Ц.Өнөрбаян: Таваас доош ангийнханд гадаад хэл заахыг хориглоно
Монгол хэлний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцсэн. Хуулийн талаар болон монгол хэлэнд тулгамдаж буй асуудлаар МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрхлэгч, доктор, профессор Ц.Өнөрбаянтай ярилцлаа.
-Та Монгол хэлний тухай хуулийн төслийн ажлын хэсэгт ажиллаж байгаа. Энэ хуулинд ямар ололт байна вэ?
Аливаа улс үндэстний хэл нь тухайн үндэстний оршин тогтнох дархлааг хадгалдаг гол үнэт зүйл юм. Тиймээс аль ч улс үндэстэн хэлээ хуулиар баталгаажуулж эзэмшиж, хэрэглэх, хамгаалах, өвлүүлэх, хөгжүүлэх шаардлагатай байдаг. Ялангуяа утга зохиолын хэл нь тухайн үндэстний хэлний тодорхой цаг үеийн хэм хэмжээнд тохирсон албан ёсны харилцааны хэл юм.
Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол хэл нь төрийн албан ёсны хэл мөн” гэсэн тодорхой заалт бий. Энэхүү албан ёсны хэлээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхийн тулд хэм хэмжээ, дүрэм, журмыг хуульчлан тогтоож байж л зөв хэрэглээ үүснэ. Тиймээс монгол хэлний тухай хуулийг УИХ-ын хэсэг гишүүдийн санаачилгаар мэргэжлийн эрдэмтэд оролцсон ажлын хэсэг байгуулж хуулийн төсөл дээр ажиллалаа.
Энэхүү хуулийг боловсронгуй болгох ажлын хэсэгт орсны хувьд ч эх хэл, эрдэм соёлынхоо төлөө 40 гаруй жил зүтгэж буйн хувьд ч сэтгэл зүрхээрээ санаа тавьж байна. Өнгөрсөн долоо хоногт байнгын хорооны хуралдаанаар энэ хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасанд баяртай байна.
-Энэ хуулийг яагаад гаргах болов?
Эх хэлнийхээ дархлаа, ариун дагшин байдал, зөв хэрэглээ, түүнийг хайрлан хамгаалах, өвлүүлэхэд, төр засаг, ард нийт, хувь хүн бүр санаа тавих ёстой. Төр засаг, мэргэжлийн эрдэмтдийн санаачилгаар 2003 онд Төрийн албаны ёсны хэлний тухай хууль гаргасан. Энэ хууль гарснаар монгол хэлний төрийн бодлогын үндэс суурь тавигдсан.
Монгол хэлийг эзэмших, хамгаалах, өвлүүлэх зэрэгт тавих шаардлага, албан байгууллага, хувь хүмүүсийн гүйцэтгэх үүрэг, хариуцлага, тэдэнд хүлээлгэх хариуцлага тодорхойгүй, хууль хэрэгжүүлэх, шийдвэр гаргах байгууллага тодорхойгүй зэрэг дутагдал байв. Мөн энэ хууль нь үйлчлэх хүрээний хувьд хязгаарлагдмал, зайлшгүй байх зүйл заалт дутуу байсан учраас шинээр хууль гаргах шаардлага гарсан юм. Үүнийг УИХ-ын гишүүд санаачилж хийсэнд баяртай байгаа.
Хууль гаргах зайлшгүй нөхцөл шалтгаан гэж бий. 1990 оноос хойш монголчуудын үндэсний сэтгэлгээ сэргэсэн. Түүнийг дагаад нийгэм, эдийн засаг нээлттэй болсон учраас нийгмийн болон оюуны амьдралд гадаад дотоод олон хүчин зүйлийн нөлөө өргөжлөө. Даяаршиж байгаа өнөө үед хүн төрөлхтөн хэдийгээр нэг дэлхий дээр амьдарч байгаа ч улс үндэстэн болгон хэл соёлоо хадгалах, хамгаалах зайлшгүй шаардлага гарч ирсэн.
Ялангуяа цөөн хэрэглэгчтэй монгол хэлийг төр засаг, ард түмэн нь хамгаалах эрхзүйн орчинг бүрдүүлэх зайлшгүй шаардлага гарсан. Өнөөдөр монгол хэлний дархлаанд нөлөөлөх сөрөг үзэгдлүүд их гарч байна. Мэдээллийн хэмжээ өргөсөхийн хэрээр эх хэлний хэрэглээнд алдаа мадаг их гарч, харь хэлний нөлөө үгийн сангаар барахгүй хэлзүйн байгуулалд ч нэвтрэх болов.
