М.Энхболд: Үндсэн хуулийн өөрчлөлтийг зоригтой, дорвитой хийх цаг болсон
Монгол Ардын Намын дарга, УИХ- ын дэд дарга М.Энхболд
2014.11.27

М.Энхболд: Үндсэн хуулийн өөрчлөлтийг зоригтой, дорвитой хийх цаг болсон

Монгол Ардын Намын дарга, УИХ- ын дэд дарга М.Энхболдтой анхдугаар Үндсэн хууль батлагдаж, Улс тунхагласны 90 жилийн ойн баярыг тохиолдуулан ярилцлаа. Тусгаар тогтнолын сэдвийг хөндөж, түүх хүүрнэсэн энэхүү ярилцлагаа уншигч та бүхэндээ толилуулъя.

-Шинэ засаг эмхлэн байгуулагдах цагаар улс төрийн халуун сэдвээс хазайж зөвхөн тусгаар тогтнолын талаар асуулаа гэж зарим хүмүүс гайхаж магадгүй л юм. Гэхдээ бидний ярилцлага анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 90 жилийн ойн өдөр болж буйгаараа онцлог. Тусгаар тогтнол гэдэг бол бидний энгийн ойлголтоор иргэд нь улс орондоо эзэн байна, туурга тусгаар байна гэсэн утгыг илэрхийлдэг болов уу. Тэгэхээр хоёулаа тусгаар тогтнол гэсэн ойлголтоос яриагаа эхлэх үү?

 Тэртээх 90 жилийн өмнөх энэ өдөр бидний өвөг дээдэс туурга тусгаар улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталж, эрх чөлөөт амьдралын үндсийг тавьсан. Эх оронч өвөг дээдсийнхээ байгуулсан гавьяаны үр шим, ач тусыг хүртэж яваа монгол хүн бүхэндээ 90 жилийн ойн баярын мэнд хүргэе.

-Монгол Улс, монгол хүн оршин байгаагийн утга учир бол тусгаар тогтнолтой салшгүй холбоотой. Тусгаар тогтнолоо баталгаажуулсан түүхэнд онцлохуйц чухал үйл явдал бол 1961 онд Монгол Улс НҮБ-д элссэн явдал юм. Ач холбогдол, үнэ цэнийг нь юугаар ч хэмжиж болохгүй төдийгүй энэ тухай олон сайхан дурсамж байдаг шүү дээ?

НҮБ-д Монгол Улс элсэх асуудал бол зөвхөн 1961 онд болсон явдал биш юм аа. Манай улсын зүгээс тусгаар тогтнолоо баталгаажуулж, олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүнээр элсэх асуудлыг удаа дараа тавьж ирсэн байдаг.

Монгол Улсыг олон улсын хамтын нийгэмлэгт элсүүлэх асуудлыг хойш тавьж байсан цаг үед монголчууд бид 1939 болон 1945 оны чөлөөлөх дайнд өөрийн улсын газар шороог хамгаалахаас гадна хөрш зэргэлдээ Хятадын нутаг дэвсгэрийг хамгаалж дайнд оролцож ялалт байгуулж, олон улсын хамтын нийгэмлэгийн хатуу байр сууринд өөрчлөлт оруулж чадсан.

Дэлхийн II дайны төгсгөлд Монгол Улс бол энхтайвны төлөө, бусад улсын сайн сайхны төлөө хүчин чармайлт гаргаж чаддаг гэсэн дүгнэлт хийхэд хүргэсэн. Энэ дашрамд МАН бол улс орноо дайнд хүртэл удирдаж явсан нам шүү гэж өмнө нь хэлж байснаа дахин тодотгож хэлье. 1950-иад оны сүүлээр манай улс Ази, Африкийн олон улстай дипломат харилцаа тогтоосон юм.

Манай улс НҮБ-ын 101 дэх гишүүнээр элсэж байсан бол өнөөдөр дэлхийн 200 шахам улс энэ байгууллагын гишүүнчлэлтэй болж. Биднийг элссэн дарааллаар нь жагсаавал тэг дунд нь байна. 1961 онд НҮБ-д элссэн нь Монгол Улс тусгаар тогтнолоо олон улсад баталгаажуулж чадсан түүхэн үйл явдал юм.

-Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаажилт хөрш хоёр их гүрнээс ихээхэн хамааралтай. Хоёр хөршийн төрийн тэргүүнүүдийн айлчлал энэ жил давхацсан нь ч түүхэнд содон үйл явдлаар үлдэж байна?

Хоёр их хөршийн төрийн тэргүүн нарын энэ оны наймдугаар  сард хийсэн айлчлалын үеэр стратегийн түншлэлийн гол гол чиглэлийг тодорхойлсон. Монгол Улсын тусгаар тогтнол бол баталгаатай. Гэвч ирээдүйд Монгол Улсын тусгаар тогтнолыг улам бэхжүүлэх нь өнөөдөр залуу үе хэрхэн төлөвшиж байна вэ гэдэгтэй салшгүй холбоотой.

Миний бие санаачлан Монголын улс төрийн намуудын удирдлагын төвшинд есөн асуудлаар үндэсний зөвшилцөл, ойлголцлыг эхлүүлж, нийтдээ найман удаа уулзаад байна. Үүний дотор орчин үеийн хүүхэд, залуучуудын хүмүүжлийн асуудлыг зориуд оруулсан юм.

Өнөөдрийн залуучуудын төлөвшил, үзэл бодол ямар байгааг төр засаг зайлшгүй анхаарах хэрэгтэй. Хэн сайн сурч, мэдлэг боловсрол илүү эзэмшиж байна, хэн гадаад болон дотоод орчинд болж буй үйл явдлыг илүү мэдэрч чадаж байна, тэдгээр залуус ирээдүйд улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалах бэлтгэлээ хангаж байна гэж ойлгох хэрэгтэй.

-Тусгаар тогтнолын үнэ цэнийг та юутай зүйрлэх вэ. Залуучууд бидэнд тусгаар тогтнолоос өөр эрхэм зүйл байж болох уу?

Манай залуучууд төрүүлж өсгөсөн эхийгээ юугаар ч үнэлж солихгүй болов уу. Харин эх орон, тусгаар тогтнол бол ээжтэй л адилхан юм. Хэрэв эх орон, тусгаар тогтнолоо ямар нэг юмаар сольж арилжвал маргааш нь ээж, аав, өвөг дээдэс бүгд байхгүй болно. Нөгөөдөр бид өөрсдөө ч байхгүй болно шүү дээ.

-Эрх чөлөө, тусгаар тогтнол нь харилцан шүтэлцээ, хамааралтай ойлголтууд. Ардчилалтай хамт эрх чөлөө гэдэг үг ямагт хэлэгддэг. Тэгэхээр тусгаар тогтнол бол эрх чөлөөний тулах цэг гэсэн үг үү?

Эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл гэж ярьдаг даа. Тусгаар тогтнолоо олж авч байж эрх чөлөөгөө эдэлнэ шүү дээ. Ардчилалтай байна гэдэг эрх чөлөө баталгаатай байна гэсэн үг. Чөлөөтэй сэтгэнэ, хуулийн хүрээнд дуртай зүйлээ хийж болно. Энэ бүхэн 1992 оны шинэ Үндсэн хуулиар эрх зүйн хувьд баталгаажсан.

Өдгөө дэлхийн зарим улсуудад Монгол гэхээр гайхаж, Чингисийн Монгол гэж хэлэхэд нүд нь сэргээд явчихдаг шүү дээ.

Гэхдээ эрх чөлөө нь эдийн засгийн баталгаатай байх ёстой, тэгвэл жинхэнэ эрх чөлөөг эдлэх болно. Бид нийгмийн ардчилал, зах зээлд шилжээд 20 гаруй жил болж байна. Энэ явцад нийгмийн олон үнэт зүйл төлөвшлөө. Тухайлбал, бидний яриад байгаа ардчилал, эрх чөлөө, зах зээл гэх мэт. Эдгээр үнэт зүйлс төлөвшсөн нь аль нэг улс төрийн хүчний өмч биш, бидний хамтын зүтгэл чармайлтын үр дүн юм.

-Үндсэн хууль бол тусгаар тогтнолын бас нэгэн баталгаа. Эзэн Чингис хаанаас эхлээд улс даяар мөрдөж байсан хуулиудын уламжлал, дэг жаягийн тухайд Таны бодлыг сонсъё?

