл С.Баярцогт 17.5 тэрбум төгрөгөөр уул уурхайн зөвлөгөө авна гээд л зүтгээд байгаа. Эхнийхээ зөвлөгөөг Гацууртын орд дээр тун муухай, бусармагаар хэрэгжүүлж эхлээд байна. Монголын төр гадны гар хөл болсон цөөнхийн эрх ашигт арай дэндүү үйлчилж байна. Монголын төр хамгийн сүүлд дэндүү гутамшигтай шийдвэр гаргасан нь гадныхантай холбоотой татварын анхны хэрэг дээр Ерөнхийлөгч нь уучлал үзүүлсэн нь үнэхээр байж боломгүй алдаа.

Одоо тэгвэл эдийн засгийн гэмт хэрэг үйлдэж, шоронд хоригдож байгаа Монголын бүх иргэндээ уучлал үзүүл л дээ. Хамгийн ноцтой нь гадныхан Монголд татвараа төлөхгүй байж болно гэсэн маш буруу жишиг тогтоочихлоо. 2013 онд Оюутолгойгоос 400 гаруй тэрбум төгрөг авч чадаагүй. Өсөн нэмэх роялтийн татвараа авч чадаагүй гэсэн үг л дээ.

Одоо тэгтэл шүүхээр гэм буруу нь тогтоогдсон этгээдийг тавиад явуулчихлаа. Тэгэхээр Ц.Элбэгдоржийн гаргасан энэ буруу шийдвэрийг цуцлуулах талаар холбогдох арга хэмжээг зайлшгүй авах ёстой. Бид энэ талаар тэмцэнэ. Ийм эрх УИХ-д бий. Үндсэн хуулийн 34-ын хоёроор Ерөнхийлөгчийн алдаатай зарлигийг цуцлуулах эрх УИХ-д байгаа. Ер нь Ерөнхийлөгч бол УИХ-д ажлаа тайлагнаж, хариуцлага тооцогдож байх ёстой. Тэр хүнийг батламжлах болон чөлөөлөх, огцруулах эрх нь ч УИХ-д бий. 

-Өрийн удирдлагын тухай хуульд та бүхэн бас л сэтгэл дундуур байгаа юмаа даа? 

Энэ хуульд сайн зүйл, заалт байгааг үгүйсгэхгүй. Өрийн удирдлагынхаа тогтолцоог нэг болгож, нэг яаман дээр төвлөрүүлсэн, нэгдсэн удирдлагатай болгосон гээд сайн зүйл бий. Гэхдээ хажуугаар нь өрийн таазыг нэмэгдүүлэх боломжийг нийлж байгаад хийж өгчихсөн.

Саяхан ч “Өр зээлээ нэмэхгүйгээр улс орноо авч явж чадна” гэж ярьж байсан нам өнөөдөр шал өөр юм яриад явж байгаа. Саяын Өрийн удирдлагын хуулиар дахин 1.5 тэрбум ам. доллараар өрийн таазаа нэмэгдүүлэх тохиролцоо хийж, хуулиа батласан. Одоо эд нар нийлж аваад ярьдаг юм нь л гаднаас зээл авах тухай, өр нэмэх тухай болсон. Өнөөдөр МАНАН улам илүү харанхуйлж эхэллээ. Сонгууль дөхөхөөр шал худлаа амладаг, сонгуулийн дараа маргааш нь таг мартдаг ийм л улстөр сүүлийн 20 гаруй жил Монголд ноёрхож байна. 

Эд нар алтны 10 хувийн татварыг 2.5 болгочихвол валютын ханш огцом буурна гэсэн. Тэгвэл өнөөдөр нэг ам. доллар 1980-д дөхөөд оччихлоо. Оюутолгойн өдөр тутам алдаад байсан нэг сая ам. доллар хаачив. Эд нар одоо “Бүх юм сайхан болох гэж байхад бие даагчид “Шударга ёс”-ны хэдэн нөхөд бүх зүйл дээр эсэргүүцэж хамаг юм баллаад байна” гэж эргэж дайрах гээд л хүлээж байгаа. 

Энэ байдлаараа Монголчууд өрийн доороос өндийхгүй боллоо. Гадаад төлбөр тооцоон дээр бол хоёр тэрбум ам.долларын хэмжээний юаны өртэй болчихлоо. 

Х.Болорчулуун: ”Сентерра гоулд” 100 хувийн ашигтай ажиллана

-Таныг Ноён уулаар улстөржөөд байгаагийн ард өөр нэг стратегийн ордыг хувийн болгож, эзэмших гэсэн санаа яваад байгаа гэж хардах хүмүүс байна? 

Тэр хүмүүс нь баримт нотолгоогоо гаргах хэрэгтэй. Ноён уулын тухайд анх удаа нутгийн иргэд голдуу, тэгээд иргэний хөдөлгөөнийхөн нэгдэж, анх удаа Цагаан сарын үеэр буюу өвлийн хүйтэнд өлсгөлөн зарлаж тэмцсэн. Ноён уулын тухайд МАНАН-гынхан болон зарим эрдэмтдийн яриад байгаа шиг ашиглалтын талбай нь Хүннүгийн булш, бунханаас хол зайтай биш юм билээ. Яг Ноён, Хатан хоёр уулын голд нь лицензтэй талбай нь байгаа юм. Түүнчлэн Хараа голыг тэтгэдэг хоёр гурван жижиг гол Ноён уулаас эх авч байгаа.

Мөн мөнх цэвдэгт асар их нөлөөлнө. Товчхондоо Ноён уулыг тэсэлж, дэлбэлээд байхгүй болгоно гэсэн үг. Үеийн үед тахиж шүтэж ирсэн энэ уулыг гадаадын луйврын компанид ашиглуулах нэрээр ухуулах гэж байгаа нь яагаад ч хүлээн зөвшөөрч болшгүй асуудал юм. “Сентерра гоулд” Ноён уулыг 10 жилийн турш ухахдаа 10 хүрэхгүй хувийн ашгийн төлөө ажиллах гэж байгаа гэж яриад байна. Гэтэл алтны татвар бол одоо үед байгаа ганц хоёрхон нугарсан ашигтай бизнес шүү дээ. 

Энэ бол 100 хувийн ашигтай бизнес. Ялангуяа Бороогийн алтны үндсэн ордод ашиглаж байсан техник хэрэгслээ шилжүүлээд л “Сентерра гоулд” 100 хувийн ашигтай ажиллана. 10-хан хувь хүрэхгүй ашгийн төлөө ажиллана гэж хууран мэхэлж Монголчуудад татвар хураамж төлөхгүй байх заль хэрэглэх гэж байна. 

Бороогийн ордоос 50 тонн алт ямар ч татваргүй аваад гаргачихсан луйварчид шүү дээ. Өнөөдөр 2.5 хувийн алтны татвартай орон Монголоос өөр байхгүй. Эдний гар хөл болж улайрч байгаа УИХ-ын гишүүдийг үнэхээр яагаад ч ойлгохгүй байна. Товчхондоо ийм шив.