Г.Сүлд-Эрдэнэ: Нэр томьёо, гадаад үгийг орчуулах уу, галиглах уу, шууд авч хэрэглэх үү гэдэгт зарчим хэрэгтэй
Монгол хэл соёлын хүрээлэнгийн захирал, Монсудар ХХК эрхлэгч Г.Сүлд-Эрдэнэ
2015.01.21

Г.Сүлд-Эрдэнэ: Нэр томьёо, гадаад үгийг орчуулах уу, галиглах уу, шууд авч хэрэглэх үү гэдэгт зарчим хэрэгтэй

Монгол хэл соёлын хүрээлэнгийн захирал, Монсудар ХХК эрхлэгч Г.Сүлд-Эрдэнэтэй монгол хэлэнд тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа. 

-Гадаад үг хэллэг, нэр томьёог хэрэглэж буй байдал замбараагаа алдлаа. Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Улс орон бүхэн өөрийнхөө бичгийн хэлээр бахархаж, эх хэлнийхээ цаашдын ирээдүй, иргэдийнхээ хэлний боловсролд анхаарч, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч буй этгээд буруу хазгай хэллэг, бичлэгийг залруулан засахын тулд хууль гаргаж, хэлний тухай тусгай нэвтрүүлэг хүртэл бэлтгэдэг.

Гэтэл манай улсад эх хэлний хэрэглээ хэт замбараагүй болсон нь хэвлэлийн мэдээ нэвтрүүлэг, гудамжаар эрээлжлэх гадаад болон эх хэлний үгийг зөв буруу хольсон зарлалын самбар, хаяг, рекламаас хэд алхаад л түвэггүй харагдаж байна.

Энэ бүхэн эх хэлнийхээ үгсийн зөв бичихзүй, зөв дуудахзүйг мэдэхгүй, утгыг нь зөв ухаагүй, ухаараагүй бичигч өгүүлэгчдийг хянахаа больсон, нүдэн балай чихэн дүлийн үлгэрээр “байдаг л зүйл” мэт хүлээн авдаг төр засгийн бодлогоос шууд хамаарна. Өнөөгийн манай эрх мэдэл, мөнгөнд дулдуйдсан засаг төрийн яндагтан ямбатнууд эх хэлний цэвэр ариун байдал, гаднаас монгол хэлэнд шууд болон дам орж ирж буй олон харь үг, шинэ нэр томьёо зохиох гэх мэт эх хэлний тулгамдсан асуудлыг ярих нь битгий хэл ирээдүйгээ бодсон хэтийн том төлөвлөгөө ч үгүй сууна.

-Ер нь манай улсад нэр томьёо, гадаад үгийг орчуулж оноож, хэрхэн хэрэглэх талаар Төрийн хэлний зөвлөл гэж байгууллага ажилладаг. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Уг нь бол төр засгаас тохоон томилсон “Төрийн хэлний зөвлөл”өнөөгийн монгол хэлэнд орж ирсэн олон шинэ нэр томьёог цэгцлэх ажлыг хийх ёстой. Хэрэв тэд ажлаа хийдэгсэн бол бид юунд ингэж цухалдах вэ. Төрийн хэлний зөвлөлийн ажлын албаны дарга Ж.Нэргүй “Бид мундаг эрдэмтдийн өлсгөлөнд орчихоод байна” гарчигтай ярилцлага өгснийг уншлаа.

Тэр хүн хийх ажлаа мэдэхгүй байна уу эсвэл учраа олохгүй явна уу... Бид Ерөнхий сайдад хүртэл удаа дараа “Гадаад хэлнээс орж ирдэг үгсээ яах вэ!”ёхэмээн хүсэлт хүргүүлж байлаа. 

Манай Засгийн газар иргэний танхимтай, утас нь 11-11, БШУЯ ч бас иргэд хүлээн авах орон тооны хүнтэй, санал хүлээж авах утас нь 12-09. Гэхдээ тэдэнд хүсэлт тавиад нэмэргүй, эдгээр дугаар руу залгасан ч хариу өгдөггүй юм.

