Нөөцийн салбаруудад байгаа тэжээлийн үнийг 50 хувь хөнгөлөх санал гаргалаа
Үүний дараа Монгол Улсын Шадар сайд, Онцгой комиссын дарга М.Энхболд холбогдох байгууллагуудын удирдлагад үүрэг, чиглэл өглөө.
Улсын нөөцийн салбаруудад байгаа тэжээлийн үнийг 50 хувь хөнгөлж олгох асуудлыг Засгийн газарт оруулахаар Онцгой комиссын хурлаас шийдвэрлэсэн байна.
Францын Хүнсний тусламжийн шугамаар 3,0 сая ам долларын үнэ бүхий өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэхээр тохирсон. “Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан” төсөл хэрэгжүүлдэг Архангай, Булган, Хөвсгөл, Хэнтий аймагт 400 сая төгрөгийн үнэ бүхий өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэхэд туслалцаа үзүүлэх болжээ. Мөн өвс, тэжээлийг орон нутагт хүргэх зардлыг “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас гаргуулах талаар талууд ярилцаж байна.
Энэ мэтчилэн гадаадын улс орнууд, олон улсын бусад байгууллагад тодорхой мэдээлэл, танилцуулга өгч өвөлжилт хүндэрсэн аймгуудад туслах арга хэмжээ авахыг Шадар сайд М.Энхболд даалгав.
Хүнсний стандартын шаардлага хангахгүй 30 мянган тонн улаанбуудайг боловсруулан тэжээл болгож, аймгуудад нөөцөлсөн махаар солих, зээлээр олгох арга хэмжээ авах ХХААХҮЯ-ны саналыг Онцгой комиссын хуралдаанаар дэмжлээ.
Малчдын гар дээр байгаа махыг БНХАУ,ОХУ-д экспортлох чиглэлээр шуурхай арга хэмжээ авах, дулааны цахилгаан станцууудын нүүрсний нөөцийг шаардлагатай хэмжээнд хүргэхийг холбогдох яамдын сайдад үүрэг болгов.
Мөн аймаг, сум, малчдад туслах уриалга гарган, төвлөрсөн бараа, материалыг нэгдсэн зохион байгуулалттайгаар орон нутагт хүргэх, ОБЕГ-ын дэд даргаар ахлуулсан ажлын хэсгийг баруун аймгуудад ажиллуулахыг Монгол Улсын Шадар сайд, Онцгой комиссын дарга М.Энхболд үүрэг болголоо.
Засгийн газрын 367 дугаар тогтоолоор өвөлжилт хүндэрсэн аймгуудад Улсын нөөцийн цэг, салбаруудаас 5000 тонн өвс, 3000 тонн тэжээл борлуулаад байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.