Баруун аймгийн түшээд зуданд нэрвэгдээд байгаа малчдад туслахыг уриаллаа
2010.01.08

Баруун аймгийн түшээд зуданд нэрвэгдээд байгаа малчдад туслахыг уриаллаа

Цаг агаар хүндрээд байгаа Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Завхан аймгаас сонгогдсон гишүүд өчигдөр  хэвлэлийн бага хурал зарлан тэвдэж яваа малчиддаа сайн санааны тус хүргэхийг уриаллаа.


Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, С.Бямбацогт, Д.Оюунхорол, Б.Чойжилсүрэн, Г.Занданшатар нар оролцсон юм.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Өнөөдөр Говь-Алтай аймгийн хэд хэдэн сумын нутагт айлын гэрээс давсан зузаан цастай байна. Олон зам даваа хаагдан, отрын малчид мэдээлэл, харилцаа холбооноос тасраад байна. Нутгийн олондоо туслах хөдөлгөөнийг зохион байгуулах ажилд аймаг, сумдын нутгийн зөвлөлийнхөн маш идэвхтэй оролцож байгаа. Говь-Алтай аймгийн Халиун суманд суугаа малчин аав, ээждээ ийм тусдамж хүргэмээр байна гэж хандвал тэр тусламжийг тэр хүнд нь л хүргэнэ. Өмнө нь хандив тусламж цуглуулдаг, хаашаа, хэнд очсон нь мэдэгддэггүй гэсэн шүүмжлэл гардаг байсан. Тэгвэл нутгийн ах дүүдээ тусламж хүргэх гэж байгаа хүмүүс нутгийн зөвлөлийн ажиллаж буй газарт хаягласан тусламжийн зүйлээ аваачаад өгчихөж болно. Нутгийн зөвлөлийнхөн сум сум бүрт хүргэх ажлыг зохион байгуулна. Тусламжийн цувааны түрүүч хоёрдугаар сарын нэгний 12.00 цагт Сүхбаатарын талбайгаас хөдөлнө. Цаг агаарын хүндрэлийг даван туулах гэж чармайж байгаа малчиддаа тусламжийн гараа сунгах цаг болоод байна. Засаг төрийг харж хүлээлгүй бүгдээрээ гар сэтгэл нийлэн хүндрэлийг хамтдаа даван туулья гэж нийт иргэддээ уриалж байна гэсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Баруун аймгуудаас сонгогдсон гишүүд бид нийлэн малчиддаа сэтгэлийн дэм үзүүлэх аяныг зохион байгуулж байна. Завхан аймгийн нутагт хунгар газраа 70 см, бусад газраа 30-40 см цастай байна. Аймгаас сум руу явах 170 км замыг 6-7 цаг явж туулж байна гэсэн мэдээ ирж байгаа. Бид өвс тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан малчиддаа өгөх саналыг Засгийн газарт тавьсан. өвс, тэжээлийн үнийг 50 хувь хямдруулбал малчиддаа үзүүлж буй хамгийн ойрын тус. Мөн зам даваанууд хаагдаад байгаа. Байдал ийм байдлаар удвал шуудангийн унаа саатан зорчигчид хөлдөж, бээрэх аюултай. Тиймээс бид аймаг бүрт 2-3 том оврын цас арилгах машинуудыг байршуулахаар талаар явьж байна. Нутгийн зөвлөлийнхөн энэхүү аяныг зохион байгуулахад маш их ажлыг хийж байгаа хэмээсэн.

Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла гэдэг үг байдаг. Тэгвэл энэ тус л өнөөдөр малчдад хэрэгтэй болоод байна хэмээн  УИХ-ын гишүүн Г.Занданшатар хэллээ. Тэрбээр, Өнөөдөр улсын хэмжээнд Увс, Ховд, Баянхонгор, Завхан, Говь-Алтай аймагт байдал нэн хүндрээд байна. Зундаа бороо хур ороогүйгээс бэлчээрийн гарц муудан мал сүрэг ч тарга тэвээрэг авч чадаагүй. Дээр нь малчдад маань өвс тэжээл худалдан авах боломж үнэхээр тааруу байгаа. Отор нүүдэл хийе ч гэсэн зэргэлдээх аймаг сумдад байдал адил байна. Тиймээс цаг агаарын хүндрэлийг хохирол багатай даван туулахад нь бидний дэмжлэг туслалцаа нэн хэрэгтэй боллоо. Бид сайн санаат хүмүүсийн дэмжлэг, нутгийн зөвлөлийнхний туслалцаатайгаар ирэх хоёрдугаар сарын нэгэн гэхэд малчдад хүргэх тусламжийн эхний цувааг явуулахаар төлөвлөөд байна. Өнөөдөр дулаан байранд амьдарч байгаа бид гадаа гарангуутаа даарлаа гэдэг. Тэгвэл өдөр шөнөгүй малаа даган явж байгаа малчид ямар хүнд нөхцөлд байгааг бүгдээрээ ойлгож байгаа байх. Сайхан сэтгэлээр өгсөн нэг боодол лаа ч багадахгүй гэдгийг өнөөдөр хэвлэл мэдээллийнхнээр дамжуулан иргэддээ дуулгаж байна гэлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт,
Бид төр засгийн зүгээс өвс, тэжээлийг хөнгөлөлттэй үнээр малчдад олгооч гэсэн хүсэлтийг тавиад байгаа. Мөн малчид зарим малаа нядалж байна. Тэдгээр малыг экспортод гаргах талд дэмжлэг үзүүлэх хүсэлтийг мөн уламжлаад байгаа. Малчид руу хандан тусламж багадахгүй. Тун удахгүй таван аймгийн 110 сумын нутгийн зөвлөл хаана байрлаж тусламжийг хүлээн авч байгаагаа зарлана. Аль сумын хэнд гэж тусламжаа хаяглана тэр хүндээ л очихоороо энэ удаагийн аян ялгаатай гэсэн юм.

Өвс тэжээл холын аймаг руу хүргэхэд тээврийн зардал нь ачсан өвс тэжээлээсээ өндөр гардаг. Тийм учраас тээврийн зардлын асуудлыг хамтран шийдэх хүсэлтийг гишүүд Засгийн газарт тавиад байгаа аж.
Ховд аймгийн нутгийн зөвлөл Засгийн газрын III байранд байрлаж байгаа бол Баянхонгор аймгийн нутгийн зөвлөл Чингэлтэй дүүргийн МАХН-ын хорооны байранд байгаа аж. Түүнчлэн тун удахгүй аймаг сумдын нутгийн зөвлөл хандив тусламж хүлээн авах газраа олон нийтэд зарлах ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.