Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга ноён Жэймс С.Фишкинийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн урилгаар АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны Профессор бөгөөд Стэнфордын Зөвлөлдөх Ардчиллын Төвийн захирал Жэймс С.Фишкин Улаанбаатар хотод ажиллаж байна. Айлчлалын хүрээнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга ноён Жэймс С.Фишкинийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Бидний урилгыг хүлээн авч Улаанбаатар хотод зочилж байгаа танд талархал илэрхийлье. Оройтсон байж магадгүй ч та яг цагаа олж манай хотод ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд шууд ардчилал гэдэг зүйлийг санаачилж, иргэдийн оролцоог аливаа шийдвэрт тусгах ажил эхэлсэн юм. Энэ санал, санаачилгаар нийслэлийн 100 орчим хороонд Иргэний танхим байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж байна. Гэвч энэ иргэний танхимыг бид зөвхөн хэлбэр талаас ашиглахаас, агуулга талаас ажиллуулж чадахгүй байгаа юм. Монгол Улсын 44 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна.
Бидэнд иргэдийн оролцоотой шийдэх олон асуудал бий. Одоогоор нийслэлээс 6 удаа иргэдийн дунд санал асуулга зохион байгуулж, иргэдийн саналаар шийдвэр гаргасан. Гэвч зарим ажилд иргэдийн 60-70 хувийн дэмжлэг авсан ч хэрэгжүүлээд эхлэхэд эсэргүүцэлтэй тулгарч, асуудал үүсэх тохиолдол байна. Тиймээс таны олон улсад хэрэгжүүлсэн иргэдийн саналыг авах, сонсох, шийдвэр гаргасан туршлага бидэнд хэрэгтэй. Томоохон төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ.
Ноён Жэймс С.Фишкин “Иргэдийнхээ саналыг үйл ажиллагаа, шийдвэрт тусгахаар ажиллаж байгаа нь маш том давуу тал. Монгол Улс нь Зөвлөлдөх ардчиллыг хэрэгжүүлэх 22 дахь улс болж байгаа юм. Ерөнхийдөө хөгжингүй, хөгжиж байгаа улсууд энэ аргачлалыг хэрэгжүүлдэг. Энэ нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр санал асуулгыг зохион байгуулж, засаглалын чанарыг сайжруулдаг аргачлал юм. Улаанбаатар хотод хэрэгжүүлэх бүрэн боломжтой” гэж онцлон хэллээ.
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Улаанбаатар хот дүрэмгүй хот. Тиймээс асуудлыг эхнээс нь зөв хийж, хэрэгжүүлэх боломжтой. Ингэхийн тулд ч бид ажиллаж байгаа. Эхлээд хотынхоо асуудлуудыг жагсаая. Тэр жагсаалтаас сонгож зөвлөлдөх ардчиллын аргачлалыг хэрэгжүүлэх хэрэгтэй болов уу” гэлээ. Харин ноён Жэймс С.Фишкин уг саналыг зөв зүйтэй гэж дэмжээд, хамтран ажиллахад таатай байх болно гэдгээ илэрхийллээ.
Дашрамд дурдхад, АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны Профессор бөгөөд Стэнфордын Зөвлөлдөх Ардчиллын Төвийн захирал Жэймс С.Фишкин нь АНУ-ын Елийн Их сургуулийн Улс төрийн Шинжлэх ухааны Бакалаврын зэрэг, Докторын зэрэгтэй. ИБУИНВУ-ын Кэмбриджийн Их сургуулийн Философийн Докторын зэрэгтэй Профессор юм. Ардчилал болон Нийтийн төлөөлөл, Шударга ёсын хэлэлцүүлэг, Иргэдийн дуу хоолой зэрэг номуудыг туурвиж, Deliberative Polling буюу Зөвлөлдөх ардчилал /Нийтийн төлөөлөллийн/ санал хураалтыг үүсгэн байгуулсан. АНУ, ИБУИНВУ, Австрали, Дани, Болгар, БНХАУ, Грек зэрэг орнуудад нийтийн төлөөллийн санал хураалтыг 40 гаруй удаа амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай эрдэмтэн юм