Мөн бие даасан Монгол Улс мөртлөө төрийн хэлнийхээ хэрэглээг журамлаж хуульчлаагүйгээс болоод сөрөг үзэгдэл цөөнгүй гарч байна. Өнөөдөр хотынхоо гудамжаар явахад албан ёсны бичгээр бичсэн хаягтай, тэр ч байтугай монгол хаягтай байгууллага цөөн байгаа нь сэтгэл зовоох болов. Бид чинь боловсрол, албан харилцаанд кирил бичгээ хэрэглэж байгаа шүү дээ. Залуу үе ч гэсэн гадаад хэлний үнэлэмжийг үндэсний хэлний үнэлэмжээс дээгүүр тавих цаг болсон.
-Монголчууд эртнээсээ босоо монгол бичиг хэрэглэж ирсэн ард түмэн. Кирил үсэг бол Оросоос орж ирсэн харийн бичиг гэж үздэг хүмүүс байдаг. Босоо монгол бичгийг төрийг бичиг болгох тал дээр та ямар бодолтой байдаг вэ?
Хэл гэдэг нь хүн төрөлхтний харилцааны хамгийн чухал хэрэглүүр. Утга зохиолын хэл аман ба бичгийн хоёр хэлбэртэй. Ярианы хэл анх үүссэн. Бичиг үсэг бол аман харилцааны орон зай, цаг хугацааны бэрхшээлийг даван туулах үүднээс хожим үүссэн. Бичгийн хэл бол үндэстний хэлний дархлааг сайн хадгалдаг.
Өөрөөр хэлбэл үндэстний хэл нь бичгээр дархлаажсан байвал урт настай болдог. Манай монгол үндэстэн бол нүүдэлчдийн дотроос бичиг үсгийн соёлоороо харьцангуй өндөр түвшинд гарсан ард түмэн. Түүхэндээ монголчууд 10 гаруй бичиг үсгийг урт богино хугацаагаар хэрэглэсэн байдаг. Энэ бол монголчуудын нүүдэлчин сэтгэлгээний онцлог бас үнэт зүйл нь юм.
Гэхдээ хамгийн урт удаан хугацаанд хэрэглэсэн үндэсний бичиг болтлоо дархлаажсан нь монгол бичиг юм. Эртний Финик бичгээс Армей, Согд, Уйгараар дамжиж ирсэн бичиг. Харин монголчуудыг дэлхийн орчин үеийн соёлтой танилцуулж, 100 хувь бичгийн боловсролтой болгосон бичиг бол кирил бичиг юм. 1940-өөд онд монголчууд кирил бичгийг авсан. Заавал ав гэж гаднаас шахаж шаардсан юм байхгүй л дээ.
Ер нь бичиг үсэгт буруу байхгүй. Тиймээс энэ хоёр бичгийг харьцуулж үнэлмээргүй байна. Ямар бичгийг авч хэрэглэхээ төр засаг шийднэ. Кирил бичгийг авснаар монголчуудад хохирсон юм байхгүй. Би тийм бичиг авч хэрэглэ гэдэг шийдвэр гаргах түвшний хүн биш.
Монгол хэлний тухай хуулинд бичиг үсгийг хуульчилсан заалтууд нэлээд орсон. Монгол бичиг нь 1000 гаруй жилийн түүхтэй, Монголын оюуны соёлын асар их баялгийг тээж хадгалж ирсэн учраас монгол бичгийг сэргээж хэрэглэх үзэл хүчтэй болж байгаа нь сайшаалтай. Монголчууд хос бичигтэй байж болно шүү дээ. Түүнээс биш монгол бичгээ аваад кирил бичгийг орхиё гэсэн сэтгэлгээ надад байхгүй. 10 жилийн дараа хос бичигт шилжих тухай заалт дэмжигдээд хуулинд орсон байгаа.
-Монгол хэлтэй холбоотойгоор Засгийн газраас 20 удаа журам гарсан байдаг. Ямар учраас ийм олон журам гаргаж байсан юм бол?
