Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхөөр товлосон байсан ч энэ асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулав. Учир нь үдээс өмнө хуралдсан Төсвийн байнгын хорооны хуралдаанаар уг зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэж санал, дүгнэлтээ тус байнгын хороонд ирүүлэх байсан ч энэ асуудлыг хэлэлцэхийг хойшлуулсан аж.
Ингээд Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг байнгын хорооны хуралдаанаар хаалттай горимоор хэлэлцсэн юм.
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн баригдсан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх танилцуулсан юм. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Цөмийн энергийн газрыг татан буулгасантай холбогдуулан чиг үүргийг нь өөр газарт хариуцуулах шаардлагын үүднээс 7 зүйл бүхий уг хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулсныг Шадар сайд танилцуулгадаа дурдав.
Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд тавих хяналтыг Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцах, харин цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох бүрэн эрхийг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эдлэхээр уг хуулийн төсөлд тусгажээ. Мөн энэ салбарын үйл ажиллагааг Ерөнхий сайдын мэдэлд ажиллах Цөмийн энергийн комисс эрхлэн гүйцэтгэх бөгөөд уг комисс нь орон тооны байхаар тусгасан байна.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Цог, С.Оюун, Л.Болд, М.Батчимэг нар Шадар сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан УИХ-ын гишүүн Сү.Батболд, Л.Цог, С.Оюун нар саналаа хэллээ. Асуулт асууж, санал хэлсэн гишүүдийн олонх нь Засгийн газар төсөв санхүү хүндрэлтэй байна гэсэн нэрийн дор үйл ажиллагаа нь цэгцэрсэн, төрийн бодлогын чухал салбарын нэг болох Цөмийн энергийн агентлагийг татан буулгасан нь ухралт болсон гэж үзэж буйгаа хэлж байв. Түүнчлэн цаашдаа энэ чухал салбарын чиг үүрэг, үйл ажиллагааны онцлогт онцгой анхаарч ач холбогдлыг нь өмнөх түвшнээс бууруулахгүй байх ёстой гэдгийг анхааруулж байв.
Ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.