Эрүүл мэндийн тогтолцоо ба Монгол суу ухаан
Монгол Суу Ухааны Манукол Академийн жинхэнэ гишүүн АШУҮИС, Эрүүл мэндийн бодлого, менежментийн тэнхимийн багш С.Мөнхсайхан
2014.11.26

Эрүүл мэндийн тогтолцоо ба Монгол суу ухаан

Улс орны эрүүл мэндийн тогтолцоо нь тухайн улс орны түүх, соёл, зан заншил, байгаль орчин, амьдрал ахуйн нөхцөл боломж зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан улс орон бүрт өөр өөр байдаг боловч эрдэмтэн судлаачид эрүүл мэндийн тогтолцоог: Зах зээлийн, нийгмийн хамгааллын, эв нэгдлийн, социалист гэсэн үндсэн дөрвөн хэлбэрт хувааж байна.

Эдгээр тогтолцооны загварууд нь өөр өөрийн давуу болон сул талуудтай байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар чухам яг аль тогтолцооны загвар нь хамгийн зөв, ард иргэд, улс оронд хэрэгтэй вэ гэдэг талаар нэгдсэн ойлголтонд дэлхий нийт хүрээгүй л байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Эрүүл мэндийн тогтолцоо нь хүн амд шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрэгцээтэй газарт, хэрэгцээтэй цаг хугацаанд нь чанартай хүргэх боломж нөхцөлийг бүрдүүлэх ёстой” гэж тунхагласан боловч түүнд хүрэх оновчтой тогтолцооны загварыг улс орнуудад танилцуулалгүй өнөөдрийг хүрч байна.

Америкийн эдийн засагч Цун-мей Чены эрүүл мэндийн тогтолцооны нийтлэг хууль хэмээх зүйлдээ дараах мэдэгдлийг хийсэн байна. Үүнд 1-рт: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хичнээн сайн байлаа ч тухайн улс орны хүн ам түүнд сэтгэл дундуур байх болно. 2-рт: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хичнээн их мөнгө зарцуулаад ч эмнэлэг болон эмч нар санхүүжилт хангалтгүй байна гэж гомдоллоно. 3-рт: Эрүүл мэндийн шинэчлэл өөрчлөлт үргэлж амжилтгүй болсонд тооцогддог. Энэхүү мэдэгдлийг дэлхий дахины эрдэмтэн судлаачид өргөнөөр иш татан хэрэглэж байгаа нь ерөөсөө өнөөгийн хүн төрөлхтөн эрүүл мэндийн оновчтой тогтолцоо бий болгож чадаагүй байгааг харуулж байна.

Эрүүл мэндийн тогтолцоо. Судлаачдын томъёолол.

Ийм нөхцөл байдалд манай улс нэгэнт алдаа дутагдалтай нь мэдэгдэж байгаа эдгээр тогтолцооны хэв загварыг одоогийнх шиг шууд хуулбарлан дууриах бус харин эдгээр тогтолцооны загваруудын ололт амжилт, алдаа эндэгдлийг нь судалж өөрсдийн уламжлалт арга ухаанаар өөрийн орны уламжлагдан ирсэн соёл, зан заншил, амьдралын хэв маягт тохирсон хэлбэр загварыг бий болгох нь оновчтой юм.

