Д.Оюунхорол: Манай нам хамгийн сайн сонголтоо оруулж ирсэн
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингээс намын дарга М.Энхболдод хэвлэлээр дамжуулан захидал илгээсэн. Түүний захидлаас МАН дотроо хэрхэн зөрчилдөж буйг олж харж болохоор байсан юм. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд ахлагч Д.Оюунхоролын байр суурийг сонирхлоо.
-Албан тушаалын төлөө МАН дотроо хагаралдсан тухай Ө.Энхтүвшин гишүүн бичжээ. МАН-ынхан үнэхээр талцаад байгаа хэрэг үү?
Хуваагдсан, талцсан юм байхгүй. Ө.Энхтүвшин даргын захидалд боловсон хүчнийхээ томилгоог нээлттэй, ил тод болгох хэрэгтэй байна гэсэн утга илэрхийлсэн байна. Засгийн газрын гишүүдийг томилоход намын Удирдах зөвлөл, удирдлагууд маш чамбай хандаж, хамгийн сайн сонголтоо оруулж ирсэн гэж бодож байгаа.
Тухайлбал, Н.Төмөрхүү, С.Чинзориг нар УИХ-ын сонгуулиар Өвөрхангай аймгаас 6500 гаруй хүний саналаар ялалт байгуулсан. Гэвч шүүхийн шийдвэр гарч, гишүүн болж чадаагүй. Тэд тухайн үедээ улс төрийн эрхийг нь олгож чадсангүй гэж намдаа гомдож байсан. Одоо энэ хоёр гишүүнийг сайдаар томилсноор Өвөрхангай аймгийн сонгогчдын саналыг хүндэтгэсэн, ажил хийх боломжоор хангасан шийдвэр болсон. Нөгөө талаас нэг хэсэг хүн дандаа сайд байх албагүй.
Төрийн албыг ээлж дараатай, эрэмбэтэй явуулж сурах ёстой. Энэ боломжийг хүмүүст олгох шаардлага байсан. Ардчилсан нийгэмд хэн ч үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Илэрхийлэх хэлбэр нь манай намд нээлттэй. Тиймээс Ө.Энхтүвшин гишүүн хувийн үзэл бодлоо илэрхийлсэн болов уу. Намын удирдлагууд нэг өрөөнд хаалгаа түгжиж суугаад ярилцсан юм байхгүй.
Намын бүлгийн бүх гишүүнтэй санал солилцсон. Тэр үед нь гишүүн өөрөө байгаагүй юм болов уу. Уг нь анх удаагаа Бүлгээрээ, Удирдах зөвлөлөөрөө ярьж томилгоог шийдсэн. Олонхиороо шийдэж байгаа асуудалд ганц хоёр хүн өөр бодолтой байж болно. Тэр болгон нь 100 хувь үнэн гэж ойлговол учир дутагдалтай.
-Намын ахмад гэж хэлж болох гишүүд сайд болох бодолтой байсан уу. Тэд гомдолтой үлдсэн хэрэг үү?
Би тэгж бодохгүй байна. Ер нь намыг дотор нь хагалах, нийгмийг талцуулдаг байдлаас гарах юмсан гэж боддог. Энэ удаагийн зөвшилцлийн Засгийн газар Улс төрийн намуудын, Сонгуулийн тухай,Үндсэн хууль гээд нийгмийн зөвшилцөл бий болгож чадах гол хуульд өөрчлөлт оруулах ёстой.
Хөгжих юмсан гэдэг хүсэл эрмэлзэл, итгэл дүүрэн байгаа учраас Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Зөвшилцлийн Засгийн газар байгууллаа гэж харж байна.