Японы Өвсний Үндэс хөтөлбөрөөс орон нутгийн дөрвөн төсөд санхүүгийн тусламж үзүүлхээр боллоо
2010.01.05

Японы Өвсний Үндэс хөтөлбөрөөс орон нутгийн дөрвөн төсөд санхүүгийн тусламж үзүүлхээр боллоо

Гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээнд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Кидокоро Такүо, УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл, С.Оюун болон холбогдох аймгийн засаг дарга, сургуулийн захирал нар оролцлоо.

Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын усан хангамжийг сайжруулах төсөл, Дорнод аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар цэцэрлэгийн халаалтын тоног төхөөрөмжийн засварын төсөл, Дорнод аймгийн Баяндун сумын Ерөнхий боловсролын сургуулийн засварын төсөл, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 12 жилийн Ерөнхий боловсролын сургуулийн харъяат Хөдөлмөр сургалтын төвийн байрны засварын төсөл гэсэн 4 төсөлд өнөөдөр гарын үсэг зурсан юм. Дээрхи төслүүдэд нийт 260264 ам.долларын санхүүгийн тусламж үзүүлж байгаа аж. 2009 оны хувьд нийтдээ 23 төсөл хөтөлбөрт гарын үсэг зурж, хоёр сая орчим ам.долларын буцалтгүй тусламжийг олгохоор боллоо.

Ц.Цэнгэл: Булган аймагт 1997 оноос энэхүү төсөл амжилттай хэрэгжиж ирсэн.

Гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээний үеэр Булган аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Цэнгэлтэй ярилцлаа.

-“Өвсний Үндэс хөтөлбөр” Монгол улсад 20-иод жил хэрэгжиж байгаа төсөл юм. Энэ төсөл Монголын нийгмийн салбарт чиглэгддэг. Тухайлбал хүүхдийн сурах, байр, сургуулийн орчныг сайжруулах, засвар үйлчилгээ хийх, нөгөө талаараа мал аж ахуйн бэлчээрлэх худаг усны асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлыг хамардаг.

-Энэ төсөл Булган аймагт хэдийнээс эхлэн хэрэгжиж эхэлсэн бэ? Сая ямар төсөд гарын үсэг зурав?

- Булган аймгийн дөрвөн суманд 1997 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Хэрэгжихдээ их амжилттай хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн жил гэхэд Гурван Булаг суманд дөрвөн худаг шинээр гаргасан. Гурванбулаг сум бол худаг усны хэрэгцээ ихтэй манай говь талын сум л даа. Ингэснээр олон айл өрхийн ундны асуудлыг шийдэж өгсөн чухал арга хэмжээ болсон. 

Өнөөдөр манай аймгийн Хишиг Өндөр сумын сургуулийн засварыг хийх төсөлд гарын үсэг зурлаа. Тус суманд дулаангүй, эвдэрч хэмхэрснээсээ болж ашиглахгүй байгаа сургуулийн хэсэг байдаг юм. Тэр хэсгийг ашиглаж, хүүхдүүд сурах боломжтой болгох томоохон төсөл хэрэгжихээр боллоо. Үүнд төгрөгөөр бол 120 сая орчим төгрөгийн тусламжыг авч байгаа. Ингээд бид энэ төслийг цаг хугацаанд нь аймгийн засаг дарга, сургуулийн захирал нарыг хийгээсэй гэдэг дээр хяналт тавьж ажиллана. Ер нь хяналт тавьж ажилсны үр дүнд жил болгон Японы Өвсний Үндэс төслөөс Булган аймаг аваад байгаа. Энэ нь урьд урьдын жилүүдийн төслүүдээ сайн хэрэгжүүлж байгаагийн илрэл юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.