Монгол суу ухаанд эрүүл мэндийн социалист болон нийгмийн хамгааллын тогтолцооны мөрдлөг болгодог эв нэгдлийн зарчмыг “хамтын хариуцлага” гэсэн нэр томьёогоор ихээхэн чухалчлан авч үздэг ба хүн бусдад хариуцагдаж, бусдыг хариуцаж, хамаарах ёстой гэж үздэг. Өөрөөр хэлбэл танд бүх зүйл хамаатай, та дэлхийгээ, ард түмнээ хайрлаж, хамгаалж, хамаарах ёстой гэж сургадаг. Зах зээлийн нийгмийн үед хамтын хариуцлага, эв нэгдлийг үгүйсгэж “та зөвхөн өөрийгөө бод, хувиа хичээ, та л болж байвал боллоо” гэсэн явцуурсан, харгис, мунхаг номлол гарч ирсэн. Үүний үр дүнд өнөөдөр өөрийнхөө төлөө, ашгийн төлөө юу ч хийхээс буцахгүй болсон араатан мэт хүмүүсийг бий болгосон. Мөн зах зээл гэгч энэ нийгмийн үед эдийг шүтэх, бүхнийг мөнгөөр үнэлэх гаж сэтгэхүй гарч ухаан мэдлэгтэй, хүнлэг сэтгэлтэй нь бус харин эд мөнгөтэй хэн дуртай нь улсыг удирдан тоглох болсон.

Монгол суу ухаанд аливаа эрх эдлэх боломжийг зөвхөн тухайн хүний нийгмийн болоод өөрийнхөө өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлж байгаагаас шалтгаалан эдлүүлдэг. Энэ нь та үнэн, зөв, шударга, ариун амьдарч улс орондоо сайн сайхнаа өгч, хайрлан хамгаалж байж аливаа ач эвээл, эрх ямбыг авах боломжтой гэсэн үг. Хэрвээ та буруу, бусармаг зүйл хийн улс орондоо гай, гэм, төвөг, бэрхшээл учруулбал танд эрх эдлэх боломж байхгүй гэсэн шударга зарчим юм. Энэ зарчим нь хүнийг хүссэн хүсээгүй зөв, сайн сайхан замд шахан оруулдаг. Гэтэл бид сүүлийн 24 жил хүний эрх, эрх чөлөө ярьж үүрэг хариуцлагыг нь орхигдуулан мартсан байна. Эрүүл мэндийн салбарт хүмүүс би өвдөх эрхтэй, би эмчлүүлэх эрхтэй, би буруу, муу муухай байх эрхтэй гэсэн ойлголт газар авч, харин би эрүүл мэндээ хамгаалах үүрэгтэй, би эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх ёстой, би эрүүл, зөв, сайн сайхан амьдрах ёстой гэсэн үзэл орхигдож байна.

Эрүүл мэндийн тухай хуульд “Эрүүл мэнд гэж хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг хэлнэ” гэж тодорхойлсон. Гэтэл зах зээлийн нийгмийн “эдээр засаглах, эдийг шүтэх” буруу тогтолцоо нь эрүүл мэндийг зөвхөн бие махбодийн хүрээнд явцууруулан жижигрүүлж, оюун ухаан, сэтгэл зүрхний эрүүл мэндийг орхигдуулан хаяж байна. Хүний сэтгэл зүрх эрүүл байсан цагт оюун ухаан зөв эрүүл байна, оюун ухаан эрүүл зөв байсан цагт бие махбодь эрүүл байдаг. Сэтгэл зүрх нь гэрэлгүй, харанхуй, бүдүүлэг, оюун ухаан нь мунхаг харанхуй хүний биеийг бид хичнээн сайн эмчлээд ч сайн үр дүнд хүрэхгүй. Иймээс бид эрүүл мэндийг шинэ төвшинд гаргаж, бие, оюун, сэтгэлийн хувьд цогц байдлаар нь авч үзэх ёстой.

Зах зээлийн болоод нийгмийн хамгааллын эрүүл мэндийн тогтолцооны үед үүрэг хариуцлагыг хувь хүнд үүрүүлж хариуцуулахыг зорьсон боловч зөвхөн санхүүгийн хариуцлага хүлээлгээд сэтгэл зүрх, оюун ухаан, мэдлэг боловсролын үүрэг хариуцлагыг орхисон нь өрөөсгөл болж, зөвхөн “хэтэвчний хариуцлага” болон хувирч асуудлыг шийдэх гарц болж чадсангүй.

