С.Бямбацогт: Төрөөс олгодог 1100 зөвшөөрлийг 300 орчим болгоно
Төрийн тэргүүнээс эхлээд Засгийн газар нь үйлдвэрлэлийг дэмжье, хувийн хэвшлээ “тордох” замаар эдийн засгийн хүндрэлээс гаргах талаар ярьж байгаа. Даяаршиж байгаа дэлхийгээс Монгол Улсдаа шинэ үйлчилгээ нэвтрүүлэх, бизнес эрхлэх эрмэлзлэл иргэн, аж ахуйн нэгжид байдаггүй гэвэл худлаа.
Тэдний хүсэл, эрмэлзлэл төрөөс олгодог олон төрлийн зөвшөөрөл, лиценз гэгч хадыг мөргөж, давж чадсан нь оргил цаг нь өнгөрсөн хойно арай гэж хэрэгжүүлж байгаа. Хувь хүний хувьд ч ялгаагүй ажил хийе, орлогоо нэмэгдүүльө гэхээр төрийн хүнд суртал, зөвшөөрөл, татвар хураамжийн ард гарч ашиг гаргана гэдэг үнэхээр хэцүү. Тэд гэр бүлээ тэжээхийн тулд гудамжинд гутал тослохоос эхлээд гуанз ажиллуулах, газар эзэмшихэд түмэн янзын зөвшөөрөл хэрэгтэй.
Зөвшөөрөл нь тийм амар олдохгүй ээ, ядаж байхад. Албан тушаалтны үүд сахина, аль нэг даргын үзэмжээр гаргасан дүрэм журмын дагуу өч төчнөөн бичиг цаас цуглуулж ар өврийн хаалга хэрэглэнэ. Тэгээд зөвшөөрлөө авч байвал их юм. Гэр хорооллыг барилгажуулж байж Улаанбаатарыг утаанаас салгана гэх мөртлөө барилга барихад бараг 100 хүний гарын үсэг цуглуулна.
Зөвхөн энэ олон хүний гарын үсэг цуглуулахад жил гаруйн хугацаа зарцуулдаг гэдэг. Тусгай зөвшөөрөл нэртэй ажил хийлгэдэггүй чөдөр тушаа төрийн хүнд суртлыг тунхаглаж, авлигыг цэцэглүүлж тэр хэрээр эдийн засгийн өсөлтийг сааруулж байгаа. Өнөөдөр л гэхэд 54 төрийн байгууллага 914 төрлийн тусгай зөвшөөрөл олгож байна.
Үүнийг өөрчилж зөвшөөрөл, лицензийн тоог багасгаж, шат дамжлагыг цөөрүүлэх зорилгоор Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл боловсруулж өнгөрсөн оны зургадугаар сард УИХ-д өргөн барьсан. Энэ төслийн талаар ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогтоос тодрууллаа.
-Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл ямар шатандаа яваа вэ. Төсөл батлагдвал төрөөс олгож байгаа 914 зөвшөөрлийг 308 болгон багасгаж байгаа гэсэн. Энэ тоог яаж гаргасан юм бэ?
2004 онд Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийг баталсан. Энэ хуулиар хүний эрүүл мэнд болон эдийн засаг тусгаар тогтнолтой холбоотой ажил үйлчилгээ эрхлэхэд тусгай зөвшөөрөл олгодог болсон. Гэвч хуульд тодорхой зохицуулалтыг сайн тусгаж чадаагүйгээс шинээр хууль батлагдах бүрт тусгай зөвшөөрөл бий болдог, яам Засгийн газар хуулиас гадуур тусгай зөвшөөрөл гаргадаг.
Үүгээрээ иргэд, аж ахуйн нэгжид хүнд суртал чирэгдэл үүсгэж байгаа юм. Иргэд ч энэ чирэгдлийг давахын тулд албан тушаалтанд авлига өгдөг. Төрийн албан хаагч нь ч гэсэн тусгай зөвшөөрлийг шан харамж, авлига авах, чирэгдэл учруулах хэрэгсэл болгосоор ирсэн. Үүнээс болоод эдийн засгийн өсөлтөд бизнес эрхлэгчдийн оруулах хувь нэмэр багасч байгаа юм.
