УИХ-ын гишүүн С.Ганбаатар ээжүүдтэй уулзана
УИХ дахь бие даагчдын зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Тэд энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэгдэх хуулийн төслүүд, 2015 оны төсвийн тодотголтой холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн төсвийн тодотголын талаар “Гадныханд ээлтэй, ард иргэддээ хатуу, залуу Засгийн газар байна. Олигархи хэсэг бүлэгт хандсан тодотгол. Жишээлбэл татварыг тодорхой хэмжээнд нэмлээ. Онцгой албан татварыг авахдаа 1 ам.долларыг 1450 төгрөгөөр бодож авч байна.
Харин иргэд 1900 төгрөгөөр бодож өгөх нь. Өөрсдөө тансаглаад харин иргэдийнхээ халаасыг хоосолж байна. Гэхдээ ийм нөхцөлд байдалд хүргэсэн гишүүдийг сонгосон иргэд өөрсдөө буруутай байх. Мөн мал хамгаалах сангаас 8.7 тэрбум төгрөгийг хасчихлаа. Газар тариалангаас нэг ч төгрөг хасаагүй байх юм. Энэ бол малчдыг малаа болиод газар тариалан эрхлэх хэрэгтэй гэсэнтэй адил” хэмээн хэлэв.
Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар төсвийн тодотголоор хасагдах гэж буй одонтой ээжүүдийн мөнгийг хасах гэж байгааг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв. Тэрбээр энэ сарын 20-ны өдрүүдэд ээжүүдтэй уулзаж, санал бодлыг нь сонсох гэнэ. Мөн ээжүүдийн мөнгийг хасах шийдвэр гарвал Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг бие даагчдын зөвлөлөөс УИХ-д өргөн барихаа мэдэгдлээ.