Халх голын бүс нутагт хөдөө аж ахуйг сэргээн хөгжүүлэх мастер төлөвлөгөөг хүлээлгэн өглөө
2009.10.23

Халх голын бүс нутагт хөдөө аж ахуйг сэргээн хөгжүүлэх мастер төлөвлөгөөг хүлээлгэн өглөө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд 2009 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Халх голын бүс нутагт хөдөө аж ахуйг сэргээн хөгжүүлэх мастер төлөвлөгөөг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо.

Уг ёслолын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны КОЙКА байгууллагын Суурин төлөөлөгч Ли Донг Гү, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чун Ил, УИХ-ын гишүүд П.Алтангэрэл, Ц.Шинэбаяр, Гадаад харилцааны яам, Сангийн яамны зэрэг хоёр талын албаны төлөөлөгчид байлцав. Монгол Улсын эдийн засгийн голлох салбар болох хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд БНСУ-ын Засгийн газар, Олон улсын хамтын ажиллагааны КОЙКА байгууллага сэтгэл харамгүй тусалж, бодит, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсний нэг “Халх голын бүс нутагт хөдөө аж ахуйг сэргээн хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-г боловсруулсан явдал юм.

Энэхүү мастер төлөвлөгөө нь Монгол улсын Засгийн газраас баталсан “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”, “Атрын 3-р аян” тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөртэй уялдаж байгаа бөгөөд төслийн хүрээнд Халх голын бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн загвар аж ахуйг бий болгох юм. Халх голын бүс нутагт хөдөө аж ахуйг сэргээн хөгжүүлэх мастер төлөвлөгөө хэрэгжүүлснээр Монгол орны зүүн бүсэд байгалиас хараат бус байгальд ээлтэй эрчимжсэн газар тариалан, мал аж ахуйн салбарыг шинэ түвшинд хөгжүүлэн хүнсний баталгаат байдлыг хангах төдийгүй бүс нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг хурдасгахад чухал ач холбогдол үзүүлэх болно. Түүнчлэн уг мастер төлөвлөгөөнд тулгуурлан хөдөө аж ахуйн салбарт Солонгосын шилдэг техник технологийг нэвтрүүлэн нутагшуулах, иновацийг бий болгох замаар дэлхийн хүнсний хангамжид Монгол Улс бодит хувь нэмрээ оруулах болно гэдэгт талууд итгэл төгс байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.