Үнэндээ цаана нь ямар хариу өгөхөө мэдэхгүй хүмүүс суудаг нь ойлгомжтой. Төрийн хэлний зөвлөл ажлаа хийхгүй, үг үсэг олон салаа ухагдахуунтай болсон энэ цаг үед “чоно борооноор” гэгчээр нэвтрүүлэг, сонин сэтгүүлээр өөрийгөө дөвийлгөсөн, олон түмнийг үгээрээ туйлшруулсан амны хайрцаг сайтай нөхөд шинэ үг хэллэг, шинэ нэр томьёог дураараа зохиож ярих туйлшрал газар аваад эхэлж.

Мөн судлаач, эрдэмтдийн талцаж хуваагдсан байдал буюу өөр өөрсдийн хэрэглэж сурсан, зохиосон нэр томьёогоо өөрийн хүрээллийн хүмүүст түгээж буй өнгөрсөн болон өнөө үеийн байдлыг бүгд мэднэ. Энэ хандлагаас болоод эцсийн эцэст нэр томьёоны хэрэглээ, зохицуулалт нийгмийн амьдралд ямар ч чухал үүрэггүй болсоор байна.

Төрийн хэлний зөвлөл эхлээд гадаад үгийг яаж орчуулах, нэр томьёо боловсруулах зарчмаа тогтоочихоод, 700 үгийг /зарим үгийг маш ташаа журамласан/ журамлан гаргасан шигээ улиралд, жилд шинээр орж ирсэн үг хэллэгийг маш оновчтой, судалгаатай, тайлбартайгаар хэрхэн монгол хэлнээ орчуулах, буулгах вэ гэдгийг хэлэлцэн баталж баймаар байна.

Нэр томьёог зөв оноож буулгаагүйгээс цаад ухагдахуун, ойлголтыг ухаарахад түвэгтэй болж, монгол хүмүүс хоорондоо харилцахад хүртэл бэрхшээл учирч болзошгүй боллоо. Үнэндээ бол хэлийг хэрэглэгчид цаад зүйлийнхээ нарийн учир утгыг ойлгож мэдэхгүй, аль эвтэйхнээр нь л хэрэглэж байна. Үүнийгээ “монгол хүн буруу ярьж, зөв ойлгодог” гэж муйхраар өмгөөлөх болсон.

-Нэр томьёог оноон тогтоох, гаднаас орж ирж буй гадаад үгсийг журамлах асуудалд хоёр туйл байдаг бололтой. Нэг нь монгол хэлээр заавал орчуулах ёстой хэмээн хэтрүүлээд, нөгөө нь шууд тэр хэлээр нь монгол үгийн дундуур хавчуулж яриад байдаг. Аль нь зөв юм бэ? Гадаад үгийг бичих, орчуулах дүрэм гэж байдаг уу?

-Аль тэртээ 1983 онд зохиогдсон монгол үсгийн дүрэмд гадаад үгийг хэрхэн хэрэглэх талаар тусгагдаагүй, өнөө болтол энэ л хэвээр явж ирлээ.

Үүнээс хойш олон шинэ үг бидний хэрэглээнд нэмэгдсэн. Хэн дуртай нэг нь компьютерийг цахимбар, скочийг наалтууц, усан санг шумбуур, редакцыг цэгц, квасыг исгэс, органикийг шимт, констракшинг бүтээц, лото-г шавга, марль-ийг самбай, сальфеткаг салбайдаг, э-мэйлийг цахим шуудан, билъярдыг ёворцог, кофег боргол гэхчлэн ямар ч тогтолцоо, аргачлал, зарчимгүйгээр орчуулах нь зөв хэрэг бишээ. Хэрвээ кофег боргол гэж орчуулбал капучино, эспрессог ч бас орчуулах хэрэгтэй шүү дээ.

