А.Бакей: УИХ-ын гишүүдийн тоог нэмэхгүй
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороон дарга А.Бакейгаас дараах тодруулга ярилцлагыг авлаа. УИХ-ын намрын чуулган завсарласан энэ үед гишүүд тус тусын сонгогдсон тойргоо зорьж, хууль сурталчлах, хуулийн хэрэгжилтийг хянах, иргэд сонгогчдын санал бодлыг сонсох гээд түмэн завгүй хөдөөгийн уул талаар төрийн бодлого, шийдвэрийг тайлбарлан давхицгааж байгаа.Тийм ч учраас төрийн ордон эль, хуль оргиж “Шударга ёс” эвслийн зарим гишүүд болон ИЗНН-ын төлөөллүүд л буйраа сахин үлдсэн харагдана. Товчхондоо Монголын улстөр их амралтаа эдэлж байгаа учир УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороон дарга А.Бакейгаас асуух, тодруулах зүйл олон байсан юм.
-УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнгөрсөн намрын чуулганы хугацаанд хэдэн удаа хуралдаж, хэдэн хуулийн төсөл дээр ажилласан бэ?
Өнгөрсөн намрын чуулганы үеэр Төрийн байгуулалтын байнгын хороо 29 удаа хуралдаж, давхардсан тоогоор 165 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл 124, УИХ-ын тогтоолын төсөл 26, Байнгын хорооны тогтоол дөрөв, албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудал 13-ыг хэлэлцжээ. Эдгээр хэлэлцсэн асуудлаар Байнгын хорооны 30 санал, дүгнэлт, таван танилцуулга гаргаж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооноос нийт 20 хууль, үүн дотор бие даасан хоёр, нэмэлт, өөрчлөлт оруулах 14, хууль хүчингүйд тооцох хоёр, УИХ-ын тогтоолын төсөл 24-ийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан байна.
-Төрийн байгуулалтын байнгын хорооноос гарч ажилласан ажлын хэсгүүдийн талаар ямар тайлбар хийх вэ?
Манай байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай, Сонгуулийн нэгдсэн хуулийн төслүүдийг тус тус боловсруулах, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай, Хяналтын тухай болон Нийтийн сонсголын тухай зэрэг болон бусад хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 11 ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд тайлант хугацаанд долоон ажлын хэсэг 11 удаа хуралдсан байна.
-УИХ-ын байнгын хороод хуулийн төсөл дээр ажиллахаас гадна судлаачид, мэргэжлийн хүмүүсийг оролцуулан тухайлсан сэдвээр хэлэлцүүлэг, яриа өрнүүлдэг. Танай байнгын хороо энэ талаар ямар ажил хийсэн бол?
Тухайлсан нэг сэдвээр хэлэлцүүлэг, мэтгэлцээн явуулах нь УИХ-ын байнгын хороодын бас нэг чухал ажил юм. Төсвийн байнгын хорооноос намрын чуулганы хугацаанд нийт долоон удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, тэр үеэр холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох болон хуулийн төслийн талаар иргэд, олон нийт, хэлэлцүүлэгт оролцогчдоос санал авч ажиллалаа.
Тухайлбал Хяналтын тухай хуулийн төслийн талаар зарим аймаг, сум болон нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтран хэлэлцүүлэг хийж, нийт иргэдээс 400 гаруй санал хүлээн авсан. Ажлын хэсэг эдгээр саналуудыг нэг бүрчлэн судлан үзэж, төсөлд тусгах эсэхийг шийдвэрлэнэ.
Түүнчлэн Нийтийн сонсголын тухай хуулийн төслийн талаар Нээлттэй нийгэм форум болон НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгээс гарсан саналуудыг хуулийн төслийг хэлэлцэх үед анхаарч ажиллах үүднээс ажлын хэсэг болон Байнгын хорооны нийт гишүүдэд хүргүүлээд байгаа.
Мөн “Нутгийн Удирдлагын цаашдын хандлагыг зөв тодорхойлох нь” сэдвээр “Монголын нутгийн удирдлагын холбоо”-той хамтран, Монгол Улсын төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн асуудлаар Швейцарийн хөгжлийн агентлаг, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран “Макро эдийн засгийн Т21 загвар”-ын талаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Мянганы хөгжлийн институтийн шинжээчдийн багтай хамтран, “Хотын захирагч-2014” хэлэлцүүлгийг Монголын хотуудын холбоотой хамтран тус тус зохион байгуулсан.
