Д.Бум-очир: Байгалийн ухааны салбарт элсэх оюутны тоо цөөрсөн нь ЕБС-иуд багшийн дутагдалтай хамааралтай
2024.11.26

Д.Бум-очир: Байгалийн ухааны салбарт элсэх оюутны тоо цөөрсөн нь ЕБС-иуд багшийн дутагдалтай хамааралтай

МУИС-ийн ШУС-ийн удирдлага, эрдэмтэн багш нар байгалийн ухааны салбарт тулгамдаж байгаа асуудлаар энэ сарын 20-нд хэвлэлийн бага хурал хийлээ. 

Академик боловсролын салбарын төлөөлөл болж парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Бум-очир эл асуудлын хүрээнд дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр, “МУИС-ийн ШУС-ийн удирдлагууд маш чухал асуудлыг хөндлөө. Миний бие төрийн өмчит их сургуулиудын асуудлуудыг чухалчилж, ажил хэрэг болгохоор шамдаж байгаа. 

  1. Төрийн өмчит их дээд сургуулиудыг төрийн бодлогоор дэмжих ёстой. 1990-ээд оноос хойш оюутны сургалтын төлбөрөөр санхүүжиж, түүгээрээ багш нарынхаа цалинг тавьж оршин тогтнож ирсэн. Гэтэл суурь шинжлэх ухаан гэдэг бол чөлөөт зах зээлийн зарчмаар хөгждөг зүйл биш, төрийн бодлогоор дэмжин хөгжүүлдэг салбар. Суурь шинжлэх ухааны хөтөлбөрийг нэг оюутан сонгон судалж, санхүүгийн алдагдалтай байсан ч авч явж байх ёстой. Хэрвээ эдийн засгийн ашиггүй гэж тэр хөтөлбөрийг хаавал Монголд суурь шинжлэх ухааны хөгжил зогсоход хүрнэ. Их сургууль судалгааны их сургууль гэгдэх боломжгүй болно. Тиймээс төрийн бодлогоор дэмжин хөгжүүлж байх учиртай. 
  2. Байгалийн шинжлэх ухааны салбарт элсэх оюутны тоо сүүлийн жилүүдэд эрс буурч байгаа явдал бол ЕБС-д байгалийн ухааны хичээлийн багшийн дутагдалд орсонтой шууд хамааралтай. Үүний үр дүнд байгалийн шинжлэх ухааны чиглэлээр сонирхон суралцах хүүхэд залуучуудын тоо цөөрч байгаа хэрэг юм. Цаашид байгалийн шинжлэх ухааны чиглэлийн хүний нөөц улам цөөрөх эрсдэлтэй.
  3. Шинжлэх ухааныг дэмжинэ гэхээр Шинжлэх ухааны академийг дэмжээд байдаг. Их сургуулиуд төсөвт байгууллага биш гэсэн шалтгаанаар орхигдоод байдаг. Гэтэл их сургууль гэдэг бол зөвхөн дээд боловсролын байгууллага биш бас шинжлэх ухааны байгууллага гэдгийг орхигдуулж ирснийг засах хэрэгтэй. 
  4. Энэ асуудлыг шийдвэрлэхэд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай. Боловсролын багц хуульд төрийн өмчит их сургуулиудын эрх зүйн асуудал бүрэн хангагдаж чадаагүй бөгөөд цаашид судалгааны их сургуулийн тухай хуультай болох шаардлагатай байгаа. Энэ чиглэлээр ажиллах болно" хэмээн өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.