С.Ганбаатар: Сөрөг хүчний бүлэг байгуулахыг дэмжинэ
УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа
-УИХ, Засгийн газрын хэмжээнд хамгийн их анхаарал хандуулж байгаа сэдэв нь Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ хэлэлцээ болж байна. Саяхан энэ асуудлыг ил тод мэдээлэхийг нэр бүхий 16 гишүүн М.Энхсайхан сайдаас шаардаж асуулга хүргүүлсэн. Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээрийн талаар УИХ-ын төвшинд ямар нэгэн мэдээлэлгүй байгаа юм уу?
УИХ-ын нэр бүхий 16 гишүүний гарын үсэгтэй захидлыг М.Энхсайхан сайдад явуулсан. Захидалд энэхүү гэрээ хэлэлцээ нь үндэсний аюулгүй-байдал талаасаа ямар байгааг тодорхой болгох. Хувь ашиг хүртэх орчин нөхцөл нь ямар байгаа зэрэг өмчлөлийн талаас нь асуулга тавьсан.
Мөн төслийн хүрээнд барих төмөр замын асуудалд 16 гишүүний зүгээс тавьсан асуултад хариулахыг хүссэн. Нэг ёсондоо Тавантолгойн гэрээ хэлэлцээг эсэргүүцээгүй. Бас дэмжээгүй байна. Зүгээр л асуулт асуусан. Мэдээж эдгээр асуултын хариуг нээлттэй ил тод авсны дараа Тавантолгойн асуудлаар иргэдэд байр сууриа илэрхийлнэ. Иргэд ч байр сууриа илэрхийлэх ёстой.
Ер нь аливаа томоохон бүтээн байгуулалтыг хийхээс өмнө бие даасан тухайн салбарын эрдэмтэн шинжээчдийн дүгнэлтийг гаргуулах ёстой байдаг. Өөрөөр хэлбэл, хамгийн муу хувилбар нь энэ. Сайн нь энэ шүү гэдгийг эрдэмтэн шинжээчдээр эхлээд гаргуулах хэрэгтэй. Харин түүнийг нь шийдвэр, шийдэл болгох асуудалд УИХ, Засгийн газар нь ажиллах учиртай.
Ингэхгүйгээр Засгийн газар нь уул уурхайн инженер болчихсон юм шиг хандахаа болих хэрэгтэй байгаа юм. Оюутолгой дээр би 11 жилийн турш нэг л зүйлийг ярьж байгаа. Тэр нь гэрээ хийхдээ хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийг гаргасан уу гэж. Харамсалтай нь, гаргаагүй байсан. Үр дүнд нь далаараа цэвэр тавиулсан. Эцсийн дүндээ юун дээрээ алдав, онов гэдгээ одоо яриад Тавантолгой, дараа дараагийн төслүүдээ урагшлуулах шаардлагатай байна.
-Тэгэхээр Тавантолгойн гэрээ хэлэлцээ хийхэд эрдэмтэн, шинжээчдийг оролцуулж дүгнэлт гаргуулах шаардлагатай гэсэн үг үү?
Эхлээд энэ салбарын бие даасан байдлыг хангах хэрэгтэй. Бие даасан гэдэг нь биеэ худалдахгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, эрдэмтэн, шинжээчдийн дүгнэлтийг гаргуулаач ээ. Тэрхүү дүгнэлтийг УИХ, Засгийн газар нь тойрч суугаад хэлэлцээч ээ л гээд байгаа юм.
-Асуулга тавьсан гишүүдэд М.Энхсайхан сайд албан бичгээр хариу өгөхөө мэдэгдсэн. Танд албан бичиг ирсэн үү?
М.Энхсайхан сайд албан ёсоор хариугаа өгнө гэж хэлсэн ч өнөөдөр ирээгүй л байна. Ямар ч байсан хариу ирүүлэхдээ битгий бөөрөнхийлөөсөө гэж найдаж байгаа.
-Гэхдээ үгэнд орохгүй бол М.Энхсайхан сайдтай УИХ хариуцлага ярина гэдгийг З.Энхболд дарга мэдэгдчихсэн шүү дээ?
