Инновацилаг байцгаая
“Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо” нь үүсгэн байгуулагдсан цагаас хойш 11 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй төрийн бус байгууллага юм.
МЗЭХ-ноос 2015 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа “СУДАЛГАА ХӨГЖЛИЙН МЕНЕЖМЕНТ БА ИННОВАЦИ” уулзалт семинараар эхлүүлж байна. Уулзалт семинар нь 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Баасан гарагт 13.30-18.10 цагт Монгол-Японы Төвийн хурлын танхимд зохион байгуулагдах юм.
МУ-ын Засгийн газраас мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжлийг бий болгох бодлого баримталж байгаа бөгөөд энэхүү бодлогыг хэрэгжүүлэх суурь нь Инновацийн эрх зүйн орчин бүрдүүлэх явдал юм. Эрдэмтдийн судалгааны ажил, шинэ мэдлэг, шинэ санааг үйлдвэрлэлд нэвтрүүлж тодорхой бүтээгдэхүүн, технологи, ажил үйлчилгээ болгон улмаар улс орны эдийн засгийн өсөлтөд хөтлөх Инновацийн тухай хуулийг 2012 онд батласан билээ.
Инновацийн тухай хууль хэрэгжиж эхлээд даруй 3 жил өнгөрсөн боловч МУ-ын хувьд инновацийн соёл, хөгжил эхлэл төдий, инновацийн түвшин доогуур байгаа нь МУ-ын өрсөлдөх чадварыг хойш татаж буй нэг гол үзүүлэлт болж байгааг Дэлхий банкны судалгаа харуулсан байдаг.
Гэвч үүнийг нөгөө талаас нь авч үзвэл Монгол орон инновацийг хөгжүүлэх шилжилтийн идэвхитэй үедээ явж байгаа, цаашлаад инновацийг хөгжүүлэх хамгийн таатай нөхцөл болж болох юм.
Инновацийг бүтээгч, мэдлэг чадвартай хүний нөөцийн томоохон бүрдүүлэгч хэсэг бол манай залуу эрдэмтэд, судлаачид зайлшгүй мөн. Иймд МЗЭХ гишүүдээ дэмжих, тэднийг хөгжүүлэх зорилгынхоо хүрээнд энэхүү уулзалт семинарыг зохион байгуулж байна.
Уулзалт семинарт дараах зорилгуудыг дэвшүүлж байна. Үүнд:
-Шинжлэх ухаан ба инновацийн хөгжлийн чиг хандлага, инновацийн эрх зүйн орчинг танилцуулах,
-Судалгаа хөгжлийн менежмент ба мэдлэгийн арилжаанд эрдэмтэн судлаачдын оролцоог тодорхойлох,
-Залуу судлаач, эрдэмтдийн инновацийг нэвтрүүлэх, хөгжүүлэх хүсэл эрзэлмэлийг төрүүлэх, тэдний үйл ажиллагааг дэмжих.
Тус уулзалт семинарт оролцогч дараах үр ашгуудыг хүртэх боломжтой. Үүнд:
- МЗЭХ-ны 2015 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй танилцах,
-Залуу судлаач, эрдэмтдэд Судалгаа хөгжлийн менежмент, инновацийн салбарын мэргэжилтэнүүдтэй уулзах, мэдээлэл солилцох, тэдэнтэй хамтран ажиллах,
-Оюуны бүтээлийн үнэлэмжээ нэмэгдүүлэх гарцыг олох,
-Судалгаа шинжилгээний ажлын чанар, үр дүнг нэмэгдүүлэх зэрэг болно.