О.Баасанхүү: Шорон болох шахсан барилга Улаанбаатарын төв эмнэлэг болно
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2015.01.08

О.Баасанхүү: Шорон болох шахсан барилга Улаанбаатарын төв эмнэлэг болно

Өчигдөр өглөөгүүр төрийн ордон эл хуль оргиж эрхэм гишүүд ч өрөө өрөөндөө бүгэцгээх шиг болсон. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодын хуралдаанууд 13:00 цагаас зарлагдсан тул ордон ийнхүү эзгүйрсэн хэрэг байв. Тэгвэл УИХ- ын гишүүн О.Баасанхүү ойрын үед төрийн ордны баруун хойно анхнаасаа эмнэлгийн зориулалтаар баригдсан ч Хууль зүйн сайд асан X. Тэмүүжин зориулалтыг нь өөрчлөн яамны оффис, подвалыг нь шорон болгон зассан барилгын талаар тэмцэл өрнүүлэн тун завгүй гүйж яваа билээ. Тэр ажлынхаа талаар О.Баасанхүү гишүүн товчхон мэдээлэл хийв. Мэдээллийнх нь дараа түүнээс дараах ярилцлагыг авлаа.

-Таныг   2014 оны сүүлчээр намын харьяаллаа солих гэж байгаа талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиулаад авсан. Үнэхээр тэр үед намынхаа удирдлагуудад итгэл алдарч, сэтгэл хоёрдсон зүйл байсан юм уу?

Маш хариуцлагтайгаар хэлэхэд би намын харьяаллаа солино гэж хаана ч, хэнд ч ганц үг амнаасаа унагаагүй. Тийм асуудал ерөөсөө байхгүй, боломжгүй юм. Ганц хоёр сайт, шар хэвлэл нөгөө л таамаглаж, сенсаци хөөцөлддөг аргаараа бичсэн юм байгаа биз. Энэ асуудлаа миний өмнөөс тааж бичсэн, тийм зүйл болоосой гэж залбирч байдаг тэр ганц хоёр сайт, шар хэвлэлээс очиж асуусан нь дээр байх.

-Шийдлийн Засгийн газраас оруулан ирж хэлэлцүүлж байгаа 2015 оны төсвийн тодотголын тухайд та эсэргүүцэж байгаа юм билээ. Тэр үндэслэлүүдээ тайлбарлахгүй юу?

2015 оны төсвийн тодотголоор 905 тэрбумын алдагдлыг нөхөхийн тулд ард түмэн бүсээ чангалах хэрэгтэй хэмээн оруулан ирж хэлэлцэж байна. Товчхондоо маш зарчимгүй асуудал оруулж ирсэн. Оюутнууд тэтгэлэг, ахмадууд тэтгэвэр, хүүхдүүд халамж, ээжүүд  одонгийнхоо мөнгөөс татгалз гэж байна.

Энэ бол том төрөөс тэнэг төр рүү шилжих алхам гэж үзэж байгаа учир би эсэргүүцэж байгаа. Өмнөх Засгийн газрын үед 1.5 тэрбумын бонд авсан. Тэр бондын мөнгөнөөс хамгийн багаар бодоход 200 сая доллар буюу 400- 500 тэрбум төгрөгийг маш хариуцлагагүй зарцуулсан байгаа.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр хүртэл энэ асуудлыг ярьсан. Тухайн үедээ бондын зарцуулалтын талаар шалгалт хийнэ гэж ярьчихаад одоо болтол таг чимээгүй байна.

Энэ бол том төрөөс тэнэг төр рүү шилжих алхам гэж үзэж байгаа учир би эсэргүүцэж байгаа.

Тэгэхээр үүнийг бид гарган ирж, төсийн алдагдлын 905 тэрбумыг нөхөж, одонтой ээжүүд, хүүхдүүдийнхээ мөнгийг өгөх ёстой. Гавьяа байгуулсан хүнд одон өгдөг. Энэ бол гавьяаных нь шагнал. Гавьяанд нь зориулсан шагналаасаа татгалзаж байгаа бол одонг нь хураах хэрэгтэй. Мөн оюутны тэтгэмжийг онц сурсан хүмүүст нь өгнө гэж ярьж байна.

2015 онд 68 тэрбум төгрөгийг оюутны тэтгэлэгт зориулан тусгасан байсан. Жилд 100 гаруй тэрбумыг олгодог байсныг хэмнээд 68 болгосон. Энэ тодотголоор онц сурсан оюутанд өгье гээд 34 тэрбум төгрөг оруулж ирж байна. Баталгаатай хэлэхэд оюутнуудад нэг ч төгрөг өгөхгүй.