Мэдээж болохгүй тийшээ хазайвал хариуцлагын асуудал ярьж хазаарлах эрх нь УИХ-д бий
Эрдэнэс тавантолгой компани АНУ-ын компаниас 17 тэрбумаар хууль зүйн зөвлөгөө авахаар болсон байсан. Эдийн засаг хүнд байхад урьдчилгаа болгож 455 сая төгрөг шилжүүлснээ тайлбарлах шаардлагыг бие даагчид Ерөнхий сайдад хүргүүлж, цаашид цуцлахыг шаардсан байсан юу болсон бэ?
Анх Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр энэ асуудлыг гаргаж тавьсан ч тоогоогүй. Ийм мэдээлэл надад хоёр өдрийн өмнө ирсэн юм. Яагаад Монголынхоо эрдэмтдээс хууль зүйн зөвлөгөө авч болохгүй байгаа юм бэ. Эдийн засаг хүндэрч байна гэж хүн болгон ярьж байна.
Тийм байхад АНУ-ын “Painter low firm” компанитай хуулийн зөвлөгөө авахаар 17 тэрбумыг цацаж болохгүй. Ямар ч байсан өмнөх Засгийн газрын үед хөндсөн асуудал гэж ойлгосон. Далд байсныг нь асууж, араас нь хөөцөлдөж байж гаргаж тавьсан юм.
“Эрдэнэс Тавантолгой” компанийнхан Монголын татвар төлөгчдийн мөнгөөр зөвлөгөө авах гэж байгаагаа УИХ-д мэдээлэх ёстой байсан. Одоогоор ямар нэгэн хариу ирүүлээгүй байна. Хариу ирэхээр нь дэлгэрэнгүй мэдээллийг өгч болох юм.
“Painter low firm” Батаарыг оруулж ирэхэд хуулийн зөвлөгөө өгч байсан компани мөн биз дээ?
Тийм.
-Энэ асуудал ил болох үеэр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нөхрөөрөө дамжуулж “Painter low firm” компанитай холбоо тогтоосон Гэсэн яриа гарсан. Үүнийг та судалж үзсэн үү?
Яг энэ асуултад байр сууриа илэрхийлэх боломжгүй.
-Бие даагч гишүүдийн зүгээс Засгийн газраас явуулж байгаа бодлого шийдвэрт нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Хоёр хоногийн өмнө гэхэд гадаа гарч тэмцэхээ илэрхийлчихлээ?
Бид иргэдийн төлөөлөл гэдэг утгаараа үргэлж хамт байхыг эрмэлздэг. Тиймдээ ч Засгийн газраас иргэдийн тэтгэвэр, амьжиргаа бусад халамжийг нь барьцаалж байгаад Оюутолгой, Тавантолгойгоо тэр чигт тавиад туучих бодлого битгий бариасай гэж боддог. Үүнийхээ төлөө ч тэмцдэг.
Гэтэл Засгийн газраас “Өгчих үү эвсэл чи өлсөх үү" гэдэг сонголтыг тулгаж байна. Уг нь Оюутолгой, Тавантолгойн гэрээнд ийм заалт оруулж, сайжруулна гэж ярих ёстой шүү дээ. Ингэж тулгасан асуулт тавьж байхаар яагаад гурав дахь хувилбарыг эрэлхийлж болохгүй гэж.
-Жишээ нь, гурав дахь хувилбар нь юу байж болох уу?
Үнэхээр ардчилсан улс орон юм бол байх л ёстой. Наад зах нь эрдэмтэн, шинжээч, ард түмнээсээ асууж болно шүү дээ. Үүнийг л бид Ерөнхий сайдад хэлж, яриад байгаа юм.
-УИХ-ын нэр бүхий гишүүд сөрөг хүчний бүлэг байгуулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн тухай мэдээлэл байна. Одоогоор бие даагчдаас гадна “Шударга ёс” эвслийн Л.Цог, Г.Уянга нарын гишүүд нэгдээд байгаа гэсэн. Энэ үнэн үү?
