Монгол төрийн тэргүүн Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагад /ДМАЭМБ/ анх удаа хандав
Өнөөдрийн байдлаар Монгол мал эрүүл гэдгээ Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага болон улс орнуудын өмнө нотолж чадахгүй байгаагаас экспортод гаргаж байгаа мах, олж буй ашиг орлого боломжит хэмжээнээс даруй 10-15 дахин бага, энэ хэмжээгээр малчин өрхийн орлого бага, бүтээгдэхүүний үнэ унасаар байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж малчдын орлогыг нэмэгдүүлэх гол эх үүсвэр болсон мах экспортлох асуудлыг эрчимжүүлэхэд анхаарлаа чиглүүлэн ажиллаж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газраас 2009 оны 9-р сард махны экспортд яагаад ахиц гарахгүй байгаа талаар салбарын яам, агентлагийн удирдлагатай уулзаж ярилцаж тодорхой үүрэг, чиглэл өгсөний дээр 2009 оны 12-р сард Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгуулагын захирал ноён Бернард Валлатад захидал илгээсэн нь Монгол төрийн тэргүүн тус байгууллагад хандсан анхны ажил хэрэгч үйл явдал болсон байна.
ДМАЭМБ-ийн захирал ноён Б.Валлат Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлсэн хариу захидалдаа "Таны 12-р сарын 4-ний өдрийн М.Батчимэгээр шууд хүргүүлсэн захидлыг хүлээж авсан нь миний хувьд нэр төр, алдар хүндийн хэрэг юм. ДМАЭМБ нь шинжээчдийн шилдэг багийг Монгол Улсад илгээж Таны анхаарлаа хандуулаад байгаа Монголын мал эмнэлгийн албыг олон улсын стандартыг хангуулах, малыг эрүүлжүүлэх, Монголын мал, мах, махан бүтээгдэхүүнийг олон улсын зах зээл дээр гарах боломжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлүүлэхэд тус дэмжлэг үзүүлэхээр хичээж байна" гэж Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.