Яагаад гэвэл Засгийн газар багш биш. Төсөв батлагдлаа, дүнг нь харахын тулд улирлын шалгалтыг нь хүлээнэ. Дүнг нь хараад шилжүүлэх үү, яах уу гэсээр байтал хавар болоод оюутнууд амраад авчихна. Намар сонгуулийн уур амьсгал орно. Тэр үед ерөөсөө мөнгөө өгье гэж шоу хийнэ. Шоу хийх зорилгоор ийм ажил хийж байгаагаас биш, оюутнуудаа бодож байгаа юм огт байхгүй.

Хэрвээ үнэхээр өгөх гэж байгаа юм бол 68 тэрбум төгрөгийг оюутнуудын сургалтын төлбөрөөс хасаач гэсэн санал тавьж байгаа юм. Хамгийн багадаа сард 70 мянган төгрөг гэж бодвол сурч байгаа найман сарын нэг сая таван зуун мянган төгрөг болох учиртай. Ийм ийм тодорхой үндэслэлүүд байгаа учир Засгийн газраас оруулж ирсэн 2015 оны төсвийн тодотголын эсрэг байр суурьтай байгаа.

-Хууль зүйн яамны оффис, хонгилыг нь шорон болгож тохижуулсан байрыг буцааж эмнэлэг болгох гээд зүтгээд байгаагийн чинь ард ямар нэгэн ашиг сонирхол, сонгуулийн өмнөх пиар яваад байна гэж хардах хүмүүс байгаа. Энэ талаар ямар тайлбар хийх вэ?

Янз бүрийн гүтгэлэг, дайралт ирэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ би эхэлсэн ажлаа орхихгүй. Та нар бод доо. Хотын төвд дахин ийм газар олдохгүй. Нөгөө талаар яг ийм зориулалтын эмнэлгийн байрыг одоогийн ханшаар 20-40 тэрбум төгрөгөөр барина.

Харин анхнаасаа хамгийн орчин үеийн эмнэлгийн зориулалтаа баригдсан ч замын дүн буруу гарт шилжиж зориулалтыг нь дур мэдэн өөрчилсөн энэ байрьг буцаагаад засч янзлахад 3-4 тэрбум төгрөгт хангалттай багтана. Мөн их зөрүү байгаа биз.

Энэ эмнэлэг анхнаасаа шинжлэх ухаан, технологийн ололтыг нэвтрүүлэх замаар үйлчлүүлэгчдэд ээлтэй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд, хүртээмжтэй чанартай үзүүлэх зорилгоор төлөвлөгдөн байгуулагдсан түүхтэй юм. 80 жилийн түүхтэй эмнэлгийг нураагаад суурин дээр нь барьсан юм шүү дээ. Энэ эмнэлгийн зургийг Японд хийж тэндхийн дөрөвдүгээр зэрэглэлийн эмнэлгийн хэмжээнд төлөвлөж барьсан юм билээ.

80 жилийн түүхтэй эмнэлгийг нураагаад суурин дээр нь барьсан юм шүү дээ.

Үндсэндээ хамгийн ихээр бодоход дөрвөн тэрбум төгрөг улсын төсвөөр шийдээд өгвөл энэ эмнэлгийг ирэх дөрөвдүгээр сар гэхэд ашиглалтад оруулах бүрэн боломжтой гэдгийг мэргэжлийн байгууллагууд нь судлаж тогтоочихоод байгаа юм.

Өнөөдөр 2015 оны төсвийн тодотгол ярьж байгаа үед энэ эмнэлгийн асуудлыг оруулж ирээч ээ гэж Ч.Сайханбилэг сайдад шаардлага хүргүүлж байгаа. Хэрвээ энэ асуудлыг нааштайгаар шийдэхгүй бол өөрийн нам байна уу, хүний нам байна уу хамаагүй буруутай этгээдүүдтэй хариуцлага тооцуулахын төлөө тэмцэнэ.

Түүнээс гадна энэ эмнэлэгт зориулан авч ирж суурилуулсан Монголд ганц имирай аппарат өнөөдөр ажилгүй, тэр ч байтугай эвдэрч, тоногдсон байдалтай хэвтэж байгаа. Эмнэлгийн зориулалтыг нь өөрчлөн шорон болгохын тулд нэг тэрбум гурван зуун сая шахуу төгрөг салхинд хийсгэсэн байгаа юм. Тэр мөнгө юунд зориулагдав, яаж үрэн таран хийсэн байна гэдгийг би хөдлөшгүй баримтаар нотлохын тулд материал цуглуулж байгаа.