Одоогоор надад тийм мэдээлэл ирээгүй. Хэрвээ бүлэг байгуулна гэвэл дэмжиж ажиллана.Сөрөг хүчний бүлэг байгуулж “73-ын бүдүүн бүлэг”- ийн эсрэг тэмцэх гээд байгаа юм биш үү? Зарчмын хувьд дэмжиж ажиллана.
Гэхдээ наад мэдээллээ тэр хүмүүсээс өөрсдөөс нь асуусан нь дээр байх. Миний хувьд байр суурь тодорхой. Зул бөхөхийнхөө дураараа бал сараа тэмдэглэж, албан тушаалын наймаа хийж байна. Үүнийг л хазаарлах ёстой.
-Согтууруулах ундааны хяналтад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хороогоор хэлэлцсэн ч АН-ын бүлэг завсарлага авсан. Аливаа зүйлд хуулийн хатуу заалтаар цензур тоггоох нь зөв үү?
Ер нь архи, тамхины эсрэг тууштай тэмцэх хэрэгтэй байгаа юм. Эцсийн дүндээ хүмүүсийг ухамсраар нь архи уухгүй байлгах гэсэн гоё зүйлийг ярьж согтууруулах ундаа үйлдвэрлэгчдийн шахаанд орж 24 жил явлаа, энэ парламент. Үр дүнд нь иргэд архинд орж маш хүнд байдалтай байна шүү дээ.
-Гэхдээ мөрөөрөө үйл ажиллагаа явуулж байгаа найман нэрийн барааны дэлгүүрүүдийг дампууруулах нь гэсэн шүүмжлэл явж эхлээд байгаа шүү дээ?
Үнэнийг хэлэхэд найман нэрийн барааны дэлгүүрийг хамгаалах нэрийн дор архи, спирт үйлдвэрлэгч бүлэглэлүүдийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Эдгээр бүлэглэлийн барьцаанд улстөрчид орчихсон байна гэж би харж байгаа. Тиймдээ ч маш их лобби, эсэргүүцэлтэй энэ хуулийн төсөл тулах нь гарцаагүй. Гэхдээ миний хувьд энэ хуулийг батлуулахын төлөө тууштай тэмцэнэ.
Өнөөдөр ямар олон хүүхдийн нулимсаар архины бизнесмэнүүд мөнгө хийж, хөлжиж байна гэж бодож байна. Архинаас үүдэлтэй зовлонд ямар олон гэр бүл унаж байгааг бид бүгдээрээ мэдэж байгаа. Ганцхан жишээ хэлье. Монгол орон архигүй болоход иргэд нь юм сурч эхэлнэ. Юм сурсан хүн ажилтай болно. Ажилтай байвал цалин авна, татвар төлнө. Энэ хэрээрээ олон гэр бүл аз жаргалтай болж амьдрал нь дээшилнэ.
Үнэндээ архи чинь татвар төлөөд байгаа юм биш. Харин ажил хийх, цалин авах, татвараа төлөх боломжтой олон хүнийг ямарч чадваргүй болгож байгаа шүү дээ. Бүр донтуулж архинаас хамааралтай болгож байна. Энэ бол нийгмийн өвчин. Гэтэл энэ өвчнөөр нь мөнгө хийдэг болчихсон нэг хэсэг байхад өвчнийг нь эдгээхийн тулд юу гэж ч цоллуулахаас буцахгүй хэсэг байна.
-Улстөрчид архи, спиртийн бүлэглэлийн халаасанд орчихсон байна гэж харж байгаа гэлээ. Одоогийн хууль тогтоох төвшинд ч ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд бий шүү дээ?
Согтууруулах ундааны хяналтын тухай хууль УИХ-ын төвшинд дэмжигдэхгүй байх магадлал нь маш өндөр. Гэхдээ надад тойргийнхоо сонгогчид, МҮЭХ, нийт иргэдийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлага гэж бий. Тиймээс эцсийг хүртэл тэмцэнэ.
Ялагдаж ч магадгүй. Ялж ч магадгүй. Хамгийн гол нь, өдийг хүртэл тэмцээгүй байсан бол аль эрт ялагдчих байсан. Тиймдээ ч архи, тамхины эсрэг хуульд өөрчлөлт оруулах асуудалд өөрийнхөө байр суурьт хатуу зогсоно.