Мөн тракторыг тараактар, радиог араажав, эйркондишн, подвоолк гэх мэтчилэн зөвхөн дуудлага баримтлах болж.
Гэтэл банк, ломбард, диско, канон, стресс, камер, бонус, такси, курс, кафе гэх мэтээр харь хэлний үгийг шууд тэр хэвээр нь хэрэглэх, мөнгөний машин, төрийн аппарат, их тархи, зөөлөвчний бодлого, ухаалаг утас гэхчилэн этгээд сонин хэллэг бий болгох, Кембрижийн боловсрол, канген ус, евро стандарт, донор орон, дебит карт гэх мэтчилэн ухагдахуунаа илэрхийлж чадахгүй, сурталчилгаа шоуны аястай үг хэллэгээр өөр өөрийнхөөрөө олон янзаар нэрлэх нь буруу зөрүү ойлголтыг төрүүлж, ойлголт ухагдахууныг холион бантан болгож байна. 

Үүнийг зохицуулах гарц бол нэр томьёог шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулж, оноон тогтоож хэвшүүлэх, тогтсон нэр томьёог улам боловсронгуй болгох зарчмаа эхлээд гаргах хэрэгтэй. Гадаадын нэр томьёог боловсруулах зарчмаас үлгэрлэхэд техник технологийн шинээр орж ирж байгаа тухайн үгийг судалж үзээд, дэлхийн хамгийн том 5 хэл-англи, орос, герман... хэлэнд яг энэ чигээрээ хэрэглэгддэг үг болохыг тогтоож, үүнээсээ үндэслэн шууд авч хэрэглэе.

Эсвэл олон хэлэнд орчуулж хэрэглэсэн байвал хэлнийхээ дүйх үгийг олж оноох гэх мэтээр шийдвэрлэдэг зарчмууд байх жишээний. Манай хэлний эрдэмтэд шиг дүрмээ зохиогоогүй байж дөрвөн үсэг хасна гэх, нэр томьёо орчуулах хэрэглэх зарчмаа боловсруулаагүй байж дур зоргоороо, өөрийн хүүхдэд нэр өгч байгаа юм шиг цахимбар, боргол, уямж гэж нэр оноох бол бодлогогүй, ухамсаргүй, тоомжиргүй хэрэг л дээ.

-Манайд шинээр хэрэглээнд орж ирж байгаа гадаад үгсийг бүртгэдэг үү? Ихэнх үгийг тэр чигээр нь хэрэглээд, тэгээд “гадаад үгэнд дарлууллаа” гээд бухимдаад байгаа хандлага ажиглагддаг?

-Орчин үеийн техник технологийн хурд, эрчимтэй хөгжих хөгжлийн энэ үед бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, хэрэглээ, материал, заавар зааварчилгааг нэрлэсэн нэр томьёо хэрэглээнд асар хурдтай нэвтэрч, тэр гадаад үгээрээ хэвшиж байна. Бид вэбсайт шүүж, ярианы болон бичгийн хэлнээс сүүлийн 14 жилд орж ирсэн шинэ үгийг шүүрдэж, шинэ үгийн судалгаатай толь бичиг хийсэн.

Нэгэнт хэрэглээнд хэвшсэн үгсийг бид няцаагаад, нуугаад эсвэл монгол үгээр муйхарлаж шууд орчуулах ямар ч боломж байсангүй. Техник технологийн хурдтай зэрэгцэж орчуулж, оноох зохицуулалт хийхгүй л бол оройтох нь. Гутлынхаа өсгийг гадагш нь хэлбийлгэж алхаж хэвш­чихээд, дараа нь дотогш нь болгох гэж алхахтай адил хэцүү зүйл юм.

- Шинээр боловсруулж, УИХ-д өргөн барьсан “Монгол хэлний тухай хууль”-д нэр томьёо боловсруулах талаар дорвитой заалт байсан уу ?

-“Бүх шатны сургалт, эрдэм шинжилгээний ажилд шинжлэх ухааны нэр томьёог монгол хэлнээ орчуулан хэрэглэхийг эрхэмлэнэ”гэж оруулсан байсан. Зарчимгүй учраас “эрхэмлэнэ” гэж бөөрөнхийлсөн байх. /инээв/.

