МАН тулган шаардалтад орсон гэв
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2014.12.08

МАН тулган шаардалтад орсон гэв

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудал болон цаг үеийн асуудлаар зарим асуултад хариулт авлаа.

-Тендерийн тухай хуулийн төслийг эсэргүүцэж байгаа шалтгаан  нь чухам юу юм бэ?

-Нээлттэй ил тод хариуцлагатай байх, аж ахуйн нгэж байгууллагуудад аль нэгэнд нь давуу тал олгохгүй ижил хандах зэрэг үндсэн зарчмууд хуулийн төсөлд алдагдсан байна. Хоёрдугаарт аль болох төсвийн ерөнхийлөнч захирагч, нутгийн удирдлагыг оролцуулалгүйгээр мэргэшсэн байгууллагуудаар дамжуулж шийддэг байя гэдэг асуудлыг өмнөх хуулиндаа заасан.  

Гэвч харамсалтай нь одоо бцуааж задлаад сайд өөрөө, өмнө нь Засаг дарыг Тамгын газар шийддэг байсан бол Засаг дарга өөрөө шийдэхээр улс төрийн албан тушаалтнаас хэт хараат байхаар Тендерийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад заасан байна. Өмнөх хуулиасаа сайжруулах ёстой байтал муутгасан учраас дэмжихгүй гэж манай бүлэг үзсэн.

- Өмнө нь МАН-ын бүлэг Н.Алтанхуяг Засгийн газрын бүтций өөрчилж 13 яамтай болгоход үүнээс чилүү цомхотгох боломжтой гэж байсан. Гэтэл одоо 15 яамтай Засгийн газарт хамтарч ажиллах гэж байна. Шинэ Засгийн газрын бүтэц дээр ямар байр сурьтай байгаа вэ?

-МАН эрх барьж  байх үедээ ч, хамтарсан Засгийн газарт ажиллаж байх үедээ ч Засгийн газрын бүтцийг аль  болох цомхон байхыг дэмжиж үүнийгээ хэрэгжүүлсээр ирсэн. Харамсалтай нь Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдахдаа 19 гишүүнтэй байгуулагдсан. Бид үүнийг нь байнга шүүмжилж байсан, энэ байр суурин дээрээ саяхныг хүртэл байсан. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг цомхон, чадварлаг болго гэдэг шаардлагыг тавьж ирсэн.

Гэвч харамсалтай нь АН бид дангаараа улс орноо хөгжүүлж чадахгүй нь, бидэнтэй хамтарч ажиллаач гэсэн санал тавьсан. Бид сандал ширээ бодоогүй харин өмнөх зарчмаа баримталж хамтарч ажиллах шийдвэр гаргасан. Энэ үеэр хоёр намын ажлын хэсгүүд олон удаа уулзаж ярилцахад заавал энэ бүтцээр ажиллана гэсэн тулган шаардалт эрх баригчдаас ирсэн учраас Засгийн газрын энэ бүтэц дээр хамтарч ажиллахаар болж байгаа.

Тэгэхээр энэ бол манай намын байр суурь биш. Нэгэнт Засгийн газарт хамтарч ажиллах гэж байгаа болохоор эрх баригчдын тавьж байгаа саналыг хүлээж авахаас өөр аргагүйд хүрсэн юм. Гэхдээ бидний өмнөх байр суурь хэвээрээ байгаа. Үндсэн чиг үүргийн сайд нар тодроос байж болно, бусад сайд нар нь гаднаас байх.

-Шинэ Засгийн газрын сайдад нэр дэвшиж байгаа хүмүүсийг МАН-ын бүлэг бүгдийг нь дэмжиж байгаа гэсэн үг үү?

-Сайдад нэр дэвшиж байгаа хүмүүсийг мэдээж УИХ-ын гишүүд дэмжих үгүйгээ илэрхийлнэ. МАН-ын бүлэг сайдад нэр дэвшиж байгаа хүмүүсийг 100 хувь үг хэлэхгүйгээр дэмжээрэй гэж хэлээгүй. Бид УИХ-ын гишүүний  бүрэн эрхийг хүндэтгэнэ.

Н.Номтойбаяр: Бүтцийн  талаар нэмж хариулъя. Хамтарч ажиллах талаар ярилцах үед манай намын ажлын хэсгээс 13 яамтай байх саналыг оруулсан. Харин АН-ын ажлын хэсгээс 16 яамтай ажиллах саналыг оруулж ирсэн. Манай яамдын тоог цөөхөн байлгах үндсэн хоёр зорилт тавьсан.

