С.Бямбацогт: МАН дэд сайд нараа өрсөлдүүлэх зарчим баримталж сонгоно
УИХ-ын гишүүн МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2014.12.15

С.Бямбацогт: МАН дэд сайд нараа өрсөлдүүлэх зарчим баримталж сонгоно

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөж, дөнгөж сая бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

    Өнөөдөр МАН-ын бүлэг өнгөрсөнд долоо хоногт Засгийн газраас УИХ-д өргөн барьсан 2014 оны төсвийн тодотголын тухай хуулийн төслийг голлон хэлэлцсэн байна. Бүлгийн хурал дээр Сангийн сайд Ж.Эрдэнэбат Монгол улсын санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлын танилцуулжээ.

Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт "Монгол Улсын төрийн сан -710 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй. Засгийн газрын дотоод өр 2.4 их наяд, Засгийн газрын төрийн сангийн дансанд байсан чөлөөт үлдэгдэл нь 700 гаруй бөгөөд нийтдээ манай улсын дотоод өр нь 3.1 их наяд орчим байгаа аж. Үүнтэй холбогдуулж  МАН-ын бүлгээс Эдийн засгийн байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж, цаашдаа ямар арга хэмжээг авч ажиллах талаар дүгнэлт гаргуулахаар боллоо.

Үүнд бодитой дүгнэлт өгөх шаардлагатай. Мөн Чингис, Самурай бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө зэрэг эдийн засгийн хөтөлбөрүүдийн зарцуулалтыг ил тод болгох хэрэгтэй. Үнэхээр зөв зүйлдээ зарцуулсан уу, үгүй юу гэдгийг тодорхой болгох цаг болжээ. Мөн засгийн газрын гишүүдийн эрхлэх  ажлын талаар ЗГ-ын хурал болон УИХ дээр тодорхой яръя гэдэг зүйл дээр санал солилцлоо. Энэ долоо хоногт хэлэлцэгдэх хуулийн төслүүд дээр  МАН-ын бүлгийн зүгээс ажлын хэсэг гаргаж ажлуулах шийдвэр гаргалаа" гэсэн юм.
   Харин Сангийн сайд Ж.Эрдэнэбат "Байдал маш хүнд байна. Маш олон санхүүжих зардал ар араасаа хүлээж байна. Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл маань өнөөдрийн байдлаар 63 хувьтай явж байгаа. Үлдсэн арван хэд хоногийн дотор нийтдээ 600 гаруй сая төгрөгийн санхүүжилт заавал хийх шаардлага Сангийн яамны өмнө тулгарлаа. Манайд орлого төвлөрүүлэх хэд хэдэн байгууллага бий. Тэд уулзалтын үеэр энэ онд төвлөрүүлэх ёстой орлогоо бүрэн төвлөрүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Харамсалтай нь өмнө нь орлого маань нэг их наядаар тасарчихсан байгаа учраас байдал хэцүү байна.

Сангийн яам төсвийн тодотголыг бодит байдалтай нь нийцүүлэх гэж их хичээсэн. Харамсалтай нь цаг хугацааны хувьд шахуу, төсвийн жил дуусах гэж байна. Санхүүжүүлэлт нь өр хэлбэрээр гарчихсан. Тиймээс бууруулах  ямар ч боломж бололцоо алга. Арга буюу 2014 оны төсвийн тодотголд зайлшгүй шаардлагатай байгаа нийслэлийн өрийг барагдуулах, бүтцийн өөрчлөлттэй холбоотой Засгийн газрын мөнгөн дүнг тусгах тал дээр төсвийн тодотгол хийгдлээ" гэсэн юм.

Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос ойрын өдрүүдэд хүчтэй яригдаж буй дэд сайд нарын асуудалтай холбоотой зарим зүйл дээр тодруулга авсан юм.

С.Бямбацогт: МАН дэд сайд нараа өрсөлдүүлэх зарчим баримталж сонгоно

-Өнөөдөр бүлгийн хурлаар дэд сайдын томилгоо яригдсан сураг байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарим хүмүүсийн нэр ч бичигдээд эхэллээ?

-Дэд сайд нарын томилгоог ярьсангүй. Дэд сайд болохоор өөрсдийн нэрээ дэвшүүлсэн МАН-ын гишүүн олон хүмүүс байгаа. Тэр олон хүмүүсийг дэд сайдад нэр дэвшүүлэхдээ ямар байдлаар тодруулах, ямар шаардлага, шалгуур тавих талаар ярилцлаа. Энэ талаар МАН-ын дарга М.Энхболд бүлгийн гишүүддээ танилцууллаа.

-Их болон хүний нэр дэд сайдад яригдаж байна. Чухам ямар шалгуураар тодруулах юм бол?

Дэд сайд нарыг хооронд нь өрсөлдүүлэх зарчим баримталж сонгоно. Гэхдээ дэд сайдад нэр дэвшиж буй хүмүүст өмнө хийж байсан ажлын туршлага, мэдлэг боловсрол, намынхаа төлөө сэтгэл зүрхээ гаргаж хөдөлмөрлөж байсан уу гэх мэт олон шалгуурыг тавих болно.

-Одоогийн байдлаар хэдэн хүн дэд сайдын суудалд суух хүсэлтээ илэрхийлсэн бэ?

-Одоохондоо тоо хэмжээг нь яриад хэрэггүй байх.