-Таны ингэж хүчин зүтгэл гаргаж тэмцэж байгаа энэ эмнэлэг зориулалтаараа ашиглагдсанаар эрүүл мэндийн салбарт ямар дэвшил гарч, ямархуу үр дүн гарах бол?

Энэ эмнэлэг маань өөрөө хоёр блоктой. Урд талынх нь блокод Улаанбаатарын иргэдийг 100 хувь орчин үеийн нарийн мэргэжлийн үзлэг, оношлогоогоор хангах бололцоотой. Харин хойд талынх нь блокод гурав, дөрөвдүгээр шатлалын эмчилгээ.үйлчилгээ үзүүлэх 250 ортой эмнэлэг байрлах юм.

Хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж бүхий оношлогооны төв нь жилдээ 20000-25000 хүнийг оношилж, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, найман өрөө бүхий мэс заслын төв нь 1000-2500 хүнд үйлчилж, 100.000- 200.000 хүнд нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх боломжтой болно гэдэг тооцоог мэргэжлийн хүмүүс гаргаж өгсөн.

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зүгээс энэ барилгыг буцаагаад эмнэлэг болгох асуудлыг юу гэж үзэж байгаа юм бол. Тэр талаар ярилцаж үзсэн үү?

Засгийн газрын зүгээс судалгаа хийж байгаагаа мЭДЭГДСЭН. Гэхдээ төсвийн тодотгол ярьж байгаа үед энэ барилгыг буцаан эмнэлэг болгох талаар ерөөсөө ярихгүй байгаа учир би Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байгаа. Хэрвээ 2015 оны тӨСВИЙН тодотголд энэ эсуудлыг оруулж ирэхгүй бол 2016 он хүртэл гацаанд орно гэсэн үг шүү дээ.

Тэгэхээр энэ барилгын асуудлаар дахин битгий шоу хийгээсэй гэсэндээ би ингэж зүтгээд байгаа юм. Хамгийн эхлээд дээд тал нь 300 мянган ам. доллар шийдээд өгвөл эхний блок нь ирэх дөрөвдүгээр сард 100 хувь ашиглалтад орох боломжтой гэдгийг мэргэжлийн байгууллагууд дүгнэлтээрээ баталгаажуулчихаад байна.

-Энэ эмнэлэгт суурилуулсан имирайгаас эхлээд их үнэтэй олон тоног төхөөрөмж эвдэрч, сүйдсэнийг та сая дурдлаа. Ер нь тэр хохиролыг хэн хэрхэн барагдуулах ёстой вэ?

Ямар ч гэсэн энэ талаар нарийн шалгалт хийлгэхээр Хууль зүйн сайд Д.Дорлигжавт албан бичиг явуулсан. Энэ барилгын зориулалтыг өөрчлөхийн тулд яг хэдэн төгрөг зарцуулсныг аудитын дүгнэлтээр гаргаач ээ гэсэн байгаа. Анхнаасаа 2012-2013 оны төсөвт энэ барилгыг дуусгах төсөв батлагдсан болохоос биш, зориулалтыг өөрчлөх төсөв батлагдаагүй.

Гэтэл Засгийн газрын маргаантай шийдвэрийг урдаа бариад дур зоргоороо аашилсан. Би хуульч хүний хувьд аудитын дүгнэлт гарсны дараа буруутай этгээдүүдэд хариуцлага тооцуулахаар шат дараатай тэмцэх болно.

-Эрүүл   мэндийн шинэ сайд энэ эмнэлгийг хүүхдийн эмнэлэг болгоно гэж ярих шиг болсон?

-Орос, Монгол хоёрт л хүүхдийн, том хүний гэж ялгадгаас биш хөгжилтэй орнуудын жишгээр авч үзвэл клиникийн нэг, хоёр, гурав гэсэн зэрэглэлээр нь эмнэлгийг ялгадаг юм билээ. Өөрөөр хэлбэлнэгдүгээр зэрэглэлд өрхийн эмнэлэг ороод тэгээд цааш нь шатлаад явдаг юм байна.

Тэр утгаараа хамгийн орчин үеийн шаардлага хангасан энэ эмнэлэгт бүх насны хүн үйлчлүүлэх ёстой. Тийм ч шаардлага тавигдах байх. Товчхондоо Х.Тэмүүжингийн шорон болгох шахсан энэ эмнэлэг Улаанбаатарын хамгийн тохитой, хамгийн орчин үеийн клиникийн төв эмнэлэг болох ёстой. Тийм болгохын төлөө ч би ажиллана.