1206 онд Их Монгол Улс байгуулагдмагц Чингис хаан хуулийн засаглал тогтоож эхэлсэн гэж хэлж болно. Энэ бол “Их засаг” хууль юм. Энэхүү хуулийн зарчим, үзэл санаа дэлхийн талыг эзэгнэсэн Монголын их гүрэнд үйлчилж байсан.

Чингис хааны үеийн эрх зүйн үйлчлэлийн тухай Лалын жуулчин Абул Гази бүр XIV зууны үед бичихдээ “Чингис хааны үед энэ улсад Иран, Тураны хооронд үнэхээр тайван сайхан байсан бөгөөд тухайлбал, нар мандахаас шингэх хүртэл хугацаанд толгой дээрээ алт тавиад хэнээс ч айж эмээлгүй энэ нутгийг хөндлөн гулд явж болно” гэжээ. Иймэрхүү зарим уламжлал олон он цагийн эрхэнд гээгдсэн ч гэсэн ямар нэг хэмжээгээр хадгалагдаж үлдсэн.

Газар нутаг минь тайрч танагдсан ч өдий зэрэгтэй үлдсэн нь Чингис хааны нэр алдартай шууд холбоотой. Өдгөө дэлхийн зарим улсуудад Монгол гэхээр гайхаж, Чингисийн Монгол гэж хэлэхэд нүд нь           сэргээд явчихдаг шүү дээ.

-Анхдугаар Үндсэн хууль 90 жилийн настай. Үүнээс хойш бид дөрвөн Үндсэн хууль баталсан. 1992 оны ардчилсан Үндсэн хууль батлагдаад 20 гаруй жилийн нүүр үзлээ. Үндсэн хуулийг өөрчлөх санаа оноо их гардаг ч улс төрийн намууд хараахан нэгдсэн шийдэлд хүрээгүй л байна. Эцэг хууль маань нийгмийн амьдралд хэр нийцэж байна вэ?

Би түрүүн 1924 оны Анхдугаар Үндсэн хуулийн тухай товч ярьсан. Үүний дараа 1940, 1960 оны Үндсэн хуульд өмчийн хэлбэр, хөдөлмөрчин, малчин тариачин ангийн тухай болон их бүтээн байгуулалтыг өрнүүлэх зэрэг олон асуудлыг тусгасан байдаг. 1980-ад оны сүүлч, 1990- ээд оны заагаар Монгол Улс шинэ сонголт хийж, 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталсан.

Өнгөрөгч 20 гаруй жилийн хугацаанд энэ Үндсэн хуулиар төр засгийг эмхлэн байгуулж, төрийн бүхий л үйл ажиллагаа, харилцааг зохион байгуулж ирлээ. 1990 онтой харьцуулахад өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдал, Монголын залуучуудын бодол, хүмүүжил гэх мэт олон зүйл өөрчлөгдлөө.

Тиймээс Үндсэн хуулийг өөрчлөх цаг болсон гэж үздэг. Зарим хүмүүс парламентын засаглал цаашаа явахгүй нь, Үндсэн хуулийг өөрчилье гэж олон жил ярьж байгаа. Үндсэн хуулийг өөрчлөхдөө парламентын засаглалыг жинхэнэ дэлхий нийтийн сонгодог хэлбэрээр нь хуульчлах хэрэгтэй. Манай Үндсэн хууль парламентын засаглалын зарим элементийг аваад заримыг нь орхигдуулсан байдаг.

Жишээлбэл, саяхан Японы Ерөнхий сайд Ш.Абэ парламентын доод танхимаа тараах шийдвэрийг гаргачихлаа. Хэдийгээр парламент Ерөнхий сайдаа томилдог боловч Ерөнхий сайд нь парламенттай хариуцлага тооцон тараах шийдвэр гаргадаг нь парламентын засаглалын байх л ёстой хэлбэр. Энэ мэтчилэн бидэнд Үндсэн хуульд эргэж авч үзэх зүйлүүд бий.

Яагаад Монгол Улс хоёр танхимтай парламенттай байж болохгүй гэж. 