Үүнийг цэгцлэхийн тулд Зөвшөөрлийн тухай хуулийг Засгийн газраас өргөн барьсан. 914 гэх боловч янз бүрийн шалтгаанаар бий болгосоор нийт 1100 орчим тусгай зөвшөөрөл байгаа. Үүнийг боломжтой хэмжээнд хүртэл багасгаж 300 орчим болгоё гэж төсөлд заасан.
-Зөвшөөрлийн тухай хуулийн гол зохицуулалт нь юунд байх вэ?
Зөвшөөрлийн тухай хууль, Зөвшөөрлийн жагсаалтын тухай болон дагалдах хуульд өөрчлөлт оруулж томоохон цогц хэмжээний өөрчлөлт оруулахыг зорьж байна. Үүнийг баталснаар зөвшөөрлийг ил тод, нээлттэй, тэгш эрхийн зарчмаар бүх хүнд олгох боломжтой болно. Зөвшөөрлийг зөвхөн тусгай гэдгийг болино.
Онцгой, тусгай, энгийн гэж гурав ангилна. Онцгойг нь эсвэл тусгай энгийн зөвшөөрлийг олгох албан тушаалтныг тодорхой зааж, эрх үүргийг нь маш сайн тодорхойлсон. Ялангуяа эрхийг нь нарийн заана. Түүнээс илүү эрхийг шаардах эрхгүй гэдгийг ч тусгаж өгч байгаа юм.
-Зөвшөөрлийн тоог цөөлөх нь чанар аюулгүй байдалд сергөөр нөлөөлөхгүй юу. Жишээ нь барилга барихад олгодог 100 орчим зөвшөөрлийг 25 болгон багасгасан байна лээ.
Үүнийг Засгийн газраас цогцоор нь оруулж ирж байгаа. Аль болох асуудлыг цогц болгох тусам шийдэхэд амар болно. Тиймээс хүндрэл учрахгүй гэж бодож байна. Тухайлбал, барилга барих зөвшөөрөл тийм олон газар олгох шаардлага байхгүй биз дээ. Ингэлээ гээд барилгын чанар муудна гэсэн ойлголт ч байхгүй.
-Онцгой зөвшөөрлийг сайд, энгийн зөвшөөрлийг Засаг дарга өгнө гэсэн байсан. Энэ нь зөвшөөрөл хүнд сурталгүй, хурдан хугацаанд олгох боломжийг бүрдүүлж чадах уу?
Зөвшөөрлийг Засгийн газар, Засгийн газрын гишүүн, аймаг, сум дүүргийн Засаг дарга олгохоор заасан. Сум, дүүргийн Засаг дарга нь энгийн зөвшөөрлөө олгоод явна. Хүссэн хүн хурдан хугацаанд зөвшөөрөл авах боломжтой болгоно.
Мөн тухайн хүн хүсвэл зөвшөөрөл дүгнэлт батламжийг төрийн байгууллагаар гаргуулах боломжийг олгож байгаа. Ер нь энэ хууль эдийн засгийн хүндрэлтэй үед иргэн, аж ахуйн нэгжид хүнд суртал гаргадаггүй, баялаг бүтээгчдээ дэмжсэн тогтолцоотой болгохыг зорьсон.
-Нэг сайдад эрх мэдэл төвлөрөх юм биш үү?
Үгүй. Эрх мэдлийг үүргээр нь тодорхой хязгаарлана. Хуулиар оноосон эрхээ хэтрүүлбэл хариуцлага тооцох тогтолцоог сайн заасан. Мөн хугацааг нь зааж өгөх бөгөөд хэрэв та энгийн болон тусгай зөв- шөөрөл хүсч өргөдөл өгөөд заасан хугацаанд нь шийдэж өгөөгүй бол зөвшөөрсөнд тоо- цохоор байгаа. Харин онцгой зөвшөөрлийг хугацаа хожимдуулбал тухайн албан тушаалтанд хариуцлага тооцох үндэслэл болно.
-Жагсаалтад заасан 308-аас бусад төрлийн үйлчилгээ эрхлэхэд зөвшөөрөл авахгүй гэж ойлгож болох уу?
Болно.