Эртний монголчууд “хүн сэтгэлийн, оюуны, биеийн эрүүл мэндийг өөртөө цогцлоогоод түүнийгээ бусдад заан сургаж, түгээн дэлгэрүүлж байх ёстой” гэсэн зарчмыг амьдралдаа мөрдөж, улмаар сэтгэлийн, оюуны, биеийн эрүүл мэндийг бий болгоход шаардлагатай мэдвэл зохих мэдлэг, түүнийг эзэмших арга ухаан, тогтолцоог бүрэн дүүрэн боловсруулан мөрдүүлж байсан.

1990 он хүртэл Монгол улс социалист эрүүлийг хамгаалахын тогтолцоогоор хүн амаа эрүүл мэндийн үнэ төлбөргүй тусламжинд хамруулж, эрүүлжүүлэх эрчимтэй аянг өрнүүлсэн билээ. 1990 оноос одоог хүртэл Монгол улс зах зээлийн эрүүл мэндийн тогтолцооны хэв загварыг нэвтрүүлж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд энэхүү бодлого улам эрчимжиж байна. Эрүүл мэндийн салбарт 8911 их эмч, эмнэлгийн тусгай дунд боловсролтой 16185 мэргэжилтэн, нийтдээ 45000 шахам хүн ажиллаж, эмнэлгийн 19860 ор бүхий 1700 гаруй эмнэлэг үйл ажиллагаа явуулж байгаа нь нэг талаасаа бахархам амжилт боловч нөгөө талаасаа манай хүн амд 2013 онд 2,055,906 өвчлөлийн тохиолдол, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 733,492 тохиолдол бүртгэгдэж, энэ тоо сүүлийн арваад жил тогтмол нэмэгдсээр дэлхийн дунджаас хол дээгүүр байгаа нь бид өөрсдийн эрүүл мэндийг сахин хамгаалж чадахгүй, маш их өвчилж байгаагийн баримт нотолгоо юм.

1992 онд батлагдсан “Монгол улсын үндсэн хууль”-д “Эрүүл мэндээ хамгаалах нь … иргэн бүрийн журамт үүрэг мөн” хэмээн заасан бол, “Эрүүл мэндийн тухай хууль”-д “Иргэн ... эрүүл мэндийн боловсрол эзэмших, хэвшүүлэх, амьдрал ахуйн таатай нөхцөлийг бүрдүүлэх; ...хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлт зан үйлээс татгалзах, сэргийлэх үүрэг хүлээнэ” хэмээн тусгасан боловч чухам ямар арга замаар яаж эрүүл мэндээ хамгаалах, хамгаалаагүй тохиолдолд ямар хариуцлага хүлээх, хамгаалсан тохиолдолд ямар нэмэлт эрх эдлэх нь тусгагдаагүй орхигдсон нь зөвхөн Монгол улсын төдийгүй бусад орны эрүүл мэндийн салбарын хүндрэл бэрхшээлийн эх үүсвэр, хүн амын өвчлөл буурахгүй, эмнэлгийн ачаалал нэмэгдэх нэг шалтгаан болж байна.

Ийнхүү дэлхийн хөгжлийн чиг хандлага мухардалд орж, эдээр засаглах зах зээлийн тогтолцооны үндэс суурь нь ганхан дэнжигнэж байгаа энэ үед бид улс орноо зөв хөгжүүлэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах арга замыг гаднаас эрж самгардаж байхын оронд өвөг дээдсийнхээ сэргэн мандаж, дэлхийг засч явсны нууц, үндэс суурь болох суу ухааныг судалж, танин мэдэж, барьж авах нь юунаас ч илүү чухал байна. Хүнийг засах, улсыг засах, цаашлаад дэлхийг засах гайхамшигт арга ухааны эх үндэс болсон Монгол суу ухаан түгэн дэлгэрч та биднийг эрүүл, зөв амьдралд хөтлөөсэй гэж хүсэж байна.

Монголчууд минь хурдан гэгээрч, Монгол эх орон минь мөнхөд орших болтугай!