Яагаад Монгол Улс хоёр танхимтай парламенттай байж болохгүй гэж. Өмнө нь иргэдийн төлөөлөл болсон Ардын Их Хурал улсын төсөв батлаад улс эх орныхоо хөгжлийг тав таван жилээр төлөвлөөд явж ирсэн түүх бий. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг дорвитой, зоригтой хийх цаг болжээ.

-Олон жилийн туршлагатай, тусгаар тогтнолын түүхийг бичилцсэн ууган намын хувьд ардчиллыг өлгийдөн авч, шинэ тутам мэндэлж байсан намуудад түшиг тулгуур болж байсан гэгддэг шүү дээ?

Улсын гол хууль батлагдан гарснаар монголын төр, нийгмийн байгууллыг ардчилсан үндсэн дээр цаашид оршин хөгжихүйц чиг баримжаа, үндэс зарчмуудыг тогтоож, нийтээр даган баримтлах улс төр, эрх зүйн хэм хэмжээний үндсийг тавьж чадсан.

Улс төрийн шинэ тогтолцоо бүрэлдэж, олон намын систем тогтох эхэн үед манай нам улс төрийн шинэ намуудыг эхнээс нь дэмжиж ирсэн түүхтэй. Хэдийгээр олонхийн санал авсан ч 1990 онд Засгийн газар байгуулахдаа Монголын Ардчилсан нам, Монголын Үндэсний Дэвшлийн намаас төлөөлөгч оролцсон эвслийн шинжтэй Засгийн газар байгуулан шинэ намуудын өсөлт бойжилтод дэмжлэг үзүүлсэн.

Манай намын байгуулсан Засгийн газар намуудыг нэгэн адил тэгш гараанаас үйл ажиллагааг нь эхлүүлэхийн тулд МоАН, МҮДН, МСДН-д байр өгч, мөнгөн тусламж үзүүлж олон намын тогтолцоог төлөвшүүлэхийн төлөө чармайлттай ажиллаж байсан.

Бүгд найрамдах байгууллаар замнасан 90 жилд алдаж онож байсан хэдий ч Монгол орныг аж ахуйн олон үеийн хоцрогдол, ядуу зүдүү байдлаас чөлөөт зах зээл, эдийн засгийн харьцангуй бие даасан байдалд, үндэсний мөхөл, харийн эзэгнэлээс төрийн тусгаар тогтнол, үндэсний сэргэн мандалтад, хүний наад захын эрхгүй, бүдүүлэг дорой байдлаас ардчилал, эрх чөлөө, орчин үеийн соёл иргэншилд, улс төрийн түгжигдмэл байдлаас олон улсын харилцааны амин чухал асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцох байдалд шилжүүлсэн гол гавьяа Монгол Ардын Намд зүй ёсоор оногдоно. Монгол Ардын Нам сэтгэлгээ, үйл ажиллагаагаараа жилээс жилд шинэчлэгдэж байна.

-Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хууль эрх зүйн шинэчлэлийн талаар сая хөндөж ярилцлаа. Сүүлийн үед эдийн засгийн тусгаар тогтнолын тухайд дэлхий даяар их яригдах болж. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

Энэ бол яах аргагүй хөндөх ёстой сэдэв. Эдийн засаг бол улс орны тулгуур багана. Энэ салбар доголдоход л бүх зүйл орвонгоороо эргэх аюултай. Эдийн засгийн талаарх сүүлийн үеийн жишээ баримт татъя л даа. Дэлхийд гайхагдаж байсан Монгол Улсын 17.5 хувийн эдийн засгийн өсөлт сүүлийн хоёр жил дараалан буурсаар 2.7 дахин багасч, гадаадын хөрөнгө оруулалт оны эхний найман сарын байдлаар 627.2 сая ам.доллар болсон нь 2012 оны наймдугаар сартай харьцуулахад 5.4 дахин буурлаа.

Түүнчлэн өрийн дарамт нүүрлэж, улсын төсвийн санхүүжилт хүндэрч, инфляцийн төвшин хоёр оронтой тоонд өслөө. Иргэдийнхудалдан авах чадвар эрс буурсныг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэх байх аа. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “Стандарт энд Пүүрс” болон “Мүүдиз" зэрэг олон улсын агентлагууд бууруулж, Монгол Улсад зээл олгох, хөрөнгө оруулалт хийх эрсдэлтэй улс гэж олон улсад зарлах боллоо. Улс орны нийгэм, эдийн засгийн байдал хүндэрсэн нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулах хэмжээнд хүрээд байна.

