Н.Удвал: Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл баруун бүсийн аймгуудад өндөр байна
Эрүүл мэндийн сайд Н.Удвал бага насны хүүхдийн эндэгдлийг бууруулах чиглэлээр нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх тухай асуудлыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан салбарын бодлогодоо нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг тусгаж ажиллахыг холбогдох яамны сайд нарт даалгажээ.
Түүнчлэн, Эрүүл мэндийн үндэсний зөвлөлөөс саяхан баталсан "Хүүхдийг осол гэмтлээс сэргийлэх үндэсний стратеги (2014-2016)"-д тусгагдсан чиг үүргийнхээ дагуу тодорхой ажлууд хэрэгжүүлэхийг яам, агентлаг, нийслэл, нутгийн захиргааны байгууллагуудад үүрэг болголоо.
Төрөөс явуулсан бодлогын үр дүнд 2000 оноос хойш тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл тогтвортой буурсан ч Говь-Алтай, Өмнөговь, Ховд, Увс, Сүхбаатар, Баян-Өлгий, Баянхонгор, Өмнөговь, Увс аймгуудад улсын дунджаас өндөр байна.
Нийслэлд 160 мянган өрх тус бүр жилд таван тонн нүүрс түлж, 60 хувь нь гэртээ тамхи татдаг бол хөдөөгийн өрхийн дөнгөж 17 хувь нь ундны цэвэр усны эх үүсвэртэй байгаа нь хүүхдийн өвчлөлийн анхдагч шалтгаан болж байна. Хүүхдийн эндэгдлийн зонхилох шалтгааны хоёрдугаарт ахуйн осол, золгүй тохиолдол орж, гэмтэж бэртсэн таван хүүхэд тутмын нэг нь эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барж байна.
Энэ мэт судалгааны дүнгээс харахад ахуйн зөв дадал зуршил болон нийгмийн хариуцлагаас хүүхдийн эрүүл мэнд, эндэгдлийн түвшин хамаарах хандлага байгаа тул хүүхдийг асран хамгаалах чиглэлээр ухуулга, мэдээллийн ажлыг өргөжүүлэх шаардлагатай юм.
Ерөнхий сайдаар ахлуулсан Эрүүл мэндийн үндэсний зөвлөлөөс саяхан баталсан "Хүүхдийн осол гэмтлээс сэргийлэх үндэсний стратеги” бодлогын баримт бичигт энэ чиглэлээр ажил хэрэгжүүлэх салбар дундын хамтын ажиллагааг зохицуулж өгсөн юм.