А.Бакей: Нийтийн сонсгол маш их ач холбогдолтой
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей
2015.02.04

А.Бакей: Нийтийн сонсгол маш их ач холбогдолтой

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтай УИХ-аар хэлэлцэж буй Нийтийн сонсголын тухай хуулийн хүрээнд ярилцлаа.

-Нийтийн сонсголын тухай хуулийг өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ. Өмнө нь Төрийн байгуулалтын байнгын хороо, Хуульзүйн байнгын хорооны хамтарсан журмаар цөөн удаа нээлттэй сонсгол хийж байсан юм билээ. Журмаар биш хууль баталж нээлттэй сонсгол хийх ямар нөхцөл, шаардлага байна гэж та үзэж байна вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2014 оны долдугаар сард Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Түүнээс хойш Төрийн байгуулалтын байнгын хороо энэ хуулийн төслөөр “Нээлттэй нийгэм” форумтай хамтраад хэлэлцүүлэг зохион байгуулсан. Бас холбогдох газруудаас санал авч, Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэх эсэхийг нь дэмжсэнээр өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанд оруулж, хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар нээлттэй сонсгол гэдэг зохицуулалт бий. Энэ зохицуулалтаар тухайн байнгын хороо өөрийнхөө асуудлын хүрээнд нээлттэй сонсгол зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл хамгийн тулгамдсан асуудлаар холбогдох төлөөллийг оролцуулж мэдээлэл авдaг туршлага бий.

Нийтийн сонсголыг зохион байгуулах гурван этгээд бий. 

Хэдийгээр манай практикт ийм туршлага байгаа ч УИХ-ын дэгийн тухай хуулиар явцуу хүрээнд зохицуулагдаж ирсэн учраас Ерөнхийлөгч нээлттэй сонсголыг илүү өргөн хүрээнд авч үзэх шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр хуулийн төслийг санаачилсан гэж ойлгож байгаа.

Төрийн шийдвэр боловсруулах, хэлэлцэх, батлах, хэрэгжилтийг хянах бүхий л үе шатанд аль борлох иргэдийн оролцоо, үзэл бодлоо илэрхийлэх боломжийг хангах зорилгоор хуулийн төслийг боловсруулсан. а. Өөрөөр хэлбэл УИХ-ын хууль тогтоох ажиллагаанд иргэдийн оролцоог хангах гол хөшүүрэг нь нийтийн сонсгол болно гэж үзэж байгаа юм.

-Нийтийн сонсголыг хэн хийх вэ, хэн оролцох вэ гэдэг чухал байх. Хуулийн төсөлд энэ талаар ямар зохицуулалт орсон бэ?

Нийтийн сонсголыг зохион байгуулах гурван этгээд бий. Нэг нь хууль санаачлагч буюу Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газар. Жишээ нь Согтууруулах ундааны хяналтын тухай хууль санаачиллаа гэхэд сонсгол зохион байгуулж, иргэд, олрн нийт, судлаач шинжээч, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулж, тэдний мэдээллийг хуулийн төслийг хэлэлцэхээс өмнө тусгуулж болно.

Хоёр дахь санаачлах этгээд нь төрийн байгууллага, албан тушаалтан, нутгийн өөрөө удирдах байгууллага. Төрийн бүх шатны байгууллагууд хууль тогтоох, шийдвэр гаргах үйл явцыг нээлттэй болгох, иргэдийн оролцоог хангахад чиглэгдсэн.

-Ямар асуудлаар сонсгол зохион байгуулах вэ гэдэг чухал. Хүн болгон нэг асуудал шүүрч аваад сонсгол хийнэ гэж бас болохгүй байх?

Хуулийн төсөлд хууль, түүнийг дагаж мөрдөх хэм хэмжээг батлахад, нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар шийдвэр гаргах гэж байгаа бол сонсгол явуулж болно гэж заасан. Жишээлбэл буруу хүрдтэй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх асуудал байж болно.

Дээрээс нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, орон нутгийн төсөв батлах, татвар шинээр тогтоох батлахад хяналт тавих үүднээс сонсгол хийж болно. Мөн УИХ-аас албан тушаалтан томилох, хуульд заасан мөрдөн шалгах үйл ажиллагаа багтаж байгаа.

-Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байхад УИХ-ын дэргэд мөрдөн шалгах ажиллагаа явуулна гэдэг буруу гэдэг шүүмжлэл нэлээд гарсан. Нэр томъёоны хувьд үүнийг эргэж харах шаардлага байгаа юу?

Мөрдөн шалгах сонсгол гэдгийг хуулийн төсөлд “Олон нийтийн санаа бодлыг түгшээсэн улстөр, хуульзүй, эдийн засаг, нийгмийн тодорхой асуудлаар УИХ-ын гишүүн болон УИХ-аас томилогдсон албан тушаалтныг хууль зөрчсөн эсэхийг тогтоох зорилгоор УИХ-аас явуулна” гэсэн байгаа. Гишүүд “Хууль зөрчсөн эсэхийг тогтоох зорилгоор” гэснийг нэлээд шүүмжилж байгаа. Хэлэлцүүлгийн шатанд яах аргагүй эргэж харах нь зөв.