Үүнийг дотоодын шинжээч судлаачид төдийгүй олон улсын байгууллага, хэвлэлүүд ч анхааруулан бичиж байна. Тухайлбал, “Экономист” сэтгүүлд “Ардчилсан намын буруу бодлого, алдааны үнэ цэнэд Монгол Улсын бие даасан байдал алдагдах байдал ч үүсч мэдэхээр байна” хэмээн тэмдэглэсэн байна. Энэ бүхэн бол Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнолд аюулын харанга дэлдэж эхэлснийг анхааруулж буй хэрэг юм. Тэгэхээр тоохгүй өнгөрч болохгүй асуудал бол энэ.

2012 оны Лондоны олимпийн багийн ахлагчаар ажилласан.

-Гадаадын хөрөнгө оруулалт манай улсад их хэмжээгээр орж ирэх, үүнийг дагасан ажиллах хүчний урсгал гэх мэт зүйлс улсын тусгаар тогтнолд заналхийлэх эрсдэлтэй юу?

Гадаадын хөрөнгө оруулалт бол Монгол Улсын тусгаар тогтнолд заналхийлж байгаа явдал огт биш юм. Харин гаднынхан Монголыг хайрлах үндэс суурь тавигдаж байгаа юм шүү.

Гадаадын аж ахуйн нэгж манай улсад хөрөнгөө оруулчихсан тохиолдолд тэдний сонирхол наашаа чиглэж Монгол Улсын тусгаар тогтнолыг найдвартай байлгах сонирхол бий болно. Ингэж өөрсдийн оруулсан хөрөнгөө хамгаална. Ер нь хөрөнгө оруулах үйл явц, түүнийг дагасан ажиллах хүчин гэх мэт асуудал ном журмын дагуу шийдвэрлэгддэг бол ямар ч асуудалгүй юм.

-Дэлхийн өнцөг булан бүрт шашин хоорондын мөргөлдөөнөөс болж хямралт байдал үүсч, зарим улсын тусгаар байдал нь ч алдагдаж байна. Та ер нь хэр шүтлэгтэй хүн бэ?

Шашин бол эмзэг асуудал. Би буддын шашинаа шүтдэг. Монголчууд олон зуун жилийн турш тахиж шүтэж ирсэн үндэсний шашинаа дэмжих бодлогыг давуу баримтлах ёстой. Зарим хүмүүс гадна дотны шашны урсгал орж ирлээ гээд хориглож, хязгаарлаж тэмцэж болохгүй. Ийм сөргөлдөөн янз бүрийн юманд хүргэж болзошгүй. Бид үндэсний шашнаа дэмжих, хөгжүүлэх бодлогыг баримтлах ёстой.

Монголын нийт хүн амын 80 хувь нь буддын шашныг шүтдэг, хүндэлдэг гэсэн судалгаа уншиж байсан юм байна. Үндэсний шашнаа дэмжих чиглэлээр тодорхой алхмуудыг хийх нь зүйтэй. Жишээлбэл, 2007 онд улсын төсөвт түүх соёлын дурсгалт зүйлсийг сэргээн засварлахад хоёр тэрбум төгрөг суулгуулж байлаа.

Энэ хөрөнгөөр өнөөдөр Гандантэгчинлэн хийдэд Батцагаан дуган барих ажлыг эхлүүлсэн. 2015 оны улсын төсөвт 5.6 тэрбум төгрөг тусгаснаар энэ дуган ирэх онд баригдаж дуусна. Энэ бол үндэсний шашнаа дэмжихийн сацуу шашныг дагасан түүх соёлын асар их өв музейн үзмэр болж үлдэж байгаа юм. Төр засаг, шашин хоорондын ялгааг залуучуудад зөв ойлгуулах тал дээр сайн анхаармаар санагддаг.

-Монгол Улсын тусгаар тогтнол, түүх соёл, зан заншлаа олон улсад сурталчлах тал дээр төр ямар бодлого баримтлан ажиллах ёстой вэ?

Дэлхий нийтэд Монгол Улсаа сурталчлах олон компанит үйл ажиллагаа болж байсан. Аливаа түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх, эсхүл ямар нэгэн олон улсын томоохон арга хэмжээг эх орондоо хүлээж авахын цаана нь олон улсад эх орноо сурталчлах агуулга давхар явж байдаг.