-Төрийн байгуулалтын байнгын хороо бол УИХ-ын байнгын хороод дотор нэлээн өндөр ач холбогдолтой, иргэдийн сонирхсон асуулт, санал гомдолд хариулж өгөх учиртай газар. Ер нь ард иргэдээс санал гомдол, өргөдөл аль хэр ирдэг юм бэ дээ?
Санал гомдол, өргөдөл хүсэлт ирнэ ээ ирнэ. Өнгөрсөн намрын чуулганы үеэр манай байнгын хороонд хаяглан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс 196 албан бичиг, зургаан өргөдөл ирсэн байна. Тухайн асуудлуудыг шат дараалан шийдвэрлэж, хариуг нь өгсөн. Мөн манай байнгын хорооноос 116 албан бичиг бусад газрууд руу явуулсан байна.
-Намрын чуулганы хугацаанд төлөвлөсөн бүх асуудлаа хэлэлцэж амжсан уу. Учир нь бүх шатны дарга нарын томилгооны асуудалд нэлээн цаг зарах шиг болсон л доо?
Энд нуугаад байх зүйл байхгүй. Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн бүх асуудлаа амжиж хэлэлцэж чадаагүй. Яагаад гэхээр төлөвлөгөөнд ороогүй хөндлөнгийн асуудлууд олон гарч ирсэн. Гэхдээ төлөвлөсөн асуудлуудын бэлтгэлийг сайн хангаж авсныг хэлэх ёстой. Тухайлбал Сонгуулийн тухай хууль, Улстөрийн намын тухай хууль, Хяналтын тухай хууль зэргийг дурдаж болно. Одоо эдгээр хуулиуд хаврын чуулган эхлэнгүүт шууд хэлэлцэгдээд явах боломжтой болсон.
-Сонгуулийн тухай хуулийн анхны хувилбар бэлэн болсон гэж ойлголоо. Энэ хувилбараар сонгуулийн ямар тогтолцоог илүүтэй дэмжсэн дүгнэлт гарсан гэж ойлгож болох вэ?
Сонгуулийн тухай хуульд ажлын хэсэг гарч багагүй ажил амжуулсныг хэлэх ёстой. Гэхдээ ажлын хэсгийнхний дунд одоо ч эцэслэн шийдээгүй маргаантай асуудал нэлээн байгаа. Төрийн байгуулалтын байнгын хороон дарга гээд л ажлын хэсгийн тодорхой дүгнэлт гараагүй байхад өмнүүр нь орж ажлыг нь тайлбарлах нь зохимжгүй юм. Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсэгт УИХ-д суудалтай бүх нам, эвслийн төлөөлөл орсон байгаа. Гэхдээ зарчмын зөрүүтэй цөөхөн асуудлаас бусад дээр нь үндсэндээ зөвшилцөж дууссан гэж ойлгож болно.
Таны асуусан Сонгуулийн тогтолцооны асуудлаар УИХ-д суудалтай намуудын байр суурь багагүй ялгаатай байгаа. Ажлын хэсгийн гишүүдийн зарим нь УИХ-ын 76 гишүүний 28 нь намын жагсаалтаар, 48 нь тойргоос сонгогчдын саналаар сонгогдох хувилбарыг дэмжиж байхад зарим нь 100 хувь мажоритар системээр сонгууль явуулах нь зөв гэж санал хуваагдаад байна. Зарчмын зөрүүтэй цөөхөн асуудал дээр хаврын чуулган эхлэнгүүт яаралтай зөвшилцөөн явагдаж таарна.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ард нийтийн санал асуулгын дагуу явуулахаар болж байна уу, аль эсвэл УИХ-д суудалтай намуудын дунд зөвшилцлийн аргаар явуулчих бодолтой байна уу?
