АШУҮИС орчин үеийн Цөм лабораторитой боллоо
АШУҮИС эрдэмтэн багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг чанарын өндөр түвшинд хүргэн, судалгааны их сургууль болох зорилтынхоо хүрээнд эрдэм шинжилгээний Цөм лаборатори байгуулан өнөөдөр ашиглалтанд хүлээлгэн өгч байна.
Монгол Улсын Засгийн газар, БСШУЯ-ны 4.4 тэрбум төгрөгийн санхүүжилт, АШУҮИС-ийн өөрийн төсвийн 1 тэрбум төгрөг, нийт 5.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулагдаж буй Цөм лаборатори нь улсын хэмжээнд орчин үеийн эрдэм шинжилгээ, судалгааны өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон анагаахын судалгааны анхны лаборатори аж.
Цөм лаборатори байгуулагдсанаар анагаах ухааны салбарт эсийн өсгөвөр, молекул биологи, нуклейн хүчил, уургийн болон химийн анализ, эмгэг судлал, амьд эсийн дүрслэл, туршилтын амьтны лаборатори гэсэн үндсэн зургаан чиглэлээр олон улсын жишигт хүрэхүйц эрдэм шинжилгээ, инновацийн судалгааны ажлыг хэрэгжүүлэх бүрэн боломж бүрджээ.
Мөн Монгол Улсын анагаах ухааны салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд чанарын ахиц гаргахад голлох үүргийг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Цөм лабораторид АНУ, ХБНГУ, Япон, БНСУ, БНХАУ зэрэг орны дэлхийд танигдсан, нэр хүндтэй компаниудад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжүүдийг суурилуулжээ.
Тухайлбал өндөр хүчин чадал бүхий шингэний хромотограф, масс спектрометр, нуклейн хүчлийн дараалал тодорхойлогч, бодит хугацааны полимеразын гинжин урвалын машин, электрон конфокал микроскоп гэх мэт. Ялангуяа амьд эсийн дүрслэлийн Live Cell Imaging технологийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлэн ашиглахад бэлэн болсон байна.
АНУ, ХБНГУ, Япон, БНСУ, БНХАУ, Австрали, Тайвань зэрэг өндөр хөгжилтэй орнуудад орчин үеийн судалгаа шинжилгээний арга аргачлал, шинэ технологи эзэмшин, эрдмийн зэрэг хамгаалсан залуу багш, судлаачид тус лабораторид ажиллаж, эмнэлзүйн практикт нэвтрүүлэх, шинийг эрэлхийлэн, судалгааны үр дүнг үйлдвэрлэл, зах зээлийн бүтээгдэхүүн болгон гаргахад энэхүү лаборатори томоохон үүрэг гүйцэтгэнэ.