О.Баасанхүү: Өргөдлийн байнгын хороо ганц өргөдлийн араас ч уйгагүй хөөцөлдөнө
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү
2015.03.03

О.Баасанхүү: Өргөдлийн байнгын хороо ганц өргөдлийн араас ч уйгагүй хөөцөлдөнө

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга, С.Ганбаатар нар Сэлэнгэ аймгийн Мандал сум, Дархан хотын ард иргэдтэй уулзаж Ноён уулын эргэн тойронд үүсээд байгаа асуудлыг судалж яваад иржээ. О.Баасанхүү гишүүний хувьд УИХ-ын Өргөдлийн байнгын хороон дарга болсноосоо хойш ард иргэдийн санаа бодлыг илүүтэй сонсох болж, орон нутагт ойр ойрхон томилолтоор ажилладаг болсон. Мэдээж УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргын хувьд ард иргэдтэй хамгийн ойр ажиллаж тэдний санаа бодол, өргөдөл гомдлыг хууль тогтоох дээд байгууллагын ажилтай уялдуулан зангидах нь түүний гол ажил байх ч учиртай. Ингээд О.Баасанхүү даргатай сүүлийн үед үүсээд байгаа асуудлуудын нөхцөл байдлын талаар сонирхон ярилцсанаа хүргэж байна.

-МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас дуудаж мэдүүлэг авсан нь тэрүүхэндээ хөөрхөн шуугиан дэгдээсэн. Энэ талаар УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга, хуульч хүний хувьд ямар бодолтой явна?

Энэ үйл явдлын талаар надад тодорхой дэлгэрэнгүй мэдээлэл хараахан алга байна. Би тэр үед Сэлэнгэ, Дархан-Уул аймагт томилолтоор ажиллаж байсан болохоор болсон процессын талаар нарийн ширийн зүйл ярих бололцоогүй байна.

-Та сая Сэлэнгэ аймагт Ноён уул, Гацууртын ордыг тойрсон асуудлыг судалж яваад ирсэн юм байна. Ард иргэдийн санаа бодол ямархуу янзтай байна?

Мэдээж нутгийн иргэд 70 тонн алтныхаа өчүүхэн хэсгийг Монголчууд хүртэхээр болчихоод байгаа луйврын шинжтэй энэ үйл ажиллагааг эрсэсэргүүцэж байна. Одоогоор Гацууртын ордыг 15 жил орчим хугацаанд ашиглах дүр зураг харагдаж байгаа юм билээ. Жилд таван тонн алт олборлох замаар. Гэтэл Монголчуудад үнэхээр өчүүхэн хувь нь ногдох байдалтай байгаа. Бид Оюутолгойд ямар хохиролтой гэрээ байгуулчихаад одоо яаж ч чадахгүй байгаа. Тэгэхээр Гацууртын ордод Оюутолгойн алдааг яагаад ч давтаж болохгүй, ард нийтээрээ эсэргүүцнэ гэдгээ Сэлэнгэ аймгийн Мандал сумынхан, Дархан-Уул аймгийн иргэд биднээр дамжуулан УИХ, Засгийн газарт сонордуулж байна.

Ер нь Монголчууд  бид дахиж бий болдоггүй энэ эрдэс баялгийн салбартаа маш их алдаатай, буруу зохицуулалттай яваад байна. Жишээ нь одоо ид яригдаж байгаа Тавантолгойн ордыг л аваад үзье л дээ. Энэ ордын нөөцийг аль эрт социализмын үед тогтоочихсон. Гэтэл Сү.Батболд, С.Баяр, Баабар зэрэг тодорхой ашиг сонирхлын зөрчилтэй хэдэн нөхөр тэр их баялагийн ихэнх хувьд нь эзэн суучихсан байсан. Тухайн үед Монгол Улсын Еренхийлөгч байсан Н.Энхбаяр дарга Тавантолгойн ордын 98 хувийг дээрх этгээдүүдээс буцаан авч нийт ард түмний мэдэлд шилжүүлсэн. Ингэж ард түмний мэдэлд шилжүүлсэнээр “Эрдэнэс Тавантолгой" гэдэг төрийн мэдлийн компаниа байгуулж, Монголын ард түмэн 1072 хувьцаа эзэмших эрхтэй болсон

-Яг одоо энэ 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд, тэгэхдээ хэрхэн ашигтай байдлаар оруулах вэ гэдгийг л ярилцаад байгаа дуулдах юм?

Өнөөдрийн байдлаар М.Энхсайхан сайдын тайлбарлаж байгаагаар 51:49 харьцаагаар Монголын тал, хөрөнгө оруулагчид хамтран эзэмших гэрээ явагдаж байгаа ч бас л эргэж харууштай, сайтар нягтлууштай олон асуудал босч ирж байгаа юм билээ. Тавантолгойн хувьд нийт баялгийнх нь 20 хувь нь Монголын ард түмний өмч юм. Гэтэл ард түмний өмч болсон нөгөө 20 хувь нь ямар ч үнэ цэнэгүй, нэг ёсондоо олох ашгийн гадна үлдэж магадгүй байдалтай болчихоод байгаа.