Тухайлбал манай улс 2016 онд Ази, Европын улсуудын төрийн тэргүүнүүдийн АСЕМ-ын уулзалтыг амжилттай зохион байгуулж чадвал эх орноо дэлхий дахинд сурталчилсан сайхан үйл явдал болно. Өнгөрсөн үйл явдлуудаас дурдвал, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой бол Монгол Улсаа дэлхий нийтэд сурталчлах маш том арга хэмжээ болж чадсан.

Тэр үед би Монгол Улсын Ерөнхий сайд, Ойг зохион байгуулах үндэсний хорооны даргаар ажиллаж байсны хувьд гадаадад Монгол Улсаа сурталчлах, гадаадын нэр хүндтэй хэвлэлийн мэдээллийн байгууллагаар эх орноо сурталчлах тал дээр бодлого, зорилготой үйл ажиллагаа явуулсан.

Монголчууд одоо спортоор дэлхий нийтэд эх орноо сайхан сурталчилж байна. Ялангуяа тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, уралдаан тэмцээнд амжилттай оролцож, даян дэлхийн энхтайвны бэлэг тэмдэг болсон олимпийн наадмаас алт, мөнгөн медаль ихэрлүүлж, сүүлийн олимпоос таван медаль хүртлээ. Энэ бол Монгол Улсаа олон улсад сурталчилж байгаа түүхэн үйл явдал юм шүү.

-Улс орноо дэлхий дахинд таниулах, хөгжлийн ямархуу өнгө төрхтэй яваагаа батлан харуулах томоохон боломж бол спорт шүү дээ. Та 2008 оны Бээжингийн олимпийн багийн ахлагчаар ажилласан бил үү?           

Үгүй ээ. 2012 оны Лондоны олимпийн багийн ахлагчаар ажилласан. Нэгэнт та зорьж асуусан болохоор энэ сэдвийг дэлгэрүүлээд хариулъя. 2008 оны Бээжингийн олимпийн бэлтгэлийг хангуулахад миний бие оролцсон. Энэ олимпод бэлтгэх ажлыг 2005, 2006 оноос базааж, спортын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, Эрдэнэтийн спорт бэлтгэлийн баазыг Олимпийн хорооны нэр дээр шилжүүлэн хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэж байлаа.

2012 оны Лондоны 30 дугаар олимпод 30 тамирчинтай оролцож таван медаль хүртсэн бахдам амжилт үзүүлсэн. Олимп, дэлхийн аварга шалгаруулах уралдаан тэмцээнд манай тамирчид бэлтгэлээ базааж сайн оролцохын хажуугаар зохион байгуулагч орны холбогдох албаны хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийх нь бас чухал юм билээ. Би 2000 оноос эхлэн Олон улсын олимпизмийн хөдөлгөөнд эх орноо төлөөлөн оролцож байсан шүү

-Түүхэн үнэт өвүүдийг сэргээж мөнхжүүлж үлдээнэ гэдэг бас буянтай үйлс. Яах аргагүй л тусгаар тогтнолын түүхтэй холбогдож таарна. Таныг Монголын түүхтэй холбоотой олон үнэт өвийг хойч үедээ өвлүүлэхэд гар бие оролцсон гэдэг. Тэр тухайгаа хуваалцаач?

Түүхийн дурсгалт соёлын өвийг хайрлан хамгаалах, шинээр босгох, мөнхжүүлж үлдээх нь төрийн хүний үүрэг, хариуцлага шүү дээ. Аливаа түүхийг энэ сайн түүх, тэр муу түүх гэж алагчилж, ад үзэж, ялгаварлаж болохгүй. Түүхийн ганцхан хэмжүүр нь үнэн байх ёстой. Түүхийн хугацаа алсрах тусмаа үнэн байх, үнэн байх тусмаа үнэ цэнэтэй байдаг.

Аль нэг нам засгийн эрх барьж байсан гэдгээрээ ард түмний түүхийг алагчилж болохгүй. Түүхийг өөрчлөн гуйвуулж эдүгээчлэх, түүхийн дурсгалт хөшөө дурсгалыг нурааж устгах эрх ямар ч өндөр албан тушаалтанд байх ёсгүй. Иймээс ал ваа ажил хийхэд үүх түүхийг нь мэдэхгүй.ээр ажил хийх ч, амжилт гаргах ч боломж байхгүй.

