Санал асуулгыг шүүмжлэв
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан мэдэгдэл гаргажээ.
-Уг мэдэгдэлд
“УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн бүлгээс дараах асуудлаар мэдэгдэл гаргасныг үүгээр хүргүүлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг та “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” нэрийн дор иргэд олон нийтээс үүрэн холбооны хэрэгслээр санал авах болсноо зарлалаа.
Таны санал болгож буй ямар нэг хувилбаргүй, тулган шаардсан асуулт бүхий энэхүү санал асуулга нь иргэд, олон нийтийн хүсэл зорилгод харшилсан, монгол хүн байгалийн баялагтаа эзэн суух эрхийг хасах гэсэн хууль бус үйл ажиллагаа боллоо гэж үзэж МАХН-МҮАН-ын “ШУДАРГА ЁС” эвслийн бүлэг эрс эсэргүүцэж байна.
Ард нийтийн санал асуулгын тухай хуулинд бүх нийтийн санал асуулгыг зөвхөн төрийн дотоод болон гадаад бодлогыг тодорхойлохтой холбоотой асуудлаар Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах замаар явуулна гэж заасан байдаг. Гэтэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг та дээрх хуулийг илтэд зөрчиж, санал асуулга явуулсан нь цаанаа улс төр бизнесийн бүлэглэлийн захиалгат ажиллагаа боллоо гэж хардахад хүргэж байна.
Үндсэн хуулийг зөрчиж явуулсан санал асуулгадаа “Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох, эсвэл зардал хэрэглээгээ бууруулж эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтоох” гэсэн асуултуудыг эдийн засгийн хүндрэл бодитоор нүүрлэсэн энэ үед иргэдээс асууж байгаа нь Оюутолгойн алт зэсийн орд газарт эзэмших Монголын талын хувийг үнэгүйдүүлж гадныханд нэн хямд нөхцлөөр худалдах санаархлыг агуулж байгаа бөгөөд энэхүү бохир үйлдлийнхээ бурууг эзэнгүйдүүлж хариуцлагаас бултах гэсэн ноцтой үйлдэл боллоо.
Түүнчлэн улс орны эдийн засаг хүндрэлтэй энэ үеийг далимдуулан улс төрийн шалтгаантайгаар төрийн албаны мэргэшсэн албан хаагчдыг халах, албан тушаалын наймааг хөхүүлэх, бохир мөнгө босгох хэрэгсэл болгон хавтгайруулж байгаа нь Монгол төрийн дархлааг сулруулж, төрийн албаны залгамж шинж чанарыг алдагдуулах үндэсний аюулгүй байдалд хор хохиролтой үйлдэл боллоо гэж үзэж байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг та эдийн засгийг хямралаас гаргаж, улс орноо хөгжлийн замд хөтлөх үүрэг хүлээж тангараг тавьсан Засгийн газрын тэргүүний хувьд энэхүү зохиомол дүн гаргасан санал асуулга болон төрийн мэргэшсэн албан хаагчдыг олноор нь халах бусармаг үйл ажиллагаагаа нэн даруй зогсоож нийт ард иргэдээсээ уучлалт гуйхыг шаардаж байна.
МАХН-МҮАН-ын “ШУДАРГА ЁС” эвсэл мөрийн хөтөлбөртөө байгалийн баялагт ард түмэн эзэн нь байж, түүнээс гарах үр шимийг иргэдэд тэгш хүртээхийг заасан. Оюутолгой, Тавантолгойн төсөл хөтөлбөрүүдэд ард түмэн хяналтаа бүрэн тогтоож, шударга зарчмаар хувиарлах нь эдийн засгийн хямралаас гарах том алхам төдийгүй монгол хүн эх орондоо элбэг хангалуун амьдрах гол үндэс юм.
Тиймээс ядуурал дээд цэгтээ хүрч, ард түмний амьдрал хүнд байгаа энэ үед ард түмний нэрийг барьж, амин хувь, тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигт үйлчилсэн бусармаг үйлдлээ нэн даруй зогсоохыг УИХ-дахь МАХН-МҮАН-ын “ШУДАРГА ЁС” эвсэлийн бүлэг шаардаж байна.
Хэрэв Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг та эдгээр үйлдэлдээ дүгнэлт хийж дээрхи буруутай үйл ажиллагаагаа таслан зогсоохгүй бол цаашид шаардлагатай улстөрийн бүхий л арга хэмжээг авч ажиллах болно гэдгээ үүгээр мэдэгдэж байна.” гэжээ.
Дээрх мэдэгдлийг танилцуулсны дараагаар “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Ч.Улаан нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-Өнөөдрийн байдлаар хичнээн төрийн албан хаагч цомхотголд өртөөд байгаа бол?
“Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ - Шийдлийн Засгийн газар үйл ажиллагаагаа явуулаад сар гаруй хугацаа болж байна. Энэ хугацаанд 50 гаруй хүн ажлаасаа халагдаад байна. Бид төрийн мэргэшсэн албан хаагчдыг бүртгэхэд дээрх тоо гарч байгаа юм.
-Санал асуулгын хувилбарыг яагаад тодорхой бус гэж үзэж байна вэ?
УИХ-ын гишүүн Ч.Улаан -Санал асуулгыг явуулж, иргэдийн санаа бодлыг судалж болно. Гэхдээ үүнд учир битүүлэг зүйл байна. Энэ хөгжлийн замаар асуудал шийдэхгүй.
Хөгжлийн замаа сонгоход Оюутолгойн томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэх, зардлаа бууруулж хэмнэх гээд аль аль нь байх хэрэгтэй. Ямар арга замаар өгөөжтэй хэрэгжүүлэх вэ гэдэг нь хамгийн гол. Хэр үр дүнтэй санал асуулга вэ гэдэг нь эргэлзээтэй.