Мөн “холбогдох мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар гадаад нэр томьёог монгол хэлнээ орчуулах” гэсэн нь бас л худлаа заалт байсан. Холбогдох ямар мэргэжлийн байгууллага гэж... Монголд хаана тийм байгууллага байгаа юм? Хөгжмийн нэр томьёог Н.Жанцанноров, хүнсний нэр томьёог Ч.Онгоодой, ургамлын нэр томьёог Ч.Санчир гэх мэт эрдэмтэн өөрсдийн хийж байгаа ажилдаа хамааруулан мэргэжлийн нэр томьёогоо цэгцэлсээр өдий хүрлээ.

Харин бид УИХ-ын гишүүн Батчимэгт “энэ заалтаа эрх бүхий судалгааны байгууллагад нэр томьёоны тасаг ажиллуулан, салбар шинжлэх ухаан бүрээс нэр томьёо судлаач, орчуулагчдыг тогтмол оролцуулан, нэр томьёог боловсруулна гэвэл сая харин тодорхой болно” хэмээн хуулийн тухай шүүмж-албан бичигтээ тодорхой тусгаад явуулсан.

-Өөрийн тань бодлоор нэр томьёо, гадаад үгийг яаж тогтоон баталбал зүйтэй вэ. Ямар аргаар ажиллавал цэгцрэх бол? 

-Тогтоон батлахын өмнө харь хэлний нэр томьёо, үгийн гарал үүсгэлийн талаар сайтар судалж байгаад, гол үгийг олж тогтооно. Өөрөөр хэлбэл тэр харь хэлний нэр томьёо үгийн ямар утгаар, язгуур, дагавраар бий болоод, одоогийн утга санаа нь ямар зүйлийн ухаан буюу нарийн мэргэжилд чухам юу зааж байгааг харгалзан үзнэ.

Харь хэлний нэр томьёотой таарах үг монгол хэлэнд урьд нь байсан эсэхийг хамгийн түрүүн шийдвэрлэнэ. Хэрэв байгаагүй бол өнөөх харь хэлний нэр томьёог монголчлоод, утга санаа нь гарах эсэхийг харгалзвал зохино.

Мөн гадаадын улс орны нэр томьёо тогтоодог жишгийг судлан харьцуулж, юун түрүүнд зарчим боловсруулах асуудал байна. Түүнээс бус ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, эсвэл Төрийн хэлний зөвлөл, Монгол судлалын холбоо аль ч байгууллагыг хий гэж төрөөс үүрэгдээд,тогтоол зарлиг гаргаад нэгэнтээ ажил явахаа больж. Хэлний тухай хангалттай олон тогтоол зарлиг бий. Харин хэрэгжсэн нь нэгээхэн ч үгүй.

Хэл судлалын хэдэн эрдэмтний үзэл бодлын маргаан, хувийн ашиг сонирхол, талцал дээр бус, шинжлэх ухаан болон хэлний хэрэглээний талыг баримталбал сая зүйтэй болно. Учир нь хэл бол хэрэглээ. Мөн батлаад, цаас төдийгөөр нь орхих бус нийгэм, олон нийтэд хэвшүүлэх тал дээр түлхүү ажиллаж, хяналт тавибал л болох ажил.

Нийгэм, олон нийт ч үүнд оролцох учиртай. Яаж оролцох вэ гэхээр шинээр монгол хэлнээ оруулах гэж буй нэр томьёог өөрийн мэдлэг мэдээлэл дээр тулгуурлан орчуулах бус, “Нэр томьёо тогтоодог байгууллага”-д хандаж, асуудлаа маш оновчтой зөв хамтран шийдвэрлэсний дараа түгээн тархаамаар байна.

Мөн өөрийнх нь оруулж ирсэн, орчуулсан шинэ нэр томьёо оновчтой бол энэ байгууллагад хандаж бүртгүүлж болно шүү дээ.Харин түрүү үеийн эрдэмтдээ санагалзаж, гар хуруугаа оролдоод суугаад байвал нэг л өдөр шийдэгдээд цэгцэрчих ажил бол биш юм шүү. 

-Ярилцсанд баярлалаа.