Нэр томъёоны хувьдп мөрдөн шалгах гэдгийг магадлан шалгах гэх нь оновчтой гэж байгаа. Дээрээс нь хууль зөрчсөн эсэхийг зөвхөн шүүх тогтоох учраас Үндсэн хуультай зөрчилдөх юм бишүү гэсэн санааг гишүүд илэрхийлсэн. Энэ саналыг хуулийн төсөл санаачлагчид эргэж харж болно гэсэн.

Ингээд Х.Тэмүүжин гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг энэ мэт маргаантай байгаа заалтыг эргэж харах байх. Гэхдээ энэ заалтаас болоод хуулийн төслийг бүхэлд нь үгүйсгэж болохгүй. Маш их ач холбогдолтой хууль гэж үзэж байгаа. Тиймээс цаашдаа хэлэлцэгдэх явцдаа сайжруулаад явах хэрэгтэй.

-Мөрдөн шалгах сонсгол гэдэг нь нэр томъёоны хувьд оновчгүй байж болох ч улстөрчид хариуцлагатай, ёсзүйтэй болно гэдэг талаасаа байх ёстой төрөл юм бишүү?

Мөрдөн шалгах төрлийг нэр томъёоны хувьд эргэж харж, Үндсэн хуультай нийцүүлэх асуудал байгаа. Гэхдээ цаад ач холбогдол, зорилго нь албан тушаалтны хариуцлагыг дээшлүүлэх хөшүүрэг болохыг үгүйсгэхгүй.

-Сонсгол хийх долоон төрөл бий. Эдгээрийг сонгохдоо олон улсын туршлагаас авсан уу. Ер нь хэрэгжих тал дээр процессийг нь хэр сайн зохицуулсан бол?

Бүх асуудлаар сонсгол явуулна гэж ойлгож болохгүй. Ямар үед, ямар асуудлаар сонсгол явуулах вэ гэдэг нь өөрөө чухал асуудал. Хууль тогтоох сонсголыг хоёрхон тохиолдолд явуулахаар тусгасан. Тэр нь хүний эрх, эрх чөлөө, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарлахтай холбоотой асуудал гарч ирж байгаа эсэх дээр, хоёрдугаарт нийтийн ашиг сонирхолтой шууд хамааралтай асуудлаар гэж заасан.

Бүх асуудлаар сонсгол явуулна гэж ойлгож болохгүй.

Ерөнхий хяналтын сонсголыг хийхдээ Ерөнхийлөгч хүсэлт гаргавал, УИХ-ын гишүүдийн 4/1 ээс доошгүй дэмжлэг авсан, байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжсэн тохиолдолд Ерөнхий хяналтын сонсгол явуулахаар заасан.

Өөрөөр хэлбэл илүү тодорхой болгож байгаа. Орон нутгийн түвшинд ч энэ зарчмыг баримтална. Ялгаагүй ИТХ-ын 4/1 нь хүсэлт гаргавал, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр нээлттэй сонсгол явуулна. Тодорхой шалгуурын дагуу зохион байгуулна гэж ойлгох хэрэгтэй.

-Төрийн шийдвэрт иргэдийн оролцоо өнөөдөр ямар түвшинд байна вэ. Иргэд аль нэг гишүүний урилгаар Төрийн ордон, УИХ-ын үйл ажиллагаатай танилцах үйл явц музей үзэж байгаагаас ялгаагүй харагддаг?

Төрийн шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах заалт холбогдох хуулиудад бий. Дээрээс нь гишүүд чуулганы бус цагаар иргэдтэй уулзаж, үнэтэй саналыг нь сонсох, түүнийгээ төрийн шийдвэр гаргахад тусгах замаар ажиллаж байна. сүүлийн үед иргэний танхимд тодорхой тулгамдсан асуудлаар уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлээд явж байгаа нь сайн хэрэг. Энэ мэт иргэлдийг оролцуулж байгаа жишээ бий. Гэхдээ хангалтгүй. Нийтийн сонсголын тухай хууль батлагдсанаар иргэдийн оролцоонд чухал нөлөө үзүүлнэ гэж харж байгаа.

-Аливаа шийдвэр гаргах, хууль боловсруулахдаа мэдээллийг ихэвчлэн дарга нараас авдаг нийтлэг жишиг байна. Энэ байдал хууль батлагдсанаар өөрчлөгдөх үү?

Энэ бол маш чухал асуудал. Хуулийн төсөл энэ талаар тусгасан. Нийтийн сонсголыг бусад улс орны парламентад өргөн ашиглаж байна. Тухайн сэдэв, тулгамдсан асуудлаар хөндлөнгийн мэдээлэл сонсохыг чухалчилдаг юм байна. хөндлөнгийн байр суурийг сонсч байж шийдвэр гаргадаг. Америкийн конгрест нийтийн сонсголд мэдээлэл өгч байгаа албан тушаалтан үндсэн хууль дээрээ гараа тавьж байгаад үнэн зөв мэдээлэл өгч байгаагаа тангарагладаг.

Энэ бол маш чухал. Өнөөдөр ний нуугүй ярихад зарим албан тушаалтнууд УИХ-ын өмнө мэдэхгүй сэдвээрээ буруу зөрүү мэдээлэл өгдөг. Төрийн ажил иймэрхүү явж болохгүй. Энэ асуудал хуулийн төсөлд тусгагдсан ч арай бүрхэг байна уу гэж бодогдсон. Засч, сайжруулах бололцоо нь бий.