Хотын даргаар олон жил ажиллахад 300 гаруй жилийн түүхтэй хотынхоо түүхийг зайлшгүй мэдэх ажлын шаардлага гарч байсан. Хотын түүхийн жим харгуйг дагаад явахад аяндаа улсын түүхтэй, дэлхийн түүхтэй холбогдоно шүү дээ. Тун сонирхолтой юм билээ. Явж явж тусгаар тогтнолын түүхтэй холбогдож байгаа юм.

Би Улаанбаатар хотын захиралаар долоон жил ажиллахдаа өмнөх үе үеийн удирдлагууд, Улаанбаатар хотынхоо түүхийн бодит байдпыг харуулъя гэсэн бодол байсан юм.

1639 онд Их Монгол уулын өвөрт Ширээ цагаан нууранд анхдугаар Богдын даахийг үргээсэн газар Улаанбаатар хот анх үүссэн байгаа юм. Үүнээс өмнө 1924 оны Анхдугаар Үндсэн хуулиар Улаанбаатар гэж нэрлэсэн 60-70 жилийн түүхтэй хот гэж ойлгож байлаа. Тэгвэл бид 60-70 жилийн түүхийг 360-370 жил болгож уртасгаж байгаа юм.

Манай залуучууд миний амьдардаг хот, миний хот гэхээс түүхэндээ хэдэн удаа нүүж байсныг тэр болгон мэдэхгүй байх. Улаанбаатар хот 16 газарт 28 удаа нүүсэн байдаг юм. Би анх сууриа тавьсан газарт хөшөө босгоод нүүсэн бүх газарт дурсгалын хөшөө босгосон. Хөшөөний жимээр явбал аялал жуулчлалын жим үүснэ дээ.

Тэр үед Энхболд гэж хүн хөшөө босгосон мэт боловч 100 жилийн дараа тухайн газарт Улаанбаатар хот оршиж байсан тухай хөдлөшгүй баримт хойч үед үлдэж байгаа юм. Жишээлбэл, 1778 онд Дөрвөн уулын дунд Улаанбаатар хотыг буулгах гэж бууриа хайж явсан улсын өврөөс мөнгөн аяга дээшээ хараад унасан гэдэг.

Тэр газар бол одоогийн Гадаад харилцааны яамны баруун хойд талын булан гэдэг нь тогтоогддог. Би 1999 онд яг тэр газар дээр “Халуун элгэн нутаг” дууны чулуун хөшөөг босгосон юм. Үүнийг манай залуучууд бас нэг их сайн мэдэхгүй байх. Энэ газар бол Улаанбаатар хотын анхны бууриа зассан газар юм. Ингээд л энэ бүхэн түүх болж үлдэнэ гэсэн үг л дээ.

-Таныг би Хар зүрхний хөх нуурт, 1189 онд хуралдай болсон газрыг тахиж ирсэн гэж сонссон. Үүнээс түрүү жил нь хожим Монголын эзэнт гүрнийг байгуулагч их хүмүүн мэндэлсэн байдаг шүү дээ. Чухам ямар учир бэлгэдлээр Та тухайн газрыг тахин шүтэх болов оо?

Тэмүүжин 1189 онд Хамаг Монголын нэгдлийг сэргээж төрийн чамбай бүрдлийг бий болгосон. Ингэснээр Монгол нутаг дээр оршин тогтнож байсан 81 монгол ханлиг аймгийг нэгтгэж Их Монгол Улс байгуулах урьдач нөхцөлийг бүрдүүлсэн байдаг. Монголын тусгаар тогтнол эндээс эхтэй юм.

-Биднийг бага байхад улсын баяр наадам Яармагийн дэнж дээр болдог байсан. Ёстой дэнж хотойтол наадлаа гэж хуучилдаг байсан даа. Харин Та Улсын баяр наадмын комиссын даргаар ажиллаж байхдаа Хүй долоо худаг руу шилжүүлэх шийдвэр гаргасан. Энэ шийдвэр ямар нэг түүхтэй холбоотой юу?