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлын тухайд бол “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хууль” байгаа. Тэр хуулиар бол ямар асуудлыг хөндөж болох вэ, ямар асуудлыг хөндөхгүй вэ гэдгийг маш нарийн хуульчилчихсан байгаа. Тэгэхээр энэ удаа хэсэгчилсэн өөрчлөлт орох нь тодорхой. Үндсэн хуулийн өөрчлөлтийн ажлын хэсэг эхлээд чиглэлээ илүү тодорхой болгох байх.
Дараа нь холбогдох улстөрийн намуудаас, олон нийтээс зохих санал дүгнэлтүүдийг авч таарна. Энэ асуудалд Төрийн байгуулалтын байнгын хороо ихээхэн ач холбогдол өгч, анхаарч ажиллана. Ерөнхийдөө МАН-ын гишүүдийн олонх нь 100 хувь мажоритар буюу нэг тойрог, нэг мандат гэсэн системийг дэмжиж байгаа юм билээ.
Харин манай АН-ын гишүүдийн хувьд 28:48 буюу холимог системээр сонгууль явуулах нь зүйтэй гэсэн байр суурь зонхилж байгаа. Миний хувьд Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн гишүүний хувьд сонгууль явуулж байгаа системээ ойр ойрхон өөрчлөөд байх нь зохимжгүй гэсэн л байр суурьтай байна.
-Сонгуулийн тухай, Улстөрийн намын тухай, Улстөрийн намын санхүүжилтийн тухай хуулиуд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас өмнө батлагдах уу. Дараа нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал эдгээр хуулийн зарим зүйл заалт бас л зайлшгүй засч, янзлах шаардлагатай болчихгүй байгаа?
Яах аргагүй энэ гурван хууль Үндсэн хуультай шууд холбоотой. Тэгэхээр хоорондоо яах аргагүй холбоотой дээрх хуулиудыг ялгаж, салгаж авч үзэж болохгүй. Жишээлбэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг эхэлж батлачихаад нөгөө хэдээ сүүлд нь баталъя гэвэл хэлэлцэх асуудалд саад болох, зарим тооцоолоогүй хүндрэл гарах шинж байдал бол яах аргагүй байгаа.
Тийм учраас эдгээр хуулиудыг зэрэгцүүлээд л явуулах ёстой. Эцсийн бүлэгт энэ гурван хуулийг батлах явцад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай бол яг л зэрэгцүүлээд явахаас өөр гарц харагдахгүй байгаа.
Гэхдээ яаж зохион байгуулахыг тухайн үед нь цаг алдалгүй, хооронд нь сайтар уялдуулаад авч явах боломжтой л гэж харж байна. Нөгөөтэйгүүр эдгээр хуулиудыг зайлшгүй батлан гаргасан байх ёстой хуулийн хугацаа гэж байгаа. Тэгэхээр энэ асуудалд УИХ-д суудалтай бүх нам, эвслүүд их хариуцлагатай хандах шаардлагатай болоод байна.
-УИХ-ын гишүүдийн тоог 108 ч юм уу, түүнээс олон болгох шаардлагатай талаар “Шударга ёс” эвслийн бүлгийн нэлээн хэдэн гишүүн ярьж байсан. Энэ асуудал юу болсон бэ. Мөн дээрх хуулийн төслийн ажлын хэсгүүдийн ахлагчид өөрчлөгдсөн гэсэн үү?
УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай асуудал одоогоор яригдаагүй. Тэгээд ч улс орны эдийн засаг хүндрэлтэй энэ цаг үед тэр асуудал төдийлөн дэмжигдэж, яригдахгүй л болов уу. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаарх ажлын хэсгийг Н.Батбаяр гишүүн ахалж, шинэ Үндсэн хуулийг батлалцаж байсан туршлагатай гишүүд ажиллаж байгаа учир Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болвол хуулийн хугацаанд амжуулахад эргэлзэх зүйлгүй.
Харин Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийг Р.Бурмаа гишүүн ахалж байсныг УИХ-ын даргын захирамжаар Ж.Батзандан гишүүн ахлахаар болоод байгаа. Улстөрийн намын тухай хуулийн ажлыг хэсгийг С.Баярцогт гишүүн ахалж байсан бол З.Энхболд даргын захирамжаар Ш.Түвдэндорж гишүүн ахлахаар болсон. Ажлын хэсгүүд тус тусдаа нэлээн ачаалалтай ажиллаж байгааг хэлэх ёстой.