Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих төслийг таницууллаа
2015.01.13

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих төслийг таницууллаа

Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жэймс Андерсон, хүний хөгжлийн зөвлөх Г.Пагма нарыг өнөөдөр(2015.01.13) хүлээн авч уулзав.

Эрүүл мэндийн мэдээллийн системийн хэрэглээ, нэгдмэл байдлыг сайжруулах, сонгогдсон газар нутагт эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай хүргэх цахим шийдлүүдийг бий болгох зорилтыг дэвшүүлсэн Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжих “Цахим эрүүл мэнд” төслийн талаар Эрүүл мэнд спортын сайдад танилцууллаа.

Төслийн туршилтыг Төв, Хөвсгөл аймаг, Сонгинохайрхан дүүргийн сум, өрхийн эмнэлгүүд, Улсын I болон III дугаар төв эмнэлгүүдэд хэрэгжүүлэх аж. 

“Цахим эрүүл мэнд” төслийн үр дүнд сонгогдсон эмнэлгүүдээр үйлчлүүлэгчдийн өвчний түүхийг холбогдох талуудад нээлттэй болгож, дараагийн шатны эмчилгээ, тусламжийг цаг алдалгүй авах нөхцлийг бүрдүүлж, улмаар эмч  нар өвчтний эмчилгээний талаарх бүрэн мэдээллийг шуурхай авч, зохих эмчилгээ, үйлчилгээг хурдан, чанартай үзүүлэх боломж бүрдэх аж.