Миний бие Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргаар 12 жил ажилласан юм. Монголын тусгаар тогтнолын түүхэнд мэргэн харвадаг, хүч бяртай цэрэг эрс, тэднийг хүссэн газарт хүргэх шандаст хүлэг морьд гол үүрэг гүйцэтгэж байсан. Тухайлбал, эрийн гурван наадам бол'Монгол түмний цэнгэлийн манлай, Монгол Улсын тусгаар тогтнолын бахархал, бэлгэдэл гэж боддог. Иймд Монгол Улс үндэсний их баяр наадмаа тусгайлсан хуулиар нарийвчлан зохицуулсан байдаг.

Улаанбаатар хотын даргаар долоон жил ажиллаж байсан.

Арван зургадугаар зууны үеэс 1922 он хүртэл Хүй долоон худагт Долоон хошуу даншиг наадам хийж байсан түүхтэй. 1923 оноос тэр үеийн Ардын Засаг Яармагийн дэнжид шилжүүлэх шийдвэр гаргасан байдаг. Би 2003 онд буюу 100 жилий дараа Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг Хүй долоон худагт хийх шийдвэрийг гаргаж байсан юм.

Хүй долоон худагт Дундад зууны үеийн сарнин бутарсан халхын аймгууд нийлж эрийн гурван наадмаа хийж, эвлэлдэн нэгдэж тусгаар тогтнолын төлөө эв зүйгээ олж байсан түүхтэй нутаг юм билээ. Ер нь үндэсний их баяр наадмыг хойч үедээ уламжлан үлдээх нь тусгаар тогтнолын дархлааг бэхжүүлэх чухал ач холбогдолтой.

-Морин жилийн сүүлийг атгаж тантай ярилцаж байна. Дэлхий дахинаа Монголын гэх тодотголыг улам тодруулахын тулд Та монгол морийг дэлхийн дээд амжилтын Гиннес номд бүртгүүлсэн шүү дээ. Морьтойгоо байж бидний өвөг дээдэс тусгаар тогтнолоо хамгаалж ирсэн түүх бий. Гиннест бүртгүүлэх санаа анх яаж төрөв?

Ер нь монголчуудын өнгөрсөн зуунуудын ялалт, амжилт бол монгол хүн, монгол морь хоёр ээнэгшин дассан байдал, хурдтай холбоотой. Миний хобби бол морин эрдэнэ. Иймээс Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Тэртээ 1263 онд Хубилай хаан төрийн тогтолцоондоо дэлхийд анх удаа Адууны яам байгуулсан түүхтэй.

Энэ түүхийн 750 жилийн ойг Дэлхийн адууны баяр болгон тэмдэглэж, хамгийн олон морьтоны жагсаал, нэгэн зэрэг хамгийн олон морь уралдуулж дэлхийн дээд амжилт тогтоох санаачилга гаргасан.

Бид анх 3000 морь уралдуулах,10000 морьтон жагсаахаар төлөвлөсөн боловч эх орны минь өнцөг булан бүрээс алдрай бяцхан жаал, ахмад настан, малчид, төрийн сайд хүртэл бүх хүмүүс идэвхтэй оролцож, 4249 морийг нэгэн зэрэг уралдуулж, 11125 морьтоны их жагсаалыг зохион байгуулснаар дэлхийн дээд амжилтыг монголчууд эзэмшиж байна. Цаашид бидний энэ амжилтыг амархан эвдэхгүй биз ээ.

Ер нь монголчууд эв нэгдэлтэй, нэг зүгт харж ажиллаж чадвал хийж бүтээж болно гэдгийг энэ хоёр үйл явдал баталсан. Эцэст нь Хубилай хаан Адууны яам байгуулсан нь адуу эдлэх соёл төрийн бодлогын анхааралд байсны нотолгоо юм. Нөгөө талаар манай улс тусгаар тогтнолоо олж авахад морины гүйцэтгэсэн үүрэг үнэлж баршгүй юм. 13 дугаар зууны үеийн Адууны яамыг одоогоор бол Зам тээврийн яам, Батлан хамгаалах яамны техник хэрэгсэл хариуцсан нэгжтэй адилтгаж болох ч юмуу гэж.боддог.

-Ярилцсанд баярлалаа.