О.Баасанхүү: Төсвөөс 350 сая доллар авлига болон гарч байна
УИХ-ын гишүүн О. Баасанхүүтэй ярилцлаа. Тэрээр өнгөрсөн долоо хоногт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгын асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлсэн юм. Мөн парламентаар хэлэлцэж буй энэ оны төсвийн тодотголын талаар байр суурийг нь сонирхлоо.
-Яагаад эмнэлгийн барилгын асуудлыг дахин хөндөх болов. Таны шаардлага ямар агуулгатай юм бэ?
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг нураагаад дахин эмнэлгийн зориулалтаар барилга барьж ашиглахаар УИХ-аас шийдвэр нь гарч төсвийг нь 100 хувь шийдсэн байсан юм. Гэтэл эрх зүйн шинэчлэл гэсэн нэрээр халхавч хийн энэ эмнэлгийн барилгын хэвийн үйл ажиллагааг зогсоож, эвдэж сүйтгэн албан байгууллага болгохоор өмнөх Засгийн газар улайран ажилласан.
Ер нь зориулалтын юмыг зориулалтаар нь ашиглах ёстой. Чингэлтэй дүүргийн эмнэлэг гэхэд л тухайн үеийн яамны барилгыг эмнэлэг болгож байсан жишээ бий. Гэтэл өнөөдөр түүх давтагдаж байгаа юм шиг Чингэлтэй дүүрэгт эмнэлгийн барилгагүй байгаа хэрэгцээ шаардлага тулгамдсан энэ үед буцаан эмнэлгийн байртай болох гэж байгаад миний хувьд баяртай байна.
-Тэгэхээр энэ байшин дүүргийн эмнэлэг болоосой гэж бодож байгаа гэсэн үг үү?
Би УИX - ын гишүүний хувьд хуулийг мөрдөхийг шаардах үүрэгтэй. Энэ утгаар төсвийн тухай хуулийг ноцтой зөрчин зориулалтын бусаар эмнэлгийн барилыг ашиглах гэж байгаа нь буруу гэж тэмцэж байгаа. Энэхүү тэмцлийн үр дүнд ямар ч байсан нааштай шийдвэр гарах хандлагатай байна.
Өнөөгийн хэрэгцээг харвал Улаанбаатар хотын хэмжээнд оншлогооны төв алга, хүүхдийн болон төрөх эмнэлэг дутмаг байна. Түлэнхийн болон гэмтлийн эмнэлэг гэхэд Чингэлтэй дүүрэгт байхгүй зэрэг олон хэрэгцээ шаардлага байгаа учраас Эрүүл мэнд, спортын яам, Хууль зүйн яам нь зориулалтыг нь оновчтой шийдэх байх гэж найдаж байна.
Ер нь бол энэ эмнэлгийн төсөл анхнаасаа маш сайн байсан. Тиймээс уг төслийг эхний ээлжинд анхааран үзэж зориулалтыг нь шийдвэл илүү хялбар байж болох юм.
Гэвч Эрүүл мэнд, спортын яам санхүүжилтийг хэрхэн шийдэх тухай төсвийн тодотголд өнөөг хүртэл оруулж ирэхгүй байгаад гайхаж байна. Сонгинохайрхан дүүрэг 150 ортой хүүхдийн эмнэлэгтэй ч тэнд 250 хуүхэд хэвтэж байна.
100 хүүхэд шалан дээр хэвтэж байгаа юм. Иймээс яагаад яарахгүй байна вэ. Учир нь төсвийн тодотголоор асуудлыг нь оруулаад ирвэл тус эмнэлгийн урд талын блокын засварыг 1-2 сарын дотор хийчих юм билээ.
-Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилга одоо ямар байдалтай байдаг юм бэ?
Урд талын блокын нэгдүгээр давхрыг хүн саатуулах газар буюу шорон болгочихсон. Ар тал нь хараахан гүйцээгүй байна. Энэрэнгүй нийгэм байгуулъя гэж байгаа юм бол хүмүүнлэг талаас нь харж үзэх хэрэгтэй. 80 жилийн түүхтэй байшинг нураахад янз бүрээр ярьж болох байсан, эсвэл эмнэлэг барихгүй ч байж болох байлаа.
100 хүүхэд шалан дээр хэвтэж байгаа юм. Иймээс яагаад яарахгүй байна вэ.
Гэхдээ энэ барилгын санхүүжилтийг шийдээд нэгэнт барьчихсан байхад тухай үеийн Засгийн газар бодлогогүй шийдвэр гаргасныг хэрэгжүүлж төсвийн үргүй зардал гаргачихсан. Иймэрхүү эмнэлэг шинээр барихад хамгийн багадаа 50- 60 тэрбум төгрөг шаардлагатай. Харин энэхүү барилгыг засаад эмнэлэг болгоход 3-4 тэрбум төгрөг орох юм байна. Иймд энэ асуудлыг яаралтай шийдээч гэж Засгийн газраас шаардаж байна.