Хууль гарахаас өмнө эх хэлний сургалт, судалгаа, хэрэглээтэй холбогдсон журам, дүрэм, тогтоол, шийдвэр гарч байсан. Эдгээр нь хэлний талаарх төрийн бодлогын л нэг бүрэлдэхүүн хэсэг. Тухайлбал 2013 онд гаргасан монгол хэлний хэрэглээг нэмэгдүүлэх, чанаржуулах, сургалт судалгааг сайжруулах тухай Засгийн газрын 37 дугаар тогтоол гарсан.
Энэ бүхнийг журмаар зохицуулаад яваад байж болохгүй учраас 2003 онд Төрийн албан ёсны хэлний тухай хууль гарсан. Төр засаг албан ёсны хэлний бодлогоо өргөн хүрээнд алсын хараатай авч үзэж байна гэж бодож байна. Монгол хэлний тухай хууль гарах үндэс суурь нэгэнт тавигдсан байна.
-Сүүлийн үед хүүхэд залуусын эх хэлний мэдлэг муу болсныг олон жишээнээс харж байна. Та үүнийг юутай холбож тайлбарлах бол?
Би олон жил монгол хэлний багш мэргэжилтэн бэлтгэсэн, сургалт судалгаанд бие сэтгэлээрээ оролцож байсан хүний хувьд хэлэхэд монгол хэлний боловсрол, хэрэглээний чанар асар муудаад мөхөх дээрээ тулаад байна гэсэн сөрөг үнэлэмжтэй бүрэн санал нийлэхгүй. Ер нь дутагдал доголдол байгаа учраас эх хэлний хэрэглээг зайлшгүй хуульчлах шаардлага байгаа юм.
Үүнд шалтгаан олон бий. Социализмын үед одоогийнх шиг олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгаагүй, хяналт тавихад цомхон цэгцтэй байсан учраас алдаа мадаг бага байсан байх. Одоо бол үй олон хэвлэл мэдээллийн суваг бий болсон учир хяналт бүрэн тавих боломж багассан. Алдаа мадаг их гардаг болж. Алдааны ихэнх нь зөв бичих дүрэм, бичгийн соёлтой холбоотой байна.
Нөгөө талаар хэвлэл мэдээллийн газар ажиллаж буй сэтгүүлчдийн хэлний мэдлэг, боловсрол муугаас болж байгаа зүйл ч бий. Сургалтын чанарт ч асуудал байна. 1990 оноос өмнө монгол хэлний хичээлд зөв бичих дүрэм их заадаг байлаа. Одоо ярих бичих соёлд чиглэсэн сургалт голлоод хичээнгүй, зөв алдаагүй бичих өнгөн соёлд бага анхаарч байна. Ер нь зөв сайхан найруулгатай, баялаг үгийн сантай, мэдлэг чадвартай боловсролыг хүн насан туршдаа эзэмших ёстой.
Монгол хэлний боловсрол, хэрэглээнд нөлөөлөх гадны хүчин зүйл их болсон. Монгол хэлнээс илүүтэй гадаад хэлний нэр хүндийг өсгөх ажлууд ихээр хийгдэж байна. Гадаад хэлтэй хүнийг монгол хэлний боловсролтой хүнээс илүү шүтдэг сэтгэлгээ газар авч байна. Хэдий ярьж байгаа үг нь монгол боловч сэтгэлгээ нь харь хүмүүс олширч байна.
-Өнгөрсөн хугацаанд хэлний эрдэмтдийн зохиосон өөр өөр дүрмүүд, хориод төрлийн толь бичиг, тайлбар ном гарсан байдаг. Үүнээс болоод монгол хэлний нэгдмэл байдал алдагдаж хүн бүр дураараа бичдэг боллоо. Нэг тогтсон дүрэмтэй байж болдоггүй юм уу?
1940 онд кирил бичгийг авахад Ц.Дамдинсүрэн гуайн зохиосон тэр дүрмээр өнөөдрийг хүртэл явж байна. Энэ дүрэмд журамлах шаардлагатай зүйл цөөнгүй. Тиймээс 2013 оны Засгийн газрын 37 дугаар тогтоолоор бид зөв бичих дүрмийг журамласан толь гаргахаар болсон юм.
