Монгол телевизийн хураамж
2015.03.03

МҮОНРТ-ийн төлбөрийг цахилгааны төлбөр дээр нэмж төлнө

Кабелийн суваг хэрэглэж, төлбөр төлдөг байсан ч давхар Монгол телевизийн хураамж гэж төлөхөөр болжээ.

Энэ журам өмнө нь гэр хорооллын айл өрхөөс цахилгааны төлбөр дээр нэмж суутган авдаг байсан бол энэ оноос эхлэн бүх айл өрх, аж ахуйн нэгжээс авахаар болжээ.  Тухайлбал нэвтрүүлгийн үйлчилгээний хураамжийг цахилгааны төлбөр төлөхдөө өгөх гэнэ.

Энэ талаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Д.Цэнгэлмаа “Телевизийн нэвтрүүлгийн хураамжийн хувьд айл өрх болон байгууллага, аж ахуйн нэгжүүд нь Монгол Улсын олон нийтийн радио телевизийн тухай хуульд заасны дагуу төлөх ёстой. Өөрөөр хэлбэл нийтийн антен, сансрын хүлээн авах, нэвтрүүлэх станц, кабелийн телевизийн шугамтай эсэхээс үл хамааран заавал төлөх ёстой.

Хураамжийн хэмжээ 1100 төгрөг. Дээр нь НӨАТ орно. Өмнө нь олон нийтийн телевизийн үйлчилгээний хураамжийг өнгөрсөн жилүүдэд зөвхөн нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдээс төвлөрүүлдэг байсан. Харин МҮОНРТ-ийн хүсэлтээр энэ оноос эхлэн нийслэлийн найман дүүрэг, Төв аймгийн сумдын бүх айл өрх, аж ахуйн нэгжээс төвлөрүүлэхээр болсон” гэв.