Яг энэ асуудлаар УИХ-ын Өргөдлийн байнгын хороо хуралдаж Засгийн газарт тодорхой чиглэл өгсөн тогтоол гаргасан. Энэ тогтоолоор Монголын ард түмний эзэмшлийн 1072 хувьцааг ямар ч байсан блансад тусга, хоёдугаарт сая төгрөгөө авах уу, сургалтын төлбөрөө төлөх үү гэж асуугаад “тэгье” гэсэн мөртлөө ямар ч хариу аваагүй олон иргэн байгаа. Тэдний 1072 хувьцааг буцааж хүчинтэй болгон блансад нэмж ав гэсэн чиглэл өгсөн.

Нөгөөтэйгүүр Тавантолгойн 51хувьд нь “ММС” гэдэг Гонгконгын компани биш Монголын төрийн мэдлийн “Эрдэнэс Тавантолгой” гэдэг компани эзэн сууж, үйл ажиллагааг нь жигдрүүлэх ёстой гэсэн байр сууриа тодорхой илэрхийлсэн.

Тавантолгойн ордыг ашиглах “Төслийн компани”-ийн 5 нь Гонгконгийн биржид бүртгэлтэй ММС буюу "Mongolian mining corporation’’-ы 49% нь Хятадын төрийн өмчит “Шинхуа” компанийн эзэмшилд очих гэж байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн тодорхой заалттай зөрчилдөж байгаа. Хэдийгээр “ММС” компанийн 43.7 хувийг “Эм Си Эс Холдинг”, 5.5 хувийг Худалдаа хөгжлийн банк, 4.9 хувийг Шунхлай групп, 3.6 хувийг Петровис компаниуд эзэмшдэг нэрээр өөрсдийгөө дотоодын хөрөнгө оруулагч гэж байгаа ч ямар ч тохиолдолд БНХАУ-ын төрийн мэдлийн “Шинхуа энержи”-д худалдагдахгүй гэсэн баталгаа байхгүй.

-УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдийн санаачилж өргөн мэдүүлсэн нэлээн олон хуулийн төсөл өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцэгдэлгүй дарагдаад байгаа талаар З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар нарын гишүүд шүүмжилж байсан. Энэ талаар?

Өнөөдөр Монголын шоронд 8000 орчим хоригдол эрхээ хасуулаад хоригдож байгаа. Тэнд хэн хоригдож байна гэхээр Монголын ирээдүй болсон ч ядуугийн улмаас, ажилгүйн улмаас гэмт хэрэгт холбогдсон борчуудын хүүхдүүд, борчууд л хоригдож байна. Амьдралдаа нэг алдаж эндсэн иргэддээ төр өршөөл үзүүлээд ирээдүйн амьдралыг нь зөв тийш нь залаад уучлал өршөөл үзүүлэх хэрэгтэй шүү дээ. 

Тэртэй тэргүй төрийн тэргүүн нь ямар хүмүүсийг өршөөгөөд байгааг хүмүүс харж л байна шүү дээ. Алдаж, эндсэн залуучууддаа өршөөл үзүүлье, хууль санаачилчихлаа хэлэлцүүлээд батлаад өгөөч гэхээр “Удахгүй гоё хуультай болно. Тэгэхээр гаргана” гээд л байлгаад байна. Тэгээд бидний санаачилсан Өршөөлийн хуулийг хав дарчихсан. Харин өөрсдөдөө хэрэгтэй Эдийн засгийн өршөөлийн хуулиа аль эрт яриад, бүгдээрээ үүнийгээ хэзээ батлах вэ гээд, жинхэнэ хороо хутгаад бэлэн болгочихсон. Тэрэн дотроо татвараа өршөөх үү, офшор дансаа өршөөх үү гээд бүхнийг тооцчихсон байгаа мөртлөө офшор данснаасаа мөнгөө оруулж ирэх талаар ерөөсөө дурдахгүй, ярихгүй байх жишээтэй.

Бид нар өнөөдөр давын өмнө офшор данстай л бол хэн ч байлаа гэсэн улстөрд хөл тавих ёсгүй гэсэн хууль гаргая л даа тэгвэл. Тэгвэл өнөөдрийн УИХ-ын 76 дотор офшор дансгүй хэн байгаа юм бэ айн, бараг л ганц би торойгоод үлдэх байх шүү, Бараг юмгүй миний мэдэж байгаагаар надаас бусад нь офшор данстай шүү. Бид нар 1990 онд бүгдээрээ л “0”-ээс эхэлсэн шүү дээ. Гэтэл өнөөдөр зарим хэсэг нь хэдэн зуун тэрбумын хөрөнгөтэй болчихоод, гадаадад офшор дансанд нуун байршуулж байна шүү дээ. Бид бүгдээрээ л ганзгын наймаагаар эхний хуримтлалаа цуглуулсан.

