2009.07.19

Цөөнх болсон П.Алтангэрэл гишүүн мэдээлэл хийв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энергийн тухай хууль, Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталж, зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Уг асуудлыг хэлэлцэх үеэр цөөнх болсон УИХ-ын гишүүн П.Алтангэрэл сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр чуулганы нэгдсэн хуралдаан дээр Цөмийн энергийн тухай хуулийг нухацтай нягталж хэлэлцэхийн тулд энэ удаа анхны хэлэлцүүлэг хийгээд чуулганы завсарлагаар гишүүд дахин сайн ярилцаад хуулийн төслийг намрын чуулганаар батлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байснаа мэдэгдэв.

Мөн тэрбээр "Улс орны үндэсний аюулгүй байдалтай холбоотой энэхүү хуулийн төслийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг нэг өдөр шуурхайлан хийж баталсан нь цоорхойтой хууль гарахад хүргэж байна. Цөмийн энерги, цацрагийн аюулгүй байдлын асуудал нь нарийн технологи, хяналт шаарддаг, хатуу дэг журмын дагуу олборлож ашигладаг онцгой ашигт малтмал.

Гэтэл энэ асуудалд хяналт тавих үүргийг Цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын мэдэлд үлдээхээр болж байгаа нь буруу шийдэл юм.

Уг нь хөндлөнгийн байгууллагын хяналт зайлшгүй чухал гэж байлаа. Мөн тэрбээр уг хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед хуулийг төслийг хойшлуулж, дахин сайтар нягтлах саналтай байсан гишүүн Ч.Улаан, Д.Энхбат нартай хамтран хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл санаачлан намрын чуулганд оруулж болох юм гэдгээ илэрхийлэв. УИХ-ын дарга хуулийн төслийг батлагдах үеэр гишүүдэд ийм боломж байгааг хэлжээ. УИХ уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийгээд чуулганы завсарлагаар ажлын хэсэг гарган дахин нягтлахаар төлөвлөж байсан ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаас эл хуулийг даруйхан батлах шардагтайд гэсэн чиг өгсний дагуу эцэслэн шийдвэрлэсэн гэнэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.