-Улстөрчид байсхийгээд энэ тухай ярьдаг байсан ч сүүлийн үед чимээгүй болсон. Яагаад энээмнэлгийн барилгыг асуудал болгоод байдаг юм бэ?
Энэ бол улстөрчдийн шоу хийдэг сэдэв биш. Өнгөрсөн баасан гаригт Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд үг хэлэхдээ ч онцолж байсан. Тансаг оффиссуудад төрийн албан хаагчид суух албагүй, харин тохилог эмнэлэгт хүмүүс үйлчлүүлэх ёстой гэж. Тохилог эмнэлэг нь бэлэн байж байхад түүнийг нураана гэдэг аймшигтай. Тиймээс би үүний төлөө л тэмцэж явна.
-Та хуульч гишүүний хувьд эрх зүйн шинэчлэлийн тухай нэлээд ярьдаг. Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдөж, Хууль зүйн шинэ сайдтай болсноор эрх зүйн шинэчлэл саарах юм биш биз гэж хүмүүс санаа зовж байна. Та энэ тухайд юу хэлэх вэ?
Эрх зүйн шинэчлэлийг зайлшгүй хийх ёстой. Маргааш шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ой болох гэж байна. Үүнийг эрх зүйн шинэчлэлийг зайлшгүй хийх ёстой гэдгийг дахин сануулсан ой гэж ойлгож байна.
Эрх зүйн шинэчлэлийг гурван төвшинд хийх ёстой. Нэгдүгээрт, хууль тогтоомжийн, хоёрдугаарт боловсон хүчний, гуравдугаарт, техникийн хүрээнд хийх ёстой. Хэн нэгэн нь од болох гэж улайран явж байгаад эрх зүйн шинэчлэлийн замд саад болох эсвэл алдаа гаргаж болохгүй.
Түүнээс ард түмэнд нэн тулгамдсан хэрэгтэй зүйлийн нэг юм. Харамсалтай нь өмнө нь шинэчлэл гэж хэт улайрсанаас тооцоо судалгаагүй олон зүйл дээр алдаа гарсан. Тухайлбал гэрч, хохирогчийг хамгаалъя, шүүхийн хараат бус байдлыг хангах тусгай агентлаг байгуулъя гэсэн санаа нь нэг талдаа зөв. Гэвч бие даасан агентлаг байгуулж төсөв үрэх шаардлагагүй байсан.
Эрх зүйн шинэчлэлийг гурван төвшинд хийх ёстой.
Тэр ч байтугай гэрч, хохирогчийг хамгаалахтай холбоотой хараат бус үйл ажиллагаа явуулах боломж байгаа. Өмнө нь ингэж явж байсан. Ганц худгийн урьдчилан хорих төвд шүүх хурал хийж л байсан. Цаад утгаараа шүүх, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага хоёр уялдаатай ажиллах ёстой юм. Түүнээс тусдаа байснаараа дахиад л төсвийн үрэлгэн зардал бий болно.
Түүнчлэн олон улсын жишигт нийцсэн хорих байгууллага барина гэж ярьдаг. Барьж болно, гэвч 1500 хүнийхийг барьж болохгүй. 500-аас дээш хүний багтаамжтай хорих байвал тэнд гэмт хэргийн мэргэшсэн институт болж хувирдаг юм.
Тэгэхээр аль болох цөөн байлгах зорилго олон улсын хорих байгууллагын жишигт нийцүүлэх ёстой. Кримналогийн шинжлэх ухаанаар ч энэ бүтэц тодорхой байдаг. Харин манай улсад шоронгуудыг нэгтгэнэ, хорих байгууллага барина гээд балай юм хийгээд байна.
Энэ байдал нь нийгэмтэйгээ зохицохгүй байна. Жишээ нь дотоодын цэргийг татан буулгасан аймшигтай үйл явдал болсон. Яагаад гэвэл Монгол шиг цөөхөн хүнтэй газар Чингисийн талбайд 5-10 мянган хүн гараад ирвэл дийлэхгүй шүү. Гэтэл олон улсын җишигт арми нь дайны үед л хөдөлдөг.
Манай улс хоёр том гүрний дунд байдгийн хувьд дотоодын цэргийң бүтэц байх учиртай. Шүүхийн Ерөнхий зөвлөл гэж өмнө нь долоон хүний хийдэг ажлыг 200 хүн хийж, таван сая төгрөгийн цалин авдаг болчихлоо. Эвлэрүүлэн зуучлах төв гэж эвтэйхэн нэртэй байгууллага бий болсон. Гэтэл хуулийн байгууллагаас тэтгэвэрт гарсан хэдэн хүмүүсээр дүүргэсэн байна. Цалин гэхэд л нэг сая орчим төгрөг байх шүү.
