Бэлчээрийн даац хэтэрснээс өвөлжилт, хаваржилт хүнд болох нээ
2009.10.15

Бэлчээрийн даац хэтэрснээс өвөлжилт, хаваржилт хүнд болох нээ

Хүнс Хөдөө Аж Ахуйн яамнаас гаргсан тооцоогоор Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд зуншлагын байдал 2009 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 40 гаруй хувьд хэвийн, 40 орчим хувьд гандуу, 20 орчим хувьд гантай байлаа.

Бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс үзвэл:
35 % нь 50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй)
10 % нь 51-100 хувь (бэлчээр хүрэлцээтэй)
20 % нь 101-300 хувь (багтаамж 1-3 дахин хэтэрсэн)
10 % нь 301-500 хувь (багтаамж 3-5 дахин хэтэрсэн)
25 % нь 500 хувиас их (багтаамж олон дахин хэтэрсэн) байна.

Өөрөөр хэлбэл нутгийн 40 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой буюу тодорхой тооны мал гаднаас отроор орох бэлчээрийн нөөцтэй байна. Харин нутгийн тал орчим хувь нь өөрийн сумын нутагт мал өвөлжүүлэх боломж муу бөгөөд өөр нутагт отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс анхаарах, зохицуулах шаардлагатайг харуулж байна.

Аймгийн дүнгээр авч үзвэл Өмнөговь, Дундговь аймгуудын бүх сум, Баянхонгор, Говь-Алтайн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Увс, Өвөрхангай, Дорноговийн зарим сумдын нутгаар бэлчээрийн даац их хэмжээгээр хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрэхээр байна.

Даац их хэмжээгээр хэтэрсэн нутагт Баян-Өлгийн Улаанхус, Алтай, Булган, Ховдын Эрдэнэбүрэн, Мянгад, Ховд, Дуут, Дөргөн, Чандмань, Булган, Увсын Наранбулаг, Малчин, Цагаанхайрхан, Зүүнхангай, Говь-Алтайн Баян-Уул, Жаргалан, Тайшир, Шарга, Тонхил, Бугат, Эрдэнэ, Бигэр, Чандмань, Цээл, Завханы Тосонцэнгэл, Дөрвөлжин, Баянхонгорын Өлзийт, Жинст, Богд, Баацагаан, Баянцагаан, Баян-Өндөр, Шинэжинст, Баянговь, Баянлиг, Өвөрхангайн Гучин-Ус, Төгрөг, Баянгол, Уянга, Нарийнтээл, Богд, Архангайн Тариат Хангай, Хашаат, Булганы Гурванбулаг, Баяннуур, Рашаант, Сэлэнгэ, Дорноговийн Хатанбулаг, Хөвсгөл, Мандах, Иххэт, Алтанширээ сумд болон Өмнөговь, Дундговь аймгуудын бүх сум орж байна. Бэлчээрийн даац онцгой их хэтэрч гарсан дээрх сумдад мал өвөлжих, хаваржих нөхцөл хүндрэхээр байгаа тул отор нүүдэл хийх зайлшгүй шаардлагатай байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.