Г.Батхүү: Бид фракцыг өөрчилж чадах зарчимд нэгдсэн
УИХ-ын гишүүн Г.Батхүү
2015.02.24

Г.Батхүү: Бид фракцыг өөрчилж чадах зарчимд нэгдсэн

УИХ-ын гишүүн Г.Батхүүгээс Ардчилсан намд шинэ фракц байгуулах асуудлаар дараах тодруулгыг авлаа.

-Ардчилсан намд шинээр байгуулагдаж буй фракц бусад фракцаас юугаараа ялгаатай вэ?

Фракц биш санаачилга. Учир нь ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, Ардчилсан нам болон Монголын төрийг ардчилсан зарчмаар улс орноо удирддаг, Монголын иргэд ардчилсан нийгэмд амьдрах тэр бололцоо боломжийг бүрдүүлэхийн төлөө 1990 онд ялсан.

Ардчилсан хувьсгалын үзэл баримтлалын түгээн дэлгэрүүлэх, нийгэмд сурталчлах, тэр зарчмаар бүх шийдвэрүүд гардаг байхад бид туслалцаа дэмжлэг үзүүлж, нөлөөллийг хийдэг байхын тулд санаачилга байгуулсан.

Санаачилга бол ямар нэг фракц шиг хэн нэгнийгээ дарга сайд болгохын төлөө ч юм уу, хэн нэгнийхээ эрх ашгийн төлөө үйлчилдэг байгууллага биш. Бид мөн тодорхойлсон зарчмууд дээрээ нэгдээд, үүнд мөн нэгдэж байгаа ямар ч хүмүүсийг элсэж орох боломжийг нээж байгаа.

Санаачилга бол ямар нэг фракц шиг хэн нэгнийгээ дарга сайд болгохын төлөө ч юм уу эрх ашгийн төлөө үйлчилдэг байгууллага биш

-Намын гишүүдийн дэмжлэгийг хэр авч байгаа вэ?

Намын удирдах зөвлөл, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, ҮЗХ-ны гишүүд, УИХ-ын гишүүдийн зүгээс дэмжлэг авч байгаа. Бид Ардчилсан нам фракцгүй байх нь зүйтэй гэсэн саналыг нилээд эрт дэвшүүлж, хэд хэдэн гишүүдэд санал тавьсан боловч фракцгүй болох асуудалд олон хүн нэгдэж чадахгүй байгаа юм. Тийм учраас фракцийг өөрчилж чадах зарчим дээр нэгдэж байгаа юм.

Бид Ардчилсан нам фракцгүй байх нь зүйтэй гэсэн саналыг нилээд эрт дэвшүүлсэн

-Бас нэг асуулт байна. Ардчилсан намын дарга асан Н.Алтанхуяг сонинд өгсөн ярилцлагадаа АТГ нам, бүлэглэлийн эрх ашигт нийцүүлж үйлчилдэг гэсэн утгатай зүйл хэлсэн байсан. АТГ-ын үйл ажиллагаа нь үнэхээр улс төрийн нөлөөлөлд автсан юм уу, та үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?

АТГ ямар нэг хууль бус үйлдэл хийж байгаа бол УИХ энэ байгууллагыг томилдог учраас өөрсдөө хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Хэрэв УИХ-ын харьяа байгууллага ямар нэг хуулийн хүрээний бус үйлдэл хийж байгаа бол их хурал үүнийг нь засах ёстой. Яг өнөөдрийн нөхцөлд бол АТГ ингээд хууль бус үйлдэл хийлээ гэж УИХ ч юм уу, түүнээс гарсан ажлын хэсэг ч юм уу тогтоогоогүй байна. Шаардлагатай гэвэл бид энэ ажлыг зохион байгуулна, Тусгай хяналтын дэд хорооны даргын хувьд энэ асуудалд нилээд анхаарч ажиллана.