Шүүгч туслахаа аваад шүүх хуралд ороод болоод байсан зүйлийг үгүй хийж нарийн бичиг гэсэн нэг илүү орон тоо үүсгэсэн. Бас тойргийн нэрээр шүүх байгуулсан нь Үндсэн хуулийн алдаанд хүргэж, ард түмнээс шүүхийн үйлчилгээг эрс холдуулсан шүү дээ.
Гэх мэт яриад байвал олон зүйлүүдийг шүүмжлэхээс өөр аргагүй байна. Энэ бүхэн нь одоогийн төсвийн хэмнэлтээр ажиллах ёстой хэмээн яригдаж буй үед илүү тодоор алдаатай болох нь харагдаж байна. Иймээс одоогийн сайд энэ бүх алдааг засахын төлөө ажиллах зайлшгүй үүрэгтэй.
Манай улс хоёр том гүрний дунд байдгийн хувьд дотоодын цэргийң бүтэц байх учиртай.
-Таны дээр ярьсан зүйлүүд хэмнэлттэй төсөвтэй холбоотой гэлээ. Парламент энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаатай холбогдуулан та ямар суурьтай байгаа вэ?
Монгол Улсад мөнгө олох гурван арга бий. Нэгдүгээрт, татварын арга, хоёрдугаарт зээл, тусламж, гуравдугаарт, хөрөнгө оруулалтын арга байна. Өнөөдөр 4.7 тэрбумын хөрөнгө оруулалт зогсоод 600 сая төгрөг болсон. Үүнд хэн буруутай вэ гэвэл бид хэрэглэгч улс байсантай холбоотой. Бүх юмаа гадаадаас худалдаж авдаг.
Хэрэглээний бараг 95 хувь байх. Харин гадаадаас зээл авахын тулд өрийн босгоо нэмэхгүй бол олддоггүй. МАН өрийн босгыг нэмэхгүй гэж хатуу байр суурь илэрхийлсээр байгаа. Оюутолгой гэж том “мангас” орж ирж байхад гэрээг нь хууль, дүрмийн дагуу хийж чадаагүй нь шүүмжлэл дагуулсан.
Тэр хэмжээгээр хөрөнгө оруулалт орж ирээгүй. Тэгэхээр үүнээс болоод зээл олдохгүй байна, хөрөнгө оруулалт нь гацчихлаа, одоо гурав дахь арга л үлдсэн, Татварын зөв бодлого явуулахаас өөр аргагүй болсон.
-Тэгээд татварын хувь хэмжээг нэмэх ёстой юм уу?
Татварын зөв бодлого нь нэмж шийддэг гэсэн үг биш юм . НөАТ-ыг гурван хувь болгох, жижиг дунд аж ахуйн нэгжүүдээс жилд нэг удаа тайлаң авдаг болгоод өгөөч гэж зөндөө хэлсэн, гуйсан.
Хуулийн төсөл хүртэл, санаачлаад өргөн барих гэж явсан. Харамсалтай нь УИХ-ын дарга татвартай холбоотой хуулийг гишүүн өргөн барьж болохгүй гэснээр хуулийн төслөө өргөн барьж хэлэлцүүлэх боломжгүй болсон.
Тэгээд Засгийн газраас ч ийм хууль орж ирэхгүй байна. Нэгэнт байдал ийм болчихсон учраас хэмнэхээс өөр гарц алга болж байх шив. Төсвийн тодотгол хэмнэлттэй оруулж ирсэнийг дэмжиж байгаа.
-Ээжүүд, хүүхдүүдийн мөнгө гээд халамжийн бодлогыг танаж хэмнэлт хийх нь зөв гэж үү?
Шууд ээж, хүүхдийн мөнгийг хасах ёстой гэж би хэлээгүй. Зөвхөн хэмнэлт хийхээс өөр арга алга гэж хэлж байна. Мөнгө олж чадахгүйгээс хойш байгаагаа хэмнэх л хэрэгтэй боллоо. Харин хэмнэлтийг хэнээс эхлэх вэ гэдгийг ярих ёстой. Бүгд хэмнэх үү, ядуу эмзэг хэсгээс хэмнэх үү гэж.
Татварын зөв бодлого нь нэмж шийддэг гэсэн үг биш юм .
Үүнийг хоёр төвшинд хийх ёстой. Гаргасан зарлагуудаа эргэж нягталж зохистой хөрөнгө оруулалтуудаа буцааж татах арга бий. Өөрөөр хэлбэл, нэг эмнэлгийн байрыг засахад хэдэн тэрбум орох вэ гэдгээр тооцоо бодож болно.
