Э.Бат-Үүл Стэнфордын их сургуулийн профессорыг хүлээн авч уулзав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн урилгаар АНУ-ын Стэнфордын : Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны Профессор бөгөөд Стэнфордын Зөвлөлдөх Ардчиллын Төвийн захирал Жэймс С.Фишкин нийслэлд зочилж байна. Тэрбээр өчигдрөөс 27-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллах юм.
Өчигдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хүндэт зочин болон албаны төлөөлөгчдийг нийслэлийн хүндэтгэлийн гэрт хүлээн авч уулзсан байна.
Энэ үеэр Хотын дарга “Миний урилгыг хүлээн авч, Монголын уламжлалт сар шинийн баярын өдрүүд тохиож буй энэ сайхан өдөр Улаанбаатар хотод зочилж байгаа танд талархал илэрхийлье. Монголчууд бид эдгээр өдрүүдэд уулзсан хүмүүсийнхээ амар мэндийг эрж хөөрөг зөрүүлэн тамхиладаг уламжлалтай” гээд ноён Жэймс С.Фишкинтэй хөөрөг зөрүүлсэн юм.
Харин ноён Жэймс С.Фишкин “Юуны өмнө Монгол сайхан нутагт, тэр дундаа Улаанбаатар хотод зочилж байгаадаа туйлын их таатай байна. Өнөөдөр тантай уулзаж байгаа минь нэр төрийн хэрэг. АНУ-ын Стэнфордын Их сургуулийн эрдэмтэн профессорууд таныг Монголд ардчилсан хувьсгал өрнөхөд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм хүн хэмээн хүндэтгэдэг” хэмээн хэллээ.