Нэгдүгээрт төсвийн урсгал зардлыг танах ёстой гэсэн шаардлага тавьсныг хэлэлцээрийн үед хүлээн зөвшөөрсөн. Хоёрдугаарт, энэ хамтарсан Засгийн газар бүтцийн хувьд юу хийж бүтээх вэ гэдэг нь гол асуудал байсан.  Дундын хувилбар нь 15 яамтай байхаар хоёр ажлын хэсэг тохиролцсон.Шинээр сонгогдсон Ч.Сайханбилэг Засгийн газрын бүтэц батлагдмагц 2015 оны төсвийн тухай хуульд тодотгол хийхээр оруулж ирэхээ мэдэгдсэн.

-Хамтарсан Засгийн газар байгуулагдахаар дэд сайд болон агентлагын  дарга нарын халаа сэлгээ хийгдэх үү?

-Дэд сайд нарыг сөөлжилж томилж болох юм. Мэдээж УИХ дахь суудлын хувь процентийг хадгалах ёстой гэдэг үндсэн заримаа барьж байгаа. Харин төрийн бусад албан хаагчдын тувьд бол "Төрийн албан хаагчийн тухай хууль"-ийг баримтална. Хариуцлаггүй ажилласан, ямар нэгэн байдлаар хөрөнгө мөнгө шамшигдуулсан хэрэгт холбогдсон зэрэг хариуцлага албсан Төрийн албан хаагчид хариуцлага тооцох бол нээлттэй. Хамтарч байгаа гэдэг нэрээр ажлаа хийж чадахгүй байгаа Төрийн албан хаагч нарын толгойг илээд сууна гэсэн ойлголт байхгүй.

-2015 оны төсөвт УИХ-ын гишүүн бүрт 90 сая төгрөг зарцуулахаар тусгасан байна. Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед энэ мөнгөнөөс татгалжаж болоогүй юм болов уу. Үүнд бүлэг ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах, хууль боловсруулах, баталах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, гадаад томилгоо, унаа, утас, хэвлэл мэдээлэл зэрэг үйл ажиллагаа явуулахад зориулагдсан тодорхой зардал байдаг. УИХ-ын гишүүдийн үйл ажиллагааны зардлыг хуулиар шийдэж өгдөг. Энэ зардал маань хэвээр явж байгаа. 2012 оноос хойш энэ зардалд нэг ч төгрөг нэмэгдээгүй. Хямралтай үед гишүүд өөрсдийн төсөв зардлыг нэмэгдүүлчихсэн гэх ойлголт гарч байгаа бол энэ буруу. Ийм асуудал байхгүй. Харин сүүлийн үед УИХ-ын гишүүд орон байраар хангагдах зэрэг асуудал байдаг байсан. Үүнээс бид татгалзсан.

-Тендерийн тухай хуулийн төслөөр бол "Худалдан авах ажиллагааны газар" татан буугдана гээсн үг үү?

-Ерөнхийдөө тиймэрхүү агууллага тус хуулийн төсөлд байна лээ. Үүнийг бол бид дэмжихгүй байгаа.

-Зөвшөөрлийн тухай хуульд зөвшөөрөл авахгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжтой ямар үйлчилгээнүүд багтаж байгаа вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж байна уу?

-Өмнө нь УИХ-ын хуулиар биш Засгийн газрын гишүүн тушаал гаргаад, эсвэл Засгийн газрын хуралдаанаар маш олон тусгай зөвшөөрлийг нэмэгдүүлсээр байгаад өнөөдрийн байдлаар 1000 орчим болж, үүнийг УИХ-ын гишүүн, яамны сайд, орон нутгийн засаг дарга нар олгодог болсон байгаа. Үүнийг бид 300 орчим болгох ёстой гэж үзэж байгаа. Ингэхдээ орон нутагт олгох тусгай зөвшөөрлийг энгийн, онцгой гэж ангилж байгаа. Гэхдээ аль болох иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүй байх, ойлгомжтой байх, хэн нэгэн дур мэдэж тусгай зөвшөөрөл гаргахгүй байх зэрэг зарчимуудыг барьж ажиллана.