Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгчөөр С.Эрдэнийг батламжилжээ
“Ардчилсан хүчний холбоо”-ны таван жилийн түүхэн ойд зориулсан баярын их хурлын арга хэмжээ өнгөрсөн амралтын өдөр Улсын драмын эрдмийн театрт боллоо.
Монголоо шинэчлэх зорилго тэмүүлэлтэй, ардчилсан үзэл бодолтой, оюунлаг боловсон хүчнээр өдрөөс өдөрт эгнээгээ тэлж буй “Ардчилсан хүчний холбоо” төрийн бус байгууллагын ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ ажилладаг билээ. Мөн тус холбооны дэд ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Г.Баярсайхан, С.Одонтуяа, Д.Арвин, Ж.Батзандан, Д.Батцогт нар сонгогдсон юм.
Энэ утгаараа, их хурлын тайзнаа “Ардчилсан хүчний холбоо”-ны ерөнхийлөгч С.Эрдэнэ болон дэд ерөнхийлөгчид болох эрхэм гишүүд өөрсдийн батламжийг гардан авч цаашдын үйл ажиллагаагаа бататгалаа. УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга, тус холбооны Хүндэт ерөнхийлөгч З.Энхболд их хурлын нээлтэд зориулан баярын мэндчилгээ дэвшүүлж үг хэлсэн бөгөөд “Ардчилсан хүчний холбоо”-ны ерөнхийлөгч С.Эрдэнэ өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажил үйлсээ тайлагнаж, дэлгэрэнгүй илтгэл тавьсан.
“Ардчилсан хүчний холбоо”-ны таван жилийн ойд зориулсан баярын их хуралд нийслэлийн есөн дүүрэг, хөдөө орон нутгийн 21 аймгаас ирсэн зочид болон тус холбооны дэргэдэх “Хөгжил”, “Хүч”, “Хөх сувд”, “Шинэчлэл”, “Эдийн засгийн хөгжил”, “Уул уурхай”, “Лидер”, “Спортлог шонхорууд”, “Эрүүл мэнд” зэрэг сонирхлын бүлэг, сайн дурын клубын гишүүдээс бүрдсэн 700 гаруй төлөөлөгч оролцлоо.
Түүхт таван жилийнхээ ойн их хурлаар дамжуулан амжилтаа бататгаж, зорилтоо тодорхойлсон “Ардчилсан хүчний холбоо”-ныхон Улсын драмын эрдмийн теарт тавигдсан гэрэл зургийн үзэсгэлэн, рок поп болон ардын урлагийн тоглолтоос үзэж сонирхсон билээ. Мөн тус ойн баярт зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт “SS club”-т зохион байгуулагдсан төдийгүй “Ардчилсан хүчний холбоо”-ны эрхэм удирдлагууд энэ үдэш ажил хөдөлмөр, сэтгэл зүтгэлээрээ бусдыгаа манлайлж яваа шилдэг гишүүдээ шагнаж урамшуулан ардчиллын төлөөх их үйлсэд нь урмын ташуур өглөө.