Орон нутгийн иргэд саналын хайрцгаар дамжуулан өргөдлөө шууд гаргана
Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү
2015.02.03

Орон нутгийн иргэд саналын хайрцгаар дамжуулан өргөдлөө шууд гаргана

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, иргэдээс хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих асуудлаар Улсын Их Хуралд өргөдөл гаргах боломж бүрдүүлэх, энэ үйл явцыг хөнгөвчлөх ажлын хүрээнд иргэдийн өргөдлийг хүлээн авах саналын хайрцаг, түүнийг ажиллуулах журмын хамт 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү аймгуудын Засаг дарга нарт хүлээлгэн өглөө. 

Саналын хайрцгаар өргөдөл хүлээн авах журамд зааснаар бол нийслэлийн 9 дүүрэг, аймгуудын Иргэний танхимд саналын хайрцаг байрлуулж, өргөдөл хүлээн авах ба тэдгээрийг 14 хоног тутамд хариуцсан ажилтан Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд хүргүүлэх юм.

Саналын хайрцаг битүүмжлэлтэй байх, өргөдөлд дурдсан хувь хүний нууцыг задруулахгүй байх үүргийг Засаг дарга, түүний Тамгын газрын ажилтан хариуцахыг чиглэл болголоо.

Ингэснээр орон нутгийн иргэд өөрийн оршин суугаа аймгийн Иргэний танхимд байрлах саналын хайрцгаар дамжуулан хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих зэрэг асуудлаар өргөдлөө шууд гаргах боломжтой боллоо.