Ж.Энхбаяр: Та ганцаараа очих ёстой, ганцаараа буцах ёстой
Өчигдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Батлан хамгаалахын сайдаар Ц.Цолмонг томилиллоо. Энэ үеэр Ж.Энхбаяр гишүүний хэлсэн үгийг хүрэгж байна.
"Батлан хамгаалах салбар тодорхой хэмжээнд үүргээ гүйцэтгээд, дотоод гадаад нэр хүндийн хувьд сайн байгаа. Энэ нь тангарагтаа үнэнч байгаа жирийн офицер, ахлагч, цэрэг дайчдын нөр их хөдөлмөр гэдгийг цохон хэлмээр байна. Батлан хамгаалахын сайд гэдэг бол зэвсэгт хүчинд иргэний хяналт тавих үндсэн үүрэгтэйгээр очиж байгаа. Үүнтэй холбогдуулж хэдэн зүйл хэлье.
Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр хэрэгжээд бараг дуусаж байна. Энэ хөтөлбөрийг дүгнэх, цаашид энэ хөтөлбөрийг дахин шинээр боловсруулж батлуулах зорилт Таны өмнө тавигдаж байгаа. ҮАБ-ын үзэл баримтлал 2010 онд шинэчлэгдсэн боловч Батлан хамгаалах салбарын үзэл баримтлал өнөөдөр хүртэл УИХ-д орж ирээгүй 4-5 жил болж байна. Энэ бол байж боломгүй зүйл. Үүнтэй холбоотой багц хуулийн шинэчлэлүүд хийгдэх хэрэгтэй байгаа. Мөн өнөөдрийн батлан хамгаалах салбарт УИХ-аар үнэлэлт дүгнэлт өгүүлэх шаардлага байгаа. Мөн цэргийн албан хаагчдын нийгмийн асуудлууд нилээд үр дүнгүй байгаа. Үүнийг яаралтай шийдэх ёстой."