Дүрмээр зохицуулж болдоггүй үгсийг журамладаг юм. Гэхдээ мэргэжлийн хүмүүс ярилцаад кирил үсгийн зөв бичгийн дүрмийг боловсронгуй болгоод нэгдсэн толь гаргах санаа гаргасан ч дэмжлэг авсангүй. Бид дүрмээ, толио зохиочихоод зогсоочихсон. Одоо байгаа дүрэм дээрээ тулгуурлаад журамласан толь гаргах шийдэлд хүрээд байна.
-Өнгөрсөн жил олон янзаар бичдэг үгнүүдийг нэг болгож журамласан шүү дээ. Тэр үгнүүдийг хэрэглэж байгаа юу?
2012 онд МУБИС-ийн Монгол судлалын сургуулийн Монгол хэл шинжлэлийн тэнхимээс санаачлаад хэлний эрдэмтэн мэргэдийг оролцуулж ярилцаад өөр өөрөөр бичээд байгаа 700 үгийг журамласан юм. Түүнийгээ яамны вэб сайтад тавитал дундаас нь хүмүүс засч өөрчлөөд хэдэн янз болгочихсон. Тиймээс бид Хэл зохиолын хүрээлэнгээр зөв бичих дүрмийн журамласан толь хийлгээд гаргахаар ярьж байна. Толь бичгээ журамлан хуульчилдаг жишээ ч олон оронд бий.
-Дунд сургуулийн монгол хэл, уран зохиолын хичээлийн цагийг багасгалаа, МУБИС-ийн монгол хэлний багшийн ангийг тараах гэж байна гэж хэсэг шуугисан. Энэ юу болсон бэ?
Хүүхдэд боловсрол олгохдоо цагаар хөөцөлддөг үе өнгөрсөн. Ер нь л бараг бүх хичээлийн цаг хасагдаж байгаа гэж би ойлгосон.
Харин ч бага цагт чанартай заах нь чухал байх. Гэхдээ жинхэнэ монгол боловсрол олгодог энэ хичээлүүдийнхээ цагийг хэтэрхий хасч танахын оронд бусад онц шаардлагагүй хичээлүүдийг цомхотгох агуулгыг нь цогц болгох талаар бодох хэрэгтэй. Уран зохиол, монгол хэл, монгол бичиг гэсэн гурван хичээлийг багц болгоод хоорондын уялдаа холбоог сайжруулж, давхардлыг арилгах талаар ажиллаж байна. Тэгэхээр цагаар биш чанараар хөөцөлдөх нь зөв юм. Манай сургуульд монгол хэл уран зохиолын багшийн анги байсаар байгаа. Үүнийг тараах талаар огт яригдаагүй, тэгэх ч үгүй байх.
-Уншихгүй бол сэтгэхгүй гэдэг. Гэтэл ном уншдаг хүмүүс тэр дундаа хүүхдүүд маш бага болоод байх шиг. Хүүхдүүдээ яаж ном уншдаг болгох вэ?
Нийгмийн хөгжлийн хандлага, хурд их нөлөөтэй байна. Номоос гадна бага цагт их мэдээлэл авч болох хэрэгслүүд олон болж. Үүнээс үүдэж хараа муудах, тархи толгой өвдөх, сэтгэхээ болих гээд олон сөрөг үр дагавар гарч байна. Уншихгүйгээр харсан сонссон зүйл хүний толгойг ажиллуулдаггүй. Уншина гэдэг бол харах, бодох, эргэцүүлэх зэрэг олон бүтээлч үйл шаарддаг учраас унших ашигтай.
“Ном уншсан явдал намайг гярхай нүдтэй болгосон” гэж Виктор Гюгогийн алдартай үг бий. Тиймээс ном унших л хэрэгтэй. Гэхдээ аль болох хэрэгтэй зүйлийг унших ёстой. Хүүхдийн хүмүүжил, ёс суртахуун, сэтгэн бодоход шаардлагатай номыг л сонгох хэрэгтэй.
-Хүүхдэдээ хэрэгтэй ном зохиол уншуулмаар байвч сонголт хийхэд бэрхшээл байна. Хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх, буруу зан үйлд уруу татах агуулгатай номыг дунд сургуулийн хичээлийн номд сонгосон байхтай таарсан. Үүнд хяналт шалгалт байна уу?