Дээр хэлсэн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн байрын урд талын өргөтгөлийг 200-300 сая төгрөгөөр дуусгачихъя гэж нэг жижиг компани ярьж байна. Ар талыг нь 2-3 тэрбумаар дуусгачихъя гэж. Эмнэлгийн зориулалтаар хийсэн хамаг юмыг нь эвдчихсэн учраас бүгдийг нь засахаас өөр аргагүй юм билээ.
Үүний зэрэгцээ бондоо ярихаас өөр аргагүй. 1.9 тэрбум ам.доллар хаана байна вэ гэж асуухад хүрч байна. Манайх авлигатай орон юмуу, үгүй юм уу. Авлигатай орон гэвэл дэлхийн жишгээр төсвийн 30 хувь нь авлигад явдаг байна. Тэгэхээр долоон их наядын төсвийн 30 хувь гэхээр хамгийн багадаа ойролцоогоор 350 сая ам.доллар далд эдийн засагт байж байна.
Үүнийгээ буцааж татаач, эхний хэмнэлт энэ байх болно. Түүнээс “нүглийн нүдийг гурилаар хуурна” гэдэг шиг таны одонгийн мөнгийг авна, хүүхдийн мөнгийг авна, тэтгэмж өгөхгүй гэж ярьдаг. Үүнийг хамгаалахаар популистууд гээд байна.
-Төсөв хэмнэх нэрээр шинэ сайд нар очсон яамандаа орон тооны цомхотгол хийж байгааг та дуулсан байх. Энэ нь төсөв хэмнэх арга мөн юм уу?
“Том төрөөс жижиг төр рүү” билүү тийм уриалга гаргахад нь том төрөөс тэнэг төр рүү явж байгаа юм биш үү гэж хэлж байсан. Төрийн нэг албан хаагчийг ажилгүй болгочихвол юу болох билээ. Нэгэн слесарь ажлаас халагдлаа гээд амиа хорлосон тухай хэвлэлээс уншлаа. Стресс хүнийг ийм байдалд хүргэж байна.
Тэгэхээр төрийн албан хаагчийг ажлаас нь хөөчихөөд юу хийж амьдар гэж байгаа юм бол. Цалинг нь нэмж чадахгүй байж болно, харин хүнээ цомхотгохгүй байхыг хичээх ёстой. Тэд тэндээс гараад ажлын байр нь бэлэн байдаг бол хамаа алга.
-Сайд нарыг томилохдоо 15 хувийн цомхотгол хийх хэрэгтэй гэж гишүүд хэлж байсан санагдана?
Энэ бол Монгол төрийн эмгэнэл болчихоод байна. Төрийн бүтэц цомхон байж болох ч тогтолцоо нь зөв байсан үед ийм байж болох юм. Бүгд банкны, цалингийн, орон сууцны зээлтэй байхад нь өртэй хаяж болох уу. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “УИХ- ын гишүүд цалингаасаа татгалзъя” гэж ярьсан.
Би лав амьдралынхаа эх үүсвэрээс татгалзахыг хүсэхгүй байна. Чадвартай нэг нь иргэний зориг гаргаад цалингаасаа татгалзаад явбал тэд тэгдэг юм байгаа биз. Юм бүгдийг ингэж хавтгайруулсан байдлаар дайрах хэрэггүй.
-УИХ дахь МАХН- МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс таныг Өргөдлийн байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн ч эцэслэн батлаагүй байна. Ямар асуудал үүссэн юм бэ?
Дарга байсан ч байгаагүй ч би хүмүүсийн өргөдөл гомдлын төлөө байнга явдаг. Хамгийн олон удаа щоронд очиж хүмүүстэй уулзсан гишүүн байх шүү. Энэ ажлыг маань харлуулах тоглолт хийдэг зарим нь байдаг. Өөр байнгын хорооны даргад хэн нэгнийг дэвшүүлбэл ямар ашиг сонирхолтой вэ гэж хардаж болох ч Өргөдлийн байнгын хороо хүмүүсийн өргөдөл, гомдлыг хүлээж авч шийддэг.
Бусад нь яам, агентлагтай холбогдож, шалгаж, хянана гээд дээрээс нь айлгаж сүрдүүлж болох ч Өргөдлийн байнгын хороонд хардах юу ч байхгүй. Тиймээс миний шударга үг зарим хүнд таалагдахгүй байгаа юм шиг байна. Манай намын бүлэг ротацийн зарчмаар намайг нэр дэвшүүлсэн.
Ард түмнийхээ өмнө үүрэг хүлээсэн гишүүн учраас байнгын хороо руу сонирхоод байгаа юм. Ард түмнийг өмөөрөх л ажил хийдэг байнгын хороо болохоор тэр л дээ. Угаас ийм зорилгоор би Их хуралд суудаг.