-Төсвийн тухай хуулийг хэлэлцэх үеэр зарим халамжийг байхгүй болгох санал оруулсан ч дэмжигдээгүй. Гэхдээ зорилтот бүлэг рүү нь чиглэсэн халамжийг хэвээр үлдээгээд бусдыг нь танаж болох л байсан гэж зарим нь ярьж байгаа. Жишээ нь, танаж болох халамжийн нэг нь оюутны 70 мянган төгрөг?
Ямар ч байсан одонтой, жирэмсэн эхчүүд, хүүхдийн мөнгийг танаж болохгүй. Хэрвээ танах юм бол Ерөнхий сайдад хариуцлага тооцно гэдэг байдлаар хандаж байсан. Мэдээж
болгох шаардлага бий юу гэвэл бий. Гагцхүү хүрэх ёстой зорилтот бүлгийнхнийг яаж тодорхойлох ёстой вэ гэсэн мэргэжлийн асуудлууд гарч ирдэг. Тиймээс тухайн салбарын шинжээч, эрдэмтдийн байр суурийг сонсох хэрэгтэй. Жишээ нь хүүхдийн мөнгөний 20 хувийг нь хэмнэе гэдэг асуудал төсөв хэлэлцэх үеэр яригдсан.
Гэтэл тэрхүү танах 20, өгөх 80 хувийг нь хэн тодорхойлох нь тодорхойгүй байсан. Цаашлаад 20 хувийг тодорхойлох ажил нь өгөхөөсөө илүү зардал гарчих гээд байсан юм. Судалгааг нь ч хийхгүй байна. Ер нь хэний цензурээр хэн юу хийх гээд байгаа юм. Сонгуульд нь явсан хүний хүүхдүүд аваад яваагүйг нь орхино гэдэг л асуудал үүссэн.
Жишээ нь, хороодоор тусламжийн нүүрс гэж тараадаг. Гэтэл хэнд очдог, очдоггүйг бид бүгдээрээ мэднэ шүү дээ. Ийм л байдалд хүүхдийн мөнгийг оруулахгүйн тулд тэмцсэн. Тэгэхээр халамж олгож байгаа арга механизмыг нь маш нарийн боловсруулж тооцоолох ёстой.
•Жил бүрийн төсөв хэлэлцэх үеэр багш, эмч нарын цалин тэтгэврийг нэмэх асуудал хөндөгддөг. Энэ удаад ч МҮЭХ- ноос цалин, тэтгэвэр нэмэх шаардлагыг Засгийн газарт удаа дараа тавьсан. Хямралтай үед цалин тэтгэвэр нэм гэж шаардах нь хэр оновчтой вэ?
Боломж байгаа гэдгийг нь МҮЭХ-ноос нарийн тооцоо судалгаатай гаргасан байна лээ.Мэдээж холбооныхоо хүндэт I Ерөнхийлөгчөөр ажилладгийн хувьд байгууллагынхаа шийдвэрийг дэмжинэ шүү дээ.
-Ер нь МҮЭХ, Х.Амгаланбаатар даргатай хэр холбоотой байдаг ' вэ?
Байнга уулзаж санал бодлоо хуваалцдаг.
-Таны хувьд дэд сайдын албан тушаалыг байхгүй болгох санал гаргасан ч дэмжигдээгүй. Анхнаасаа буруу процессоор явсан болохоор дэмжих боломжгүй байсан гэж зарим гишүүн ярьж байна лээ. Үүнтэй санал нийлэх үү?
Саналыг хэлэлцэх үеэр УИХ-ын дарга З.Энхболд болон Р.Гончигдорж гишүүн дэндүү бүдүүлгээр хууль зөрчсөн. Өөрсдөө процессийн алдаа гаргасан. Нэгдүгээрт, миний оруулсан саналд дэд сайд нарын зардлыг хасна гэсэн томъёолол байсан юм. Цаашлаад албан тушаалыг хасах гэдэг дотор нарийн бичиг, жолоочийг хасна гэсэн үг хаалтан дотор байсан. Энэ үгэн дээр л ажилласан. Гэхдээ маш арчаагүйгээр.
