Б.Гарамгайбаатар: Өглөө босоход л өр нэмэгдээд байгаа юм биш
АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар
2015.01.19

Б.Гарамгайбаатар: Өглөө босоход л өр нэмэгдээд байгаа юм биш

Өрийн таазыг хэдэн хувьд хүрсэн талаар  янз бүрийн мэдээлэл явж, олон нийт эргэлзэж байна.

МАН-ын бүлгээс өмнөх Засгийн газар хууль зөрчин өр нэмэгдүүлж, түүнийгээ нуун дарагдуулсан. Одоо нэгэнт 58.3 хувьд хүрсэн өрийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй боллоо гэж  буй. Харин АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ  энэ талаар тайлбар өгсөн юм.

Тэрбээр  “Шийдлийн Засгийн газар байгуулагдаад өрийн хэмжээ өглөө босоод ирэхэд л нэмэгдээд байгаа  зүйл байхгүй.  Хөгжлийн банк, Үнэ тогтворжуулах  гэрээний дагуу хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээний санхүүгийн эх үүсвэрийг төсөвт суулгаагүй явнаас үүссэн  асуудал.

МАН-аас тавьж байгаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хүрээнд өрийн таазыг 40 хувьд байлга гэдэг шаардлагыг биелүүлэх боломжтой. Харамсалтай нь МАН өнөөдрийг хүртэл  нэг  төсөвтэй байх ёстой, төсвөөс гадуур төсөл, хөтөлбөрийн эх үүсвэрийг бүгдийг   нь төсөвт  суулга гэдэг шаардлагыг тавьж ирсэн.

Энэ шаардлагын дагуу эх үүсвэрүүдийг оруулахаар өнөөдрийн яригдаад байгаа  өрийн хэмжээ ДНБ-ний 58.3 хувь гэдэг тоо гарч байгаа. Шинэ Засгийн газар хүлээгдэж буй гүйцэтгэл, 2015 онд санхүүжүүлэх төсөл эх үүсвэрээ судлаад 58.3 хувь гэдэг тооцоог гаргасан” гэх тайлбарыг өглөө.