Ерөнхий боловсролын дунд сургуульд хэрэглэх номыг БСШУЯ-аас сонгон шалгаруулж авч байгаа. Гэтэл сонгож буй комисс тэр номнуудаа нэг бүрчлэн уншсан уу, зөв утга агуулга байна уу, энэ насны хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирох уу гэдгийг судалсан байх ёстой. Энэ ажил ямар төвшинд явагдаж байгааг мэдэхгүй юм. Би сүүлийн 30 жил сурах бичиг бичиж байгаа хүн. Сурах бичгийн агуулгад тавигдах шаардлагаа сайн мэдэж байна.
Ер нь хүүхдэд унших зүйлийг нь олж сонгож өгнө гэдэг чухал. Үгийн эрч хүч, нөлөө маш их байдаг. Тэгэхээр багш, эцэг эхчүүд хүүхдийнхээ унших ном хэвлэлд анхаарч зөв ном авч өгөх хэрэгтэй. Буруу муу ном байвал зохих газар нь шаардлага тавих хэрэгтэй. Ингэснээр номын сонголтын чанар ч сайжирна шүү дээ. Хүүхэд, залуучуудын унших номонд анхаарч хяналт тавих хэрэгтэй болсон байна.
-Сүүлийн үед монгол сэтгэлгээ гэдэг зүйл илтэд багасаад байх шиг. Энэ монгол хэл соёлтой салшгүй холбоотой шүү дээ. Монгол сэтгэлгээгээ яаж авч үлдэж, үр хүүхдэдээ өвлүүлэх ёстой юм бол?
Хүн төрөлхтөний хэл нь ертөнцийг танин мэдсэн дүр зураг шүү дээ. Үндэсний хэл бол тухайн үндэсний сэтгэлгээний дүр зураг. Тиймээс үндэсний хэл бол үндэстний соёл, сэтгэлгээг тээгч хүчирхэг хэрэгсэл. Сэтгэлгээг нь сайжруулахын тулд үндэстний сэтгэлгээ шингэсэн сайн номыг уншуулах хэрэгтэй. Монгол сэтгэлгээ ардын аман зохиол, үндэсний үгийн урлагийн дархадын бүтээлд л тусдаг. Монгол үндэсний сэтгэлгээ муудаж байна гэдэг нь эх хэлний боловсролын чанар л муу байгаагийнх.
Өнөөдөр дэлхийд 10 сая орчим монгол угсаатан амьдарч байгаагаас зургаан сая шахам нь монгол хэлээр ярьдаг гэсэн албан бус мэдээ байдаг. Монгол хэл нь хэрэглэгч цөөхөнтэй ч бичгийн хэлээр баталгаажсан хэл. Мөн дотроо олон ястны аялгуу, аман аялгууны өнгө төрхтэй. Хэрэв эдгээр аялгууны ялгаа арилж нэг аялгуунд уусчихвал дархлааны нэг шинж алга болж мөхөх аюултай болно.
Нөгөө талаар монгол хэлний хэлзүйн байгуулал дотор дэлхийн бараг бүх хэлний үзэгдлийн шинж төрх байдаг. Ийм хэл харь хэлний нөлөөнд амархан автаж мөхөх аюулаас хол байдаг. Тиймээс монгол хэл ойрын үед мөхөх хэлний тоонд ороогүй. Ер нь дархлаа сайтай хэл шүү дээ. Гэвч үүнд санаа амарч болохгүй.
-Гадаад хэл сурахыг үгүйсгээгүй ч хэт туйлшраад эх хэлээ орхигдуулаад байгаа байдал ажиглагдах юм?
Эх хэлнийхээ үнэлэмжийг бусад хэлнээс дээгүүр тавихгүй бол харийн хэлний аюул заналхийлдэг.
Монгол хэлний хуульд гадаад хэлийг ерөнхий боловсролын сургуулийн тавдугаар ангиас доош ангид заахыг хориглосон заалт байгаа. Учир нь хүний үндэсний сэтгэлгээ 10-11 насанд эх хэл дээр нь тулгуурлаж төлөвшдөг. Түүнээс өмнө гадаад хэл заачхаар монгол царайтай мөртлөө сэтгэлгээ нь байхгүй, холимог сэтгэлгээтэй хүн болж төлөвшинө. Гадаад хэлний сургалтын хугацааг ингэж хуульчилсан нэлээд хэдэн орон байдаг. Хожим гадаад хэл үзсэн хүмүүс илүү ухамсартай сурдаг нь манай нэртэй орчуулагчдын туршлагаас харж болно.