Нөгөөтэйгүүр, дэд сайд нарын зардлыг танах асуудлыг дэмжих эсэх талаар Байнгын хороо санал хураасан. Энэ томъёололоор УИХ-ын чуулганы хуралдааны үеэр санал хураахад дэмжигдсэн. Ингээд гуравдугаар хэлэлцүүлэгт оруулна гээд УИХ-ын дарга алхаа цохисон. Хэрвээ хуулийн зөрчил байгаа бол зөрчлийг нь арилгаж хуулийн төслийг дахин өргөн барьдаг. Өнөөдөр олон мянган төрийн албан хаагчийг цомхотгохдоо яа, ад ийм ухаалаг хууль яриагүй юм.
Хуульд өөрчлөлт ороогүй байхад цомхотгочихоод дараа нь оруулж ирж баталсан биз дээ. Дэгийн хуульд зааснаар аливаа асуудлыг оруулж ирээд буцаахад хэлэлцсэн Байнгын хороо руу нь буцаадаг. Бас хэлэлцдэг. Өөр Байнгын хороогоор хэлэлцэхээр бол дүгнэлтийг нь авч үзээд шийдвэр гаргадаг. Үүнийг мөн зөрчсөн. Ер нь муу засаглалын үед сайн юм яривал муулуулж буруутдаг гэж үг бий.
-Өмнөх Засгийн газрын үед бие даагчид кнопоо “Монросцветмент”, ИНЕГ-аар худалдсан гэсэн шүүмжлэл одоо ч явдаг.
-Бие даагч гишүүдийн хувьд ямар нэгэн албан тушаалаар кнопоо худалдаагүй. Цаашдаа ч худалдахгүй. Тийм ч сонирхол, оролцоо байхгүй. Одоо ч бидэн рүү чиглэсэн маш томоохон гүтгэлгийн шинжтэй ажлыг МАНАН-гийн Засгийн газраас явуулах гэж байгаа гэсэн мэдээллийг олон хүн хэлж байна. Их мөнгөтэй улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийн эрх ашгийг хөндөж байгаа учраас бидэнд амаргүй байх нь үнэн.
-УИХ-ын гишүүн Х.Болорчулуун дүүгээ “Монголросцветмент”-ийн даргаар та өөрийнхөө хүнийг Эрээн дэх төлөөлөгчийн газарт шахсан юм биш үү?
-Ийм зүйлийг тодорхой баримттай ярих ёстой. Миний хувьд доороо олон дүүтэй. Айлын том хүүхэд. Дүү нар маань бүгдээрээ хувийн хэвшлийнх. Ямар нэгэн яам, агентлагт ажилладаггүй. Бүгдээрээ л өөрсдийн бор зүрхээрээ ажиллаж байна.
-Таны дүү С.Гантуяа хаана юу хийж байгаа вэ. Нэг хэсэг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар очих тухай ярьж байсан шүү дээ?
С. Гантуяаг Оюутолгойд ажилд орсных нь дараа намайг орууллаа гэж ярьж л байсан. Гэхдээ С.Гантуяа Ганбаатартай, Ганбаатаргүй тэмцэгч гэдгээ монголчуудад харуулсан.
Ганбаатар ч ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй юм байна гэж ойлгосон. Байгууллага компаниудад зөвлөгөө өгч байгаа. Хажуугаар нь байгаль орчныг хамгаалах, сэргээх талаар ажил хийдэг хүмүүстэй хамтарч ажиллаж байна.
-Оюутолгойгоос Монголын Засгийн газарт хандаж албан бичиг ирүүлсэн байна лээ. Та харсан уу?
Харсан. Ерөөсөө л Монголын говьд “Рио Тинто” улс байгуулъя гэсэн бичиг байна лээ. Өөрөөр хэлбэл, бидний итгэлийг худалдаж мөнгө олъё гэсэн утгатай гэж ойлгосон. Гэхдээ өөрсдийгөө буруутгах амархан.
Хамгийн гол нь, одоо хүчээ нэгтгэмээр байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт гээд бүгдээрээ нийлж суугаад Монголоо яаж аврах вэ гэдэг асуудалд нэг талдаа гармаар байна.