2010.04.18

Цөмийн энергийн тухай хуулиар санал солилцов

УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Ц.Батбаяр нар Цөмийн энергийн тухай хуулийн хэрэгжилт ямар шатанд байгаа талаар холбогдох албаны хүмүүс болон хөрөнгө оруулагч талтай уулзалт хийж байна. Уулзалт Төрийн ордны “Е” танхимд болж буй юм. Зорилго нь Цөмийн энергийн тухай хууль батлагдаад удаагүй ч дахин гар хүрч, өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа тул гишүүд тэдэнтэй уулзаж, санал бодлыг нь сонсч байна. УИХ-аас өнгөрсөн оны долдугаар сард Цөмийн энергийн тухай хуулийг баталж, энэ хугацаанд Цөмийн энергийн газар 18 аж ахуйн нэгжийн 135 тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгожээ.

Мон-Атом компанийн удирдлагын хэлснээр бол гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд хуулийн таатай орчин бүрдээгүй аж. Тиймээс хууль батлагдсанаас хойшхи өнөөг хүртэлх хугацаанд хөрөнгө оруулагчдын зүгээс цацраг идэвхт ашигт малтмалын ордыг ашиглах тал дээр санаачлага гарган, идэвхтэй ажиллахгүй байгаа. Мөн бэлэн байгаа орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулах тал дээр төр идэвхи санаачлагатай ажиллах шаардлага байгааг тэмдэглэв. Геологич н.Жамсранжав “Лиценз эзэмшигч нь цацраг идэвхт ашигт малтмалын орд газрыг өөрийн хөрөнгөөр илрүүлсэн нөхцөлд түүнийх нь 34 хувийг төр шууд эзэмшинэ гэсэн заалт нь өөрөө хөрөнгө оруулагчдыг үргээсэн заалт гэж шүүмжилж байна.

Эрсдлээс нь төр үүрэлцэхгүй хэрнээ ашиглалтаас нь хувь хүртэх гээд байгаа нь хэтэрхий хатуудсан заалт гэнэ.

Түүнчлэн Цөмийн энергийн тухай хуульд зөвхөн лиценз олголт, ашиглалт хоёрын зохицуулалтыг л хийснээс биш цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын аюулгүй байдлыг харгалзан үзээгүй. Хайгуул хийхээс эцсийн бүтээгдэхүүн болгох хүртэлх тэр хугацааны аюулгүй байдал хангагдаагүй гэж үзэх эрхэм ч байлаа. Тэр дундаа цацраг идэвхт ашигт малтмалын орд газрын 51, 34 хувийг төр эзэмшсэнээр аюулгүй байдалд нь хяналт тавина гэж үзвэл бүтэхүй. Тиймээс шинэчлэн засвар оруулах хуульдаа энэ талын заалтыг оруулж, хөрөнгө оруулагч талын эрх ашгийг хөндөхгүйгээр тусгах шаардлага байгааг ч тэмдэглэлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.