С.Бямбацогт: АН-тай сандал, ширээ бодож хамтраагүй
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга дараах асуултад хариулт өглөө.
-Бүлэг Тендерийн тухай хуулийн төслийг дэмжих боломжгүй гэлээ. Эрх зүйн орчныг өөрчлөхтэй холбоотойгоор зөрчилдөөн байна гэсэн үг үү?
Нээлттэй, ил тод, хариуцлагатай, шударга, ААН байгууллагад бүгдэд нь тэгш боломж олгодог байх үндсэн зарчмыг баримтлах ёстой. Харамсалтай энэ хуульд үндсэн зарчим алдагдсан байгаа юм. Нөгөөтэйгүүр улстөрчид, төсвийн ерөнхийлөгчин захирагч нар, аймаг орон нутгийн удирдлагуудын оролцоо багатайгаар аль болох мэргэшсэн байгууллагаар дамжуулж энэ асуудлыг шийддэг болъё гэж өмнө нь хуульчилсан.
Гэтэл буцааж задлаад сайд, орон нутгийн Засаг дарга өөрөө тендер зохион байгуулна гэдэг байдлаар хэт улс төрийн албан тушаалтнаас хараат байдлаар өөрчлөлт оруулж байгаа нь буруу. Бид өмнөх хуулиа сайжруулах ёстой байтал муутгаж байгаа учир дэмжихгүй гэж үзсэн.
-Тэгэхээр Тендерийн тухай хуулийн төслөөр Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгахаар оруулсан юм уу?
Ерөнхийдөө иймэрхүү агуулга явж байгаа. Бид үүнийг дэмжихгүй.
-Ингэхэд Засгийн газрын бүтцийн асуудал дээр ямар байр суурьтай байна. Уг нь цомхон бүтцийг санал болгож байсан ч нэмэгдсэн зүйл бий?
МАН эрх барьж байх үедээ ямагт Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг аль болох цомхон байхыг баримталж ирсэн. Эрх барьж байхдаа ч тэр, АН-тай хамтраад ажиллаж байх үедээ цомхон бүтэц, бүрэлдэхүүнтэй засаг байгуулахыг бодож, үүнийгээ хэрэгжүүлж ирсэн.
Шинэчлэлийн Засгийн газрын бүрэлдэхүүнд 19 гишүүн ажилласныг бид шүүмжилж, энэ байр сууриндаа саяхныг хүртэл байсан. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг цомхон, чадварлаг, ухаалаг болго гэдэг шаардлагыг тавьж ирсэн. Харин “Бидэнтэй хамтарч ажиллана уу. Дангаараа улс орныг хөгжүүлж чадахгүй. Та бүхэнтэй хамарч байж улс орныхоо эдийн засгийг өөд татна, ард иргэдийг амьдралыг сайжруулах учраас хамтрая” гэсэн.
Бид сандал, ширээ бодож хамтраагүй. Өмнөх зарчмаа баримталж хамтарсан. Гэтэл ажлын хэсгийн олон удаагийн уулзалтын явцад ийм л бүтэц, бүрэлдэхүүнтэй ажиллахаас өөр арга алга байна гэдэг тулгалтад орсон. Арга буюу МАН өнөөдөр энэ бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр хамтарч ажиллахаар болж байгаа. Энэ бол манай намын байр суурь биш.
Олонхи бидэнд тавьсан хүсэлтийг хүлээж авахаас аргагүй байдалд орсон гэдгийг мэдэж байгаа байх. Гэхдээ МАН-ын бүлэг, УЗ өмнөх зарчимдаа хэвээр байгаа. “Давхар дээл”-тай сайд байх ёсгүй. Үндсэн чиг үүргийн сайд нар дотроос байж болно гаднаас бусад сайд байна гэдэгтээ хэвээр байсан.
-МАН-ын бүлэг сайдад нэр дэвшигчдийг дэмжиж байгаа хэрэг үү?
Сайдад нэр дэвшигчийн талаар УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд асуултаа асууж, өөр өөрсдийнхөө саналыг хэлнэ. Үг хэлэхгүй, асуулт асуухгүйгээр 100 хувь дэмжээрэй гэж МАН-ын бүлэг шийдээгүй. Тэр бол УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал. Бид үүнд хүндэтгэлтэй хандана.
-Өмнө нь томилогдсон агентлаг, газар, хэлтсийн дарга нарыг өөрчлөх үү. Халаа сэлгээ хийх үү?
Дэд сайд нарыг сөөлжилж томилж болох юм. Парламент дахь суудлын харьцааг хадгалах ёстой гэдэг үндсэн зарчмаа ярьж байгаа. Бусад агентлагт Төрийн албаны тухай хуулийг баримтлана. Хариуцлагагүй ажиллаж байгаа, ажлаа хийж чадахгүй, хөрөнгө мөнгө шамшигдуулсан асуудалд холбогдсон хүмүүст хариуцлага тооцох нь нээлттэй.
Энэ бол байна. Хамтарч байгаа гэдэг нэрээр ажлаа хийж чадахгүй төрийн албан хаагчдын толгойг илээд сууна гэсэн ойлголт байхгүй.
-2015 оны төсөвт нэг гишүүн 90 сая орчим төгрөгийг зарцуулахаар тусгасан байна. Энэ мөнгөнөөс таталзаж болоогүй юм уу?
УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах, хууль боловсруулах, батлах, хэрэгжилтэд хяналт тавих. Гадаадад ажиллах, хэвлэл мэдээлэл захиалах гээд төрд сонгогдсон гишүүний хувьд тодорхой зардал гарах, үйл ажиллагаа явуулах боломжоор хангагдах ийм зүйл байдаг. Энэ бол үеийн үед явж ирсэн.
2000 оноос өмнөх жилд гишүүд байраар хангагддаг байсныг сүүлийн үед бид татгалзсан. УИХ-ын гишүүдийн үйл ажиллагааны зардлыг хуулиар шийдэж өгдөг. Энэ зардал 2012 оноос хойш хэвээр байгаа. Нэг ч төгрөг нэмэгдээгүй.
Тийм болохоор хямралтай үед УИХ-ын гишүүд өөрсдийнхөө төсвийн зардлыг нэмэгдүүлэх нь гэсэн буруу ойлголт байж болохгүй. Нэг ч төгрөг нэмээгүй гэдгийг хариуцлагатай хэлэх нь зөв байх.