Гэтэл ганц удаа ганзага үүрээд Эрээн явж үзээгүй ч, сургуульд байхаасаа л дарга хийсэн, өнөөдөр ч том дарга хийгээд явж байгаа нөхдүүд энэ УИХ-д сууж л байна. Гэтэл тэд ганц удаа ганзага үүрээд наймаа хийж үзээгүй, ганц хүрз нүүрс гаргаагүй хэрнээ яаж тийм их мөнгөтэй болж, заримыг нь гадаадын офшор бүсэд байршуулчихсан нь гайхалтай биш гэжүү.

Гартаа 15 мянган ам. долларын утас барьчихаад мэргэшсэн дарга болчихсон тэдгээр нөхдүүдийн эхнэр, хүүхдүүд нь 20 мянган ам. долларын цүнх бариад л гунхаж явдаг нь нууц биш болчихсон л доо. Бидний үеийнхэн цалингаараа тэгж амьдрах, тэгж баярхах ямар ч боломжгүй. Тийм болохоор тэр хүмүүсийг хулгай хийсэн, хийж байна гэхээс өөр үнэн байхгүй шүү дээ.

-Монгол Улсын хууль иргэн бүртээ тэгш үйлчилж яагаад ч чадахгүй байна. Одоо ер нь энэ завхрал, гажуудлаас яаж гарах вэ. Тийм боломж, арга чарга харагдана уу?

Үнэхээр Монгол Улсын хууль иргэн бүрт тэгш үйлчилж чадахгүй, ард иргэдээ хэд хэд ангилан ялгаварлаж үйлчилж байгааг та мэдэж байна, би бүр сайн мэдэж байгаа. Яагаад эрх тэгш үйлчилж чадахгүй байна гэвэл эрх мэдэлтэй хүмүүс энэ хуулийн чинь дээр нь сууж байгаа.

Тийм ч учраас өөрсдөө шоронд орохгүй байх хуулиа батлаад байна. Өршөөлийн хуулийг яагаад дараад байна гэхээр буухаасаа өмнө бол яагаад ч батлуулахгүй байх бүхнийг хийж байна. Яг буухынхаа өмнө батлуулж магадгүй. Яагаад гэвэл “Би ч гэсэн түүнд нь хамрагдана" гээд л сууцгаагаад байна шүү дээ. Өнөөдөр ийм л арчаагүй, үнэхээр шударга бус нийгэм үүсчихээд байна.

-Өнөөдөр ард иргэдийн худалдан авах чадвар хоёр дахин буурч, амьдралын чанар өдрөөс өдөрт дордож байна. Иймэрхүү байдалтай холбоотойгоор УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд өргөдөл гомдол аль хэр ирж байна?

Бид ирж байгаа өргөдөл гомдол, санал хүсэлтийг “Нийтийн шинжтэй, хувийн шинжтэй" гэж хоёр хуваан ангилан авч үзэж байна. Өнөөдрийн байдлаар Бид ирж байгаа өргөдөл гомдол, санал хүсэлтийг “Нийтийн шинжтэй, хувийн шинжтэй” гэж хоёр хуваан ангилан авч үзэж байна. Өнөөдрийн байдлаар 30 гаруй мянган өргөдөл, санал гомдол Өргөдлийн байнгын хорооны хаягаар ирчихээд байгаа. Товчхондоо амьдрал нь өдрөөс өдөрт дордсоор байгаа жирийн ард иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлтэд манай байн­гын хороо даруулчихаад сууж байна. Хамгийн сүүлийн үеийнхээс нь дурдахад Ноён уулын асуудлаар 16 мянган хүний гарын үсэггэй өргөдөл ирсэн.

Тэтгэврийн зээлийн асуудлаар найман мянган хүний өргөдөл, хэлмэгдлийн асуудлаар 400 гаруй гээд тоочоод байвал их цаг орно. Хамгийн гол нь энэ олон хүний өргөдөл гомдлыг бид хүлээн авч байгаагийн хувьд тодорхой бодлого болгохоос өөр арга байхгүй. Жишээлбэл Тавантолгойн 1072 хувьцааны асуудлаар л гэхэд 5000 өргөдөл ирсэн учраас Засгийн газарт чиглэл өгч, УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд хуульд хяналт тавих, хууль хэрэгжүүлэхийг шахаж, болохгүй бол хариуцлага хүлээлгэх механизмынхаа хүрээнд л явахаас өөр аргагүй. Энэ ч үүднээс Өргөдлийн байнгын хорооноос Засгийн газарт найман тогтоол явуулсан.

Эхний байдлаар 50 орчим хувийн биелэлттэй яваа дуулдана лээ. Одоо бид чуулганы завсарлагааны хугацаанд газар дээр нь очиж хяналт тавьж ажиллана. Бидний зүгээс одоо дахин Засгийн газарт чиглэл өгөх гээд бэлдэж байна. Бидний шаардлагын хариуг өгөхгүй бол тухайн сайдыг нь огцруулах хүртэл тэмцэл явуулах болно. Ямар ч гэсэн УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд ирсэн ганц ч гэсэн хүний өргөдөл, гомдлыг шийдүүлэхийн төлөө